#HeForShe: Хүчирхийлэлгүй, айдасгүй нийгмийн төлөө
Жендэрийн тэгш байдлын төлөөх “HeForShe” буюу “Тэр Эмэгтэйн Төлөө” аяны нээлт өчигдөр Төрийн ордонд боллоо. Тус хөдөлгөөн нь хүйсийн эрх тэгш байдлыг хангахад дэлхий нийтээрээ нэгдэн оролцож буй эв нэгдлийн хөдөлгөөн юм.
Хөдөлгөөний гол ач холбогдол нь хүйсийн бүх бүлгийн хүмүүс бүгд тэгш байдлыг хүртэх арга замыг олох, санал бодлоо нээлттэй илэрхийлж, шинэлэг аргыг ашиглах юм.
Жендэрт суурилсан хүчирхийллийн үндэсний хэмжээний судалгаагаар, гэрлэж байсан болон гэрлэсэн эмэгтэйчүүдийн 57.9 хувь нь хүчирхийллийн нэг болон түүнээс дээш хэлбэрт, 31.2 хувь нь бие махбодийн болон бэлгийн хүчирхийлэлд өртсөн байна. Мөн гурван эмэгтэй тутмын бараг хоёр нь ойр дотно хамтрагчийнхаа үйлдсэн бэлгийн, бие махбодийн болон сэтгэл санааны аль нэг хүчирхийлэлд өртсөн байдаг.
“Тэр Эмэгтэйн Төлөө” хөдөлгөөнийг Монголд хэрэгжүүлэх санаачилгыг УИХ-ын гишүүн А.Ундраа гаргажээ. Тэрбээр:
“Жендэр гэх үг зөвхөн эмэгтэйчүүдийн эрхийн тухай юм шиг ойлголт манай улсад байдаг. Энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд эмэгтэйчүүд дангаараа тэмцээд үр дүнд хүрэхгүй. Тиймээс эрэгтэйчүүд ч мөн дуу хоолой сонсгож, тэмцэж, уриалах нь зөв юм. Өөрөөр хэлбэл жендэр гэдэг хүн бүрт тулгардаг бөгөөд оролцоонд тулгуурлан гарч ирдэг. Тиймээс нийгмээрээ өөр өөрийн нөөц бололцоогоо ашиглан, бие биедээ хаалт, хязгаарыг бий болгодоггүй, эрх тэгш, нээлттэй хандлагыг бий болгохын тулд хамтын шийдэл хэрэгтэй.
Цаашид боловсрол, эрүүл мэнд, эдийн засаг зэрэг олон талт салбарт нийгмээрээ шийдэл хайх болно. Эрүүл нийгэм бүтээж, хүчирхийлэлгүй, айдасгүй, эрэгтэй эмэгтэй хүмүүс бие биедээ хүндэтгэлтэй ханддаг хөгжилд чиглэсэн өөрчлөлт гаргахын төлөө аянаа тогтвортой үргэлжлүүлэх болно” хэмээв.
НҮБ-ын Эмэгтэйчүүдийн байгууллагын тэргүүн Элизабет Няамаяаро болон жүжигчин Эмма Ватсоны эхлүүлсэн тус хөдөлгөөнд 2014 онд 500 сая орчин хүн нэгдсэн байсан бол өнөөдрийн байдлаар тэрбум гаруй хүн нэгдээд байгаа юм.
Дэлхийн эдийн засгийн форумаас гаргасан 2017 оны Дэлхийн Жендэрийн тэгш бус байдлын индексээр манай улс 53-р байрт жагсаж байна. Түүнчлэн эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоо маш бага буюу дэлхийн улс орнуудаас 107-р байрт оржээ.
Орон нутгийн иргэдийн хурлын төлөөлөгчдийн 26.7 хувь, иргэдийн хурлын дарга нарын 13.8 хувь, Улсын их хурлын гишүүдийн 17.1 хувь нь эмэгтэйчүүд байна. Мөн хоёр эмэгтэй сайд, таван эмэгтэй дэд сайд ажиллаж байгаа бөгөөд аймаг, дүүрэг нарын үасаг дарга нар болон яамдын төрийн нарийн бичиг дарга нарын дунд нэг ч эмэгтэй ажиллаагүй байгаа юм.
Мөн хувийн хэвшлийн салбарт удирдах түвшний менежерүүдийн 15 хувь нь л эмэгтэй байна.