Хөгжлийн төмөр зам Дорноговиос эхэллээ
2011.04.25

Хөгжлийн төмөр зам Дорноговиос эхэллээ

Дорноговь аймгийн Сайншанд хотоос зүүн тийш хөдөлж 10 гаруй километрийн зайд орших "Хар тойром" гэдэг газарт ирлээ. Энд зам, барилгын ажлын аварга том техникүүд дурайн зогсож, цэргийн үлгэр жишээ, үлээвэр найрал хөгжмийн бие бүрэлдэхүүн сүр жавхлант ая эгшиглүүлнэ. Цаг агаар бага зэрэг сэрүү татаж, Дорнын говийн жихүүн салхи сэвэлзэх аж. Бидний хэдэн сэтгүүлчдийг ийн хүлээх зуур удсан ч үгүй албаны хүмүүс ирлээ. ЗТБХБ-ын сайд Х.Баттулга, дэд сайд АГансүх, "Монголын төмөр зам" ТӨХК-ийн захирал Б.Батзаяа, "Улаанбаатар төмөр зам" хувь нийлүүлсэн нийгэмлэгийн нэгдүгээр орлогч дарга И.АДомборовский, Дорноговь аймгийн Засаг дарга П.Ганхуяг, УИХ-ын гишүүн Я.Батсуурь тэргүүтэй төлөөлөгчид хүрэлцэн ирж, Монголын түүхнээ том үсгээр бичигдэх үйл явдлын нээлтийг хийсэн юм. Энэ бол шинэ төмөр замын бүтээн байгуулалтын их ажлын албан ёсны нээлт, шав тавих ёслол байлаа.

 

"Дорнын говиос Монгол эхэлнэ" гэж дорноговьчууд дуулдаг юм билээ. Тэгвэл энэ үг өнгөрсөн баасан гарагт биеллээ олж, Дорнын говиос хөгжил эхэллээ. Зам дагаж хөгжил ирдэг жамтай. Тэр ёсоор 70 жилийн өмнө Дорнын говийг хөндлөн гулд баригдсан анхны төмөр зам энэ нутгийн хөгжилд их зүйлийг авчирсан гэдэг. Харин хоёр дахь удаагийн төмөр замын их бүтээн байгуулалт Дорнын говиос эхэлж байгаад нутгийн зон олон нь ихэд бэлэгшээж байлаа. Энэ зам УИХ-аас баталсан хөтөлбөрийн дагуу ойрын жилүүдэд Монгол Улсад шинээр 5000 гаруй километр төмөр зам барихаар болсон. Энэ хүрээнд эхний ээлжид Таван толгойн орд газраас эхлүүлэн Сайншанд, Чойбалсангийн чиглэлд 1100 гаруй километр төмөр зам барихаар төлөвлөсөн. Шинэ төмөр замын суурь бүтцийн тусгай зөвшөөрлийг Монголын төрийн өмчит "Монголын төмөр зам" ХК эзэмшиж буй. Эл компанийн шалгаруулалтын дагуу эхний ээлжид баригдах төмөр замын бүтээн байгуулалтын бодит ажлыг "УБТЗ" хувь нийлүүлсэн нийгэмлэг болон Дорноговь аймгийн "Еast railway" компаниуд авчээ. Ёслолын ажиллагааны үеэр дээрх компаниудад ажил үүргээ гүйцэтгэх албан ёсны зөвшөөрлийг нь мөн гардуулсан.Шинэ төмөр замыг Дорноговь аймаг дахь эхлэл цэгээс хоёр тийш зэрэг тавьж эхлэх юм байна. Өөрөөр хэлбэл, өмнө болон хойд зүгийг чиглэсэн төмөр замын их бүтээн байгуулалт энэ өдрөөс эхэлж байгаа аж.

