Л.Болд: Амьд хүн дипломат ачаа байж таарахгүй
2018.07.31

Л.Болд: Амьд хүн дипломат ачаа байж таарахгүй

Өнгөрсөн баасан гарагт Турк улсын иргэн Вейсел Акчайг хулгайлах гэсэн оролдлоготой холбогдуулан УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны дарга Л.Болд "Чингис хаан" олон улсын нисэх буудалд очиж, ажилласан. Энэ талаар УИХ-ын гишүүн Л.Болдтой уулзан, зарим зүйлийг тодрууллаа.

-Турк улсын иргэн Вейсел Акчайг хулгайлахыг завдсан хэрэг өнгөрсөн баасан гарагт гарлаа. Мөн тус өдөр Монглод Туркийн иргэний тээврийн онгоц ирсэн нь Вейсел Акчайг авч явах гэж байна гэсэн хардлага төрүүлсэн. Та "Чингис хаан" онгоцны буудал дээр ажилласан. Нөхцөл байдал яг ямар байсан талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Монгол Улсад гэгээн цагаан өдөр хүн хулгацлах, хэн, ямар үндэслэлээр гэдэг нь ойлгомжгүйгээр хүний эрх чөлөөнд халдах нь байж боломгүй зүйл юм.

Баасан гарагт турк багштай холбоотой асуудал дээр олон нийт, хэвлэл мэдээлэл, сошиал орчин цаашлаад Монголын ардчилсан нийгмийн тоголцоо маш шуурхай ажиллалаа. УИХ-ын Хүний эрхийн дэд хороонд энэ талаар маш олон асуулт, шаардлага ирсэн. Тиймээс би газар дээр нь очих ёстой гэж шийдсэн. Тэгэхгүйгээр хэн нэгэн албаны хүнээс утсаар асууж, тайлбар авах б айдлаар асуудалд хандаж болохгүй. "Чингис хаан" олон улсын нисэх буудал дээр өөрийн биеэр очиж танилцсан. 

-"Чингис хаан" олон улсын нисэх онгоцны буудалд газардсан Туркийн онгоц яг ямар учиртай онгоц байсан юм бэ?

-Тэр бол Туркийн Ерөнхийлөгчийн Тамгын газарт бүртгэлтэй, дипломат шугамаар дамжин өнгөрөх хүсэлтэй, дипломат паспорттай нисгэгч экипажтай онгоц байсан. Мөн экипажийн багаас гадна дөрвөн хүн тэр онгоцонд байсан. Гэхдээ тэд хэн гэдэг, ямар учиртай хүмүүс болохоо МонголУлсад бүртгүүлэх, паспортаа үзүүлж хуулийн дагуу орж, гарах үйл явц хийгдээгүй байсан. Шалгаж үзэх гэхээр эсэргүүцсэн юм билээ.

-Тус онгоцоор дипломат шуудан хүргэж ирсэн гэсэн мэдээлэл гарч байсан. Энэ хэр үндэслэлтэй юм бол?

-Амьд хүн дипломат ачаа байх ёсгүй. Тиймээс энэ асуудалд Монголын төр хатуу хяналт тавих ёстой юм. Хилийн цэргийн байгууллагаас "Гэнэгт дипломат онгоц учраас бид явуулах ёстой. Нисэхэд нь саад учруулж болохгүй" гэсэн. Тиймдээ ч тус онгоцыг хөөрүүлсэн. Бид ИНЕГ болон Зам тээврийн яамны албаны хүмүүст "Ачаа бол дипломат шугамаар орж гарч болох байх. харин амьд хүнийг ачаа мэтээр яв"уулж болохгүй" гэдэг шаардлага тавьсан. Ээлжит бус чуулган эхлэхээр УИХ-ын Хүний эрхийн дэд хороо, Хууль зүйн байнгын хороогоор энэ асуудлыг ярина. Бүх зүйлийг тодорхой болгох ёстой. Засгийн газар ч маш шуурхай арга хэмжээ авч ийм эргэлзээтэй үед уг онгоцыг нисгэхгүй байх арга хэмжээг тухайн үед авсан. 

-Үнэхээр тэр онгоц Туркийн иргэн Вейсел Акчайг авч явах зорилготой байсан гэж үү?

-Ямөр ч байсан транзит хийсэн онгоц буугаад явсан. "Ачаа авна" гэж хэлсэн. Гэхдээ тэр ачаа нь амьд хүн байж болохгүй. Тиймээс тэр онгоц ирсэн шалтгаан болон, Туркийн иргэнийг хулгайлах гэж оролдсон асуудлыг тодорхой болгох ёстой юм. Хүний эрхэнд халдаж, долоо, найман цагийн турш ойлгомжгүй байдлаар авч давхина гэдэг зайлшгүй шалгах ёстой, ноцтой асуудал. Бид 1990 онд ардчилсан хувьсгал хийж, ийм байдлыг л зогсоосон. Тиймээс Монголдхэзээ ч дахин ийм зүйл бий болгож таарахгүй. 

-Туркийн ЭСЯ-ны зүгээс Турк улс энэ асуудалд холбоогүй гэдгээ илэрхийлсэн байсан. 

-Тэгсэн. Туркийн Элчин сайд тэр өдөр надтай утсаар холбогдсон. "Турк Улс Монголын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдалд халдаагүй. Ямар нэгэн байдлаар хууль бус үйл ажиллагааг Монголын газар нутаг дээр зохион байгуулаагүй" гэсэн. Тиймээс үүнийг УИХ албан ёсоор тодруулах ёстой. Хаана ямар шийдвэр  гаргаж, хэний оролцоотойгоор Монгол Улс дэлхий нийтийн өмнө ийм нөхцөл байдалд оров гэдэг нь өөрөө том асуудал үүсгэж байна.

-Хууль, хүчний байгууллагын зүгээс "Хэргийг шалгаж байна" гэдгээс өөр тайлбар өгөхгүй байна. Энэ асуудлыг хэрхэн тодорхой болгох ёстой юм бол?

-Хүчний байгууллага мөрдөн шалгаж байгаа хэргийн хүрээнд нууцлах асуудал бий байх. Гэхдээ мэдээлэл өгөх ёстой газар нь парламент. Тиймээс УИХ ээлжит бусаар хуралдахдаа энэ талаар маш тодорхой сонсгол мэдээллийг хийж, тодорхой болгох ёстой. 

-Ээлжит бус чуулган хэзээ хуралдах вэ? УИХ-ын даргын зүгээс ээлжит бус чуулганыг зарлахгүй байна?

-Хуулийн хугацаагаар бол энэ сарын 25 гэхэд УИХ-ын дарга ээлжит бус чуулганыг зарлах ёстой. Гэтэл зарласангүй. Ингэснээр Үндсэн хуулийн зөрчил үүсээд нэлээн хэд хоночихлоо. Үндсэн хуулийн зөрчил үүснэ гэдэг ноцтой асуудал. Тиймээс энэ долоо хоногт ээлжит бус чуулган хуралдах байх гэж хүлээж байна.