2018.07.31

УИХ-ын дарга М.Энхболд Үндсэн хууль зөрчиж байна гэв

60 тэрбумын асуудлаар нээлттэй сонсгол явуулж, АТГ-ын даргыг чөлөөлөх ёстой гэж үзсэн Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй гишүүд УИХ-ын даргад хандаад 20 хонож байна. Хуулиндаа 14 хоногийн дотор УИХ-ын дарга ээлжит бус чуулган зарлах эсэх талаар захирамж гаргах ёстой. Гэтэл өнөөдрийг хүртэл УИХ-ын дарга ямар нэгэн захирамж гаргаагүй байгаа нь Үндсэн хууль зөрчиж байна гэж зарим гишүүд үзэж байна. 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Энхжаргал гэдэг хүн сайн эсвэл муу ажилласан уу гэдгийг ард түмэн харж байгаа. Би тааруухан ажилласан гэж хардаг. 07 тоот тогтоолыг хүчингүй болгуулахаар ээлжит бус чуулганыг зарлах хэрэгтэй. 60 гэдэг чинь 100 тэрбум ч байж магадгүй. Бид мэдэхгүй шүү дээ. Эрүүгийн хэрэг мөн үү биш үү гэдгийг хууль хяналтын байгууллага тогтоох ёстой. Хуулиа л дагах ёстой. 

УИХ-ын гишүүн Л.Болд: 25-наас хойш Үндсэн хуулийн зөрчил эхлээд 3, 4 хонолоо. Үндсэн хууль зөрчих нь ноцтой асуудал учраас ээлжит бус чуулган энэ долоо хоногт хуралдах байх гэж хүлээж байна.