ОУ-ын хүүхдийн "Найрамдал төв"-ийг А.И.Филатовагийн нэрэмжит болголоо
НИТХ-ын Тэргүүлэгчид өнөөдөр хуралдаж долоон асуудал хэлэлцлээ. Хурлын эхэнд барилга байгууламж балансаас балансад шилжүүлэх тухай асуудлыг Нийслэлийн