Өмнө зүгт буюу Дорноговь аймгаас Таван толгой хүртэлх чиглэлийн төмөр замыг "Еаst railway" компани хариуцах юм байна. Харин хойд зүгт буюу Чойбалсан хүртэлх төмөр замын бүтээн байгуулалтыг "УБТЗ" ТӨХК-ийнхан гүйцэтгэхээр шалгарчээ. Шав тавих ёслол Гандан тэгчлэн хийдийн лам нарын ерөөлийн номтой хамт өндөрлөсний дараа албаны хүмүүс тууз хайчилж замын ажлыг шууд эхлүүлсэн юм. "Монголын төмөр зам"ТӨХК, 'Улаанбаатар төмөр зам" ХНН болон "Еаst railway" компанийн ажилтнууд, машин техникийн хамт ажилдаа гарахад бэлэн болжээ. Тууз хайчилсны дараа хүчит техникүүд шууд ажилдаа орж, шинэ төмөр замын суурийн шороог тэгшилсэн. Ийнхүү хөгжлийн төмөр замын бүтээн байгуулалт Дорнын говиос албан ёсоор эхэллээ. Бодит ажил эхэлснээс хойш нийт 1100 орчим километр төмөр замыг 2.5-3 жилийн хугацаанд    гүйцэтгэхээр салбарын яамнаас төлөвлөж буй. Энэхүү төлөвлөгөөний дагуу шинэ төмөр замын ажил шуурхай, чанартай явагдана гэдэгт итгэж байгаагаа салбарын сайд Х.Баттулга энэ үеэр илэрхийлсэн.

ЗТБХБ-ын сайд Х.Баттулга:
Мэдээж бүх ажил дардан зам шиг байхгүй, гэхдээ бид чадах ёстой
-Шинэ төмөр замын ажил бодитойгоор эхэллээ. Цаа-шид бүтээн байгуулалтын ажил хэр эрчимтэй өрнөх бол?

-Төмөр замын трассыг баталснаас хойш нэлээд хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд манай яам болон яамны харьяа байгууллагууд геологи, гидро-геологийн ажлуудыг хийсэн. Ингээд өнөөдрөөс эхлэн Сайншандаас хоёр тийш төмөр замын барилгын ажлыг эхлүүлж байна. Хэдийгээр ажил бодитойгоор эхэлж байгаа ч гэсэн бичиг цаасны ажил болон хөрөнгө мөнгөтэй холбоотой асуудал нэлээд бий. Энэ бүхнийг дэс дараатайгаар шийдээд явна. Өнөөдрийг ямар ч байсан түүхэн өдөр гэж тэмдэглэх хэрэгтэй. Энэ үйл явцыг цааш үргэлжлүүлж, бүтээн байгуулалтаа дуусгана гэж бодож байгаа. Мэдээж, бүх ажил дардан замаар бүтчихгүй. Хүндрэлтэй нөхцөлүүд нэлээд тулгарах байх. Ямар ч байсан давж туулаад, гүйцээчих байх гэж бодож байна.

-Тусгай зөвшөөрлийг хоёр компанид олгосон юм байна, Энэ ямар шалгаруулалтаар, хэрхэн явагдсан бэ?

-Тусгай зөвшөөрөл өгдөг дүрэм журам бий. Энэ журмын дагуу хэчнээн ажилчинтай, ажлын туршлага зэргийг нь
харгалзаж шалгаруулсан. Төмөр замын ажил гэдэг нэлээд хүнд нүсэр ажил учраас цаашид ч олон компанид тусгай зөвшөөрөл өгөх байх.

"Монголын төмөрзам" ТӨХК-ийн захиралБ.Батзаяа:
Техник, эдийн засгийн нарийвчилсан үнэлгээ удахгүй гарна
-Томор замын бүтээн байгуулалтын ажил албан ёсоор эхэлж байна. Ажил яг ямар зарчмаар үргэлжлэх вэ, нарийвчилсан төлөвлөгөө байгаа юу?

-Газар шороо болон нарийвчилсан трассын ажил хийгдэж байна. Одоо ажил эхэлж байгаа энэ газар бол нарийвчилсан трасс хийгдсэн, геодези, геологийн шинжилгээнд орсон байгаа. Ажлуудыг үе шаттайгаар эхэлнэ. Эхний ээлжид төмөр замын доод бүтцийг барих, далан босгох ажил шууд эхэлнэ гэж ойлгох хэрэгтэй.

-Хөрөнгө мөнгөний асуудал хэрхэн шийдэгдэж байгаа вэ, хэчнээн төгрөгийн санхүүжилт хэрэгтэй байгаа бол?

-Техник, эдийн засгийн үндэслэлийг хийхээр "Маккензи" компани ажилдаа орсон.Техник, эдийн засгийн нарийвчилсан үнэлгээ тун удахгүй гарна. Тэр үед хөрөнгө мөнгөний асуудал илүү тодорхой болно.

-Ажиллах хүчээ хэрхэн зохион байгуулж байгаа вэ?

-Одоогоор байгаа хоёр компанид зөвхөн монгол ажилчид ажиллаж байгаа. Цаашид ажиллах хүчийг нэмэгдүүлэх, болов-сон хүчнийг бэлтгэх асуудлаар тодорхой ажил төлөвлөж байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.