"Амь насаа алдсан хүүхдүүд, иргэдийн гэр бүлд гүн эмгэнэл илэрхийлж, уучлал хүсэж байна"
НИТХ-ын Тэргүүлэгчид хүүхдийн аюулгүй орчныг бүрдүүлэх асуудлаар хуралдаж байна. Хуралдааны үеэр холбогдох нийслэлийн бүх байгууллагуудын удирдлагуудад үүрэг чиглэл өгч, хариуцлага тооцох асуудлыг хэлэлцэж байгаа юм.
"152 ХОРООНЫ ХҮҮХДЭЭС ОРЧИН НЬ ХЭР АЮУЛГҮЙ ВЭ ГЭСЭН АСУУЛГА АВАХААР БЭЛТГЭЖ БАЙНА"
Хурлын эхэнд нийслэлийн цагдаа, мэргэжлийн хяналт, онцгой байдлын газраас энэ онд хийсэн хяналт шалгалт, урьдчилан сэргийлэх чиглэлээр хийж хэрэгжүүлсэн ажлаа танилцуулсан юм.
Үргэлжлүүлэн Нийслэлийн хүүхэд гэр бүл хөгжлийн газрын Хүүхэд хамгааллын хэлтсийн дарга 2018 оны эхны хагаст хүүхэд хамгааллын чиглэлээр хийгдсэн ажлын талаар мэдээлэл өглөө "Нийслэл хот 470 мянган хүүхэдтэй. Бид 152 хорооны хүүхдээс орчин нь хэр аюулгүй вэ гэсэн асуулга авахаар бэлтгэж байна. Мөн ЕБС-иуд хүүхэд хүлээж авахад бэлэн эсэх талаар асуулгыг мөн есдүгээр сард явуулахаар бэлтгэж байгаа.
Хүүхэд хүмүүжлийн эерэг аргыг хорооны хэсгийн ахлагч нараар дамжуулан эцэг, эхчүүдэд түгээж байна. Хэсгийн ахлагч нарыг гэр бүл дэх хүүхдийн хүчирхийллийг хэрхэн илрүүлэх талаар мэргэшүүлэх сургалтад хамруулсан.
Хүүхдийн тусламжийн утсанд ирэх дуудлага эрс нэмэгдсэн. Энэ оны эхний хагаст л гэхэд 2017 онд ирсэн нийт дуудлагатай тэнцүү тооны дуудлага ирсэн байна. Тусламжийн утасны дэргэд түр хамгаалах байр ажиллаж байгаа.
Хараа хяналтгүй хүүхдийг илрүүлэх, гэр бүлтэй нь холбоо тогтоох ажлыг эрчимжүүлсэн. Өмнө нь жилд нэг удаа арваннэгдүгээр сард хараа хяналтгүй хүүхдийг илрүүлэх ажлыг зохион байгуулдаг байсан бол энэ жил улирал тутам зохион байгуулж байна. Илрүүлсэн хүүхдүүдээ дүүргийн хүүхэд гэр бүлийн хэлтэстэй холбож өгөөд гэрээсээ дайжсан шалтгааныг нь тогтоох ажлыг явуулж байгаа.
Хоёроос дээш жил хараа хяналтгүй тэнэсэн нийгэм сэтгэлзүйн нэлээд тусламж шаардлагатай хүүхдүүдийг сургуульд хамруулах ажлыг хийсэн.
Ирэх оны төлөвлөлтөд урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах чиглэлээр ажлуудыг илүү тусгах хэрэгтэй байна гэж дүгнэж байгаа" гэв.
"ЭРЧИМ ХҮЧНИЙ САЙД, УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХИЙН ДАРНА НАР ХАРИУЦЛАГАА ЯРЬ"
Дээрх мэдээллийг хийсний дараа тэргүүлэгчид холбогдох албаныханаас асуулт асуулаа.
- Он гарсаар 38 хүүхэд эндэж, 800 гаруй хүүхэд гэмтэж бэртсэн байна. 13 настай хүүхэд буудалд, 10 настай хүүхэд дуртай спортоор хичээллэж байгаад, дэлгүүр рүү мөхөөлдөст явсан хүүхэд, дугуй унаад тоглож явсан охин гээд энэ улсын ирээдүй болсон хүүхдүүд эндээд байна. Энэ асуудалтай эвлэрч болохгүй. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөл гэж байхад хүүхдүүд яагаад эндээд байгаа юм. Цахим тоглоомын газруудыг цэгцлэхгүй юм уу.
Эрчим хүчний сайд, Улаанбаатар цахилгаан түгээхийн дарна нар хариуцлагаа ярь. Мэргэжлийн хяналтын дүгнэлт гарсан байна. Хэн ямар хариуцлага хүлээх юм. Одоо хэлээд өгөөч. Цаашид ийм асуудал гаргахгүйн тулд юу юу хийх юм холбогдох байгууллагууд нь хариул даа?
НЦГ:
- Өнөөдрийн байдлаар нийслэл хотод 256 цахим тоглоомын газар үйл ажиллагаа явуулж байгаа. НЦГ-аас эдгээр тоглоомын газруудад тогтмол хяналт шалгалт явуулж 60 газрыг хаалгаж, 33 газрыг хаалгах хүсэлтийг хүргүүлээд байгаа. Мөн зөрчлийн хуулийн дагуу 180 орчим иргэн, ААН-д 23 сая төгрөгийн торгууль ногдуулсан.
Нийслэлийн цагдаагийн байгууллагад хүүхэд алга болсон тухай дуудлага өдөрт 15 орчим ирдэг. Одоогийн байдлаар сураггүй алга болоод олдоогүй гэх тохиолдол байхгүй. Бүх хүүхдийг олсон. Гэхдээ энэ нийслэлийн хэмжээнд яригдаж байгаа гэдгийг хэлье. Оны эхний таван сарын байдлаар 1000 гаруй хүүхэд алга болсоноос 683 нь тухайн өдөртөө, 400 орчим нь 14 хоногтоо, хоёр нь нас барсан байдалтай олдсон.
НОБГ:
-Он гарснаас хойш ахуйн гал түймэрт өртөж дөрвөн хүүхэд нас барсан. Техникийн холбогдолтой осолд өртөж хоёр хүүхэд нас барсан. Гол осолдсон хүүхдийг хайхдаа дронн ашиглах саналыг эцэг эх нь гаргаж байсан. Гэхдээ орой болж, үзэгдэх орчин хязгаарлагдмал болсон учраас эрийг зогсоож, өглөө нь цогцсыг олсон.
Манай завьт эргүүл тогтмол ажиллаж байгаа. Завьт эргүүл амарч зугаалж байгаа иргэдэд хүүхэддээ хандуулах анхаарлаа сайжруулах чиглэлээр зөвлөмж өгч ажиллаж байгаа.
НМХГ:
- Мэргэжлийн хяналтын байгууллага урьдчилан сэргийлэх хяналтыг эрсдэл үүсч болзошгүй цэгүүдэд хийдэг. 2018 оны эхний улиралд бид албан байгууллагуудад хяналт шалгалт хийж, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлсэн. Энэ хүрээнд гуравдугаар сард УБЦТС компанид албан шаардлага хүргүүлсэн. Уг албан шаардлагын хугацаа 10 сард дуусна.
Гараад байгаа ослууд дээр мэргэжлийн хяналт холбогдох байгууллагууд дээр хамтарч ажиллаж байгаа.
Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ:
- Манайхаас төлбөр тооцоон асуудлаар цахилгаан эрчим хүчээр хангахгүй бол эрчим хүчийг тасалдаг. Одоогийн байдлаар Улаанбаатар хотын цахилгааны шугамын 40 хүрэхгүй хувь нь УБЦТС компанийн эзэмшилд байдаг. Хуулиараа эзэмшигч нь цахилгааны шугамын аюулгүй байдалд хяналт тавьж, засвар үйлчилгээ хийж явах үүрэгтэй.
Цахилгаан эрчим хүчийг хэрэглэх дүрэм гэж бий. Тус дүрэмд хэрэглэгч өөрөө хэрэглэж байгаа цахилгаан хэрэгсийнхээ аюулгүй байдлыг хангаж, мэргэжлийн хүнээр хянуулан ашиглалтын гэрээ хийх ёстой ч сүүлийн үед гэрээ хийгдэхгүй болсонтой холбоотойгоор ашиглалтын алдаа гарах болоод байна.
Үргэлжлүүн НИТХ-ын дарга С.Амарсайхан "Бид өнөөдөр энд жижүүрийн хариулт сонсож, дүр эсгэсэн тайлбар авах гэж цуглаагүй. Нийслэлд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлийн даргаас юу хийж байгааг нь асуумаар байна. Төрийн байгууллагуудын хэт задгай, бие биедээ найдсан байдлаас болж хүүхэд төдийгүй иргэд эрүүл мэнд амь насаараа хохирч байна. Бид нийслэлийн нэрийн өмнөөс амь насаа алдсан хүүхдүүд, иргэдийн гэр бүлд гүн эмгэнэл илэрхийлж, уучлал хүсч байна.
Цаашид энэ асуудлыг зүгээр яриад орхихгүй сар бүрийн 9-нийг аюулгүй байдлын өдөр болгох санаачлагыг гаргаж байна. Энэ өдөр бүх ААН, айл өрх аюулгүй байдлаа хангахад зарцуулахгүй бол энэ байдал арилахгүй" хэмээн ярилаа.
А.ТӨГӨЛДӨР