Дорноговиос бүтээн байгуулалт эхэллээ
Дорноговьчууд азтай, одтой байна. Далан жилийн дараах их бүтээн байгуулалт Сайншанд, Чойбалсан, Даланзадгад чиглэлийн 1100 км төмөр зам Дорноговь аймгаас эхэлж байна. Наран ургах дорнын говь анхны борооноор өнгөө зассан, хүн зоны сэтгэлд их бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх хүсэл зориг, итгэл найдвар дүүрэн энэ сарын 22-ны өдөр Сайншандаас арав гаруй километр, хэвтээ тэнхлэгийн төмөр замын 0 цэг “Хар тойром” гэх газар “Хөгжлийн төмөр зам”-ын их ажил ундарлаа.
Шинэ төмөр замын шав тавьж, аравнайлах ёслолд Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайд Х.Баттулга, дэд сайд А.Гансүх, УИХ-ын гишүүн Я.Батсуурь, ЗТБХБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, Ж.Бат-Эрдэнэ, "Монголын төмөр зам" ТӨХК-ийн захирал Б.Батзаяа, Улаанбаатар төмөр замын ХНН-ийн нэгдүгээр орлогч дарга А.И.Домбровский, Дорноговь аймгийн Засаг дарга П.Ганхуяг, бусад албаны хүмүүс оролцсон юм. Баяр бахдал, хариуцлага дагуулсан нөр их ажлыг эхлүүлэх торгон мөчийг хуваалцахаар Хөгжлийн төмөр замын анхны шанг татах “Дорнын төмөр зам", “Улаанбаатар төмөр зам” ТӨХК-ийн удирдлага, ажилтнууд, аймгийн МСҮТ-ийн замын ангийн оюутнууд болон сайншандчууд хүрэлцэн ирсэн байв. Их бүтээн байгуулалтын салхийг хагалж буй тэдний сэтгэгдлээс хуваалцсанаа хүргэе.
“Монголын төмөр зам” ТӨХК-ийн Замын IV ангийн 12 дугаар хэлтсийн ажилтан Б.Бат-Эрдэнэ:
Их бүтээн байгуулалт Сайншандаас эхэлж байгаад маш их баяртай байна. Шинэ төмөр зам дорноговьчууд төдийгүй улс орны хөгжилд шинэ дэвшил авчрах нь гарцаагүй. Би төмөр замын салбарт 14 жил ажиллаж байна. Энэ хугацаанд Замын-Үүдэд дөрвөн зөрлөг шинээр барих ажилд гар бие оролцож байлаа. Зам дагаж хөгжил гэдэг. Шинэ төмөр зам баригдсанаар Дорноговьд ажлын байр нэмэгдэж, ард иргэдийн амьдрал дээшилнэ.
Дорноговь аймгийн Төмөр замын МСҮТ-ийн Замын ангийн оюутан Н.Анхбаяр:
Чухал цаг үед, чухал мэргэжлээр суралцаж байгаа нь азтай хэрэг гэж боддог. Би МСҮТ-ийг төгсөөд шинэ төмөр замын бүтээн байгуулалтад оролцож, ажлын байртай болно. Энэ бол том боломж юм. Залуу хүний хувьд түүхэнд том үсгээр тэмдэглэгдэн үлдэх ажилд оролцож байгаадаа баяртай байна.
“Дорнын төмөр зам” компанийн ажилтан Ч.Даваадорж:
Их бүтээн байгуулалтын ажлыг манай компани эхлүүлэхээр шалгарсанд баяртай байна. Би “Дорнын төмөр зам” компанид дөрөв дэх жилдээ ажиллаж байгаа. Ирээдүйд үр хүүхэддээ бахархан дурсах сайхан үйл явдлын гэрч боллоо гэж бодож байна. Үүний цаана олон хүний хөдөлмөр зүтгэл, зохион байгуулалтын ажил ундарч байгаа шүү дээ.
Газраа хагалж, далангаа босгон ажлаа эхлүүлж буй хүмүүсийн сэтгэгдэл өндөр байна. Дорнын говийг Тавантолгойтой холбосон төмөр замын ач холбогдлын талаар салбарын сайд Х.Баттулга үг хэлсэн юм. Тэрбээр "Засгийн газраас “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-ын эхний үе шатанд хэрэгжүүлэх төмөр замын суурь бүтэц барих ажил амжилттай эхэллээ. 1900 км урт Монголын төмөр зам эдийн засгийн гол бүс нутгийг холбосон нийт ачаа эргэлтийн 90 орчим хувь, зорчигч эргэлтийн 40 гаруй хувийг гүйцэтгэх хүчин чадал бүхий салбар болтлоо хөгжжээ. Төмөр замын салбарын хоёр дахь бүтээн байгуулалтын ажлыг 2.5 жилд багтаан дуусгахаар төлөвлөсөн. Ингэснээр гадаад худалдаа, эдийн засгийн шинэ гарц нээгдэж, ашигт малтмалын томоохон орд газруудыг ашиглах, бүтээгдэхүүнийг тээвэрлэх, экспортлох нөхцөл боломж бүрдэнэ. Үүнээс гадна хүн амын суурьшил, хот байгуулалт, байгаль орчныг хамгаалах асуудлыг цогцоор нь шийдэх боломж бүрдэнэ. Салбарын үсрэнгүй хөгжил, ирээдүйг тодорхойлох хариуцлагатай цаг үед тулж ирээд байна. Төмөр замын суурь бүтэц барих ажлыг цаг хугацаанд нь чанартай гүйцэтгэж, төлөвлөсөн хугацаанд хүлээлгэн өгнө гэдэгт итгэж байна” гэв.
Монгол Улсын Засгийн газраас “Улаанбаатар төмөр зам” Хувь нийлүүлсэн нийгэмлэг, “Дорнын төмөр зам” ХХК төмөр зам барих тусгай зөвшөөрөл олгосон тухай шав тавих ёслолын үеэр дуулгаж, компаниудын удирдлагуудад гэрчилгээг нь гардуулан өглөө. Тавантолгойг холбосон 1100 км төмөр замын ажлыг хэн гүйцэтгэх, хөрөнгө оруулалтыг хэрхэн шийдэх вэ зэрэг асуултын хариултууд ийнхүү эхнээсээ гарч байна. Эхний ээлжинд Сайншандаас Баруун-Урт руу чиглэсэн 100 км замыг “Улаанбаатар төмөр зам” ХНН, харин Сайншандаас Тавантолгой руу чиглэсэн 100 км төмөр замыг “Дорнын төмөр зам” ХХК тавихаар тендерт шалгарч, ажилдаа шуурхайлан орж байгаа нь энэ. Төмөр зам барина гэдэг хүн хүч, хөрөнгө мөнгө шаарддаг ажил учир цаашид хэдэн арван компанид дээрх тусгай зөвшөөрлийг олгох аж. Түүнчлэн хэн бүхний анхаарлыг татаж буй Хөгжлийн төмөр зам барих хөрөнгийн эс үүсвэрийг талаар сайд Х.Баттулга “Төмөр зам барих ажилд зарцуулах хөрөнгийн судалгааг Америкийн компани хийж байгаа. Хөрөнгийн эх үүсвэртэй холбоотой баримт бичгүүд ирэх сарын сүүл, зургадугаар сарын эхэнд бэлэн болно. Одоо ажлаа эхэлж буй компаниудын хувьд эхний ээлжинд хөрөнгөө өөрсдөө гаргаж байна” гэсэн юм.
Хөгжлийн төмөр зам барихад боловсон хүчин хамгаас чухал. Дорноговьчууд төмөр замын ангийн мэргэжилтэй ажилтан бэлтгэх МСҮТ-ийг энэ онд байгуулжээ. Тус МСҮТ-д 90 гаруй оюутан өртөөний жижүүр, найруулагч, засварчин, замчин мэргэжлээр суралцаж байгаа бол цаашид туслах машинч, төмөр замын дохиолол холбооны монитор мэргэжлээр 500 гаруй оюутан суралцуулах боломжтой юм байна. 1100 км шинэ төмөр замын 300 гаруй км нь Дорноговь аймгийн нутгаар дайран өнгөрч буй. Аж үйлдвэрийн цогцолбор болох зорилт тавьж буй тус аймагт шинэ төмөр зам ямар үр өгөөж өгөх талаар аймгийн Засаг дарга Д.Ганхуягаас тодруулахад “Монгол Улсын газрын доорх баялгийг эцсийн бүтээгдэхүүн болгон боловсруулж, худалдах аж үйлдвэрийн цогцолбор нь Сайншанд болох юм. Үүний баталгаажуулах эхлэл шинээр баригдах төмөр зам. Эхний ээлжийн 1100 км төмөр зам ашиглалтад ороход 1000 хүний ажлын байр бий болно. Үүнийг дагаад уурхайнууд ашиглалтад орж, түүхий эдийг энэхүү төмөр замаар тээвэрлэж, Сайншандад боловсруулахад 20-30 мянгаар тоологдох ажлын байр нэмэгдэнэ гэсэн үг” гэх гэлээ.
Ийнхүү Дорноговь аймгийн Сайншанд хотоос төмөр замын салбарын бүтээн байгуулалтын хоёр дахь давалгаа эхэллээ. Шав тавих ёслол болсон “Хар тойром” гэх газарт түрэгч трактор тоос татуулан газраа хагалж, хүнд машин механикмын нүргээн цуурайтаж байв.
Судалгаа, хөрөнгө мөнгө, бичиг цаас, гэрээ хэлэлцээрийн шатанд удтал хүлээлгэсэн “Хөгжлийн төмөр зам” замдаа гарлаа”. Бариандаа цагтаа ирэх болтугай.