Сар бүрийн 9-нийг аюулгүй байдлын өдөр болгох санаачлага гаргалаа
НИТХ-ын Тэргүүлэгчид хүүхдийн аюулгүй орчныг бүрдүүлэх асуудлаар хуралдаж байна. Хуралдааны үеэр холбогдох нийслэлийн бүх байгууллагуудын удирдлагуудад үүрэг чиглэл өгч, хариуцлага тооцох асуудлыг хэлэлцлээ.
Өнөөдрийн хуралдаанд НИТХ-ын С.Амарсайхан, Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү, НИТХ-ын тэргүүлэгчид болон НЦГ, НОБГ, НМХГ, УБЦТС-ийн холбогдох албаны хүмүүс оролцлоо.
Хурлын эхэнд нийслэлийн цагдаа, мэргэжлийн хяналт, онцгой байдлын газраас энэ онд хийсэн хяналт шалгалт, урьдчилан сэргийлэх чиглэлээр хийж хэрэгжүүлсэн ажлаа танилцуулсан юм.
Үргэлжлүүлэн Нийслэлийн хүүхэд гэр бүл хөгжлийн газрын Хүүхэд хамгааллын хэлтсийн дарга 2018 оны эхны хагаст хүүхэд хамгааллын чиглэлээр хийгдсэн ажлын талаар мэдээлэл өглөө "Нийслэл хот 470 мянган хүүхэдтэй. Бид 152 хорооны хүүхдээс орчин нь хэр аюулгүй вэ гэсэн асуулга авахаар бэлтгэж байна. Мөн ЕБС-иуд хүүхэд хүлээж авахад бэлэн эсэх талаар асуулгыг мөн есдүгээр сард явуулахаар бэлтгэж байгаа.
Хүүхэд хүмүүжлийн эерэг аргыг хорооны хэсгийн ахлагч нараар дамжуулан эцэг, эхчүүдэд түгээж байна. Хэсгийн ахлагч нарыг гэр бүл дэх хүүхдийн хүчирхийллийг хэрхэн илрүүлэх талаар мэргэшүүлэх сургалтад хамруулсан.
Хүүхдийн тусламжийн утсанд ирэх дуудлага эрс нэмэгдсэн. Энэ оны эхний хагаст л гэхэд 2017 онд ирсэн нийт дуудлагатай тэнцүү тооны дуудлага ирсэн байна. Тусламжийн утасны дэргэд түр хамгаалах байр ажиллаж байгаа.
Үргэлжлүүн НИТХ-ын дарга "Бид өнөөдөр энд жижүүрийн хариулт сонсож, дүр эсгэсэн тайлбар авах гэж цуглаагүй. Нийслэлд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлийн даргаас юу хийж байгааг нь асуумаар байна. Төрийн байгууллагуудын хэт задгай, бие биедээ найдсан байдлаас болж хүүхэд төдийгүй иргэд эрүүл мэнд амь насаараа хохирч байна. Бид нийслэлийн нэрийн өмнөөс амь насаа алдсан хүүхдүүд, иргэдийн гэр бүлд гүн эмгэнэл илэрхийлж, уучлал хүсч байна.
Цаашид энэ асуудлыг зүгээр яриад орхихгүй сар бүрийн 9-нийг аюулгүй байдлын өдөр болгох санаачлагыг гаргаж байна. Энэ өдөр бүх ААН, айл өрх аюулгүй байдлаа хангахад зарцуулахгүй бол энэ байдал арилахгүй" хэмээлээ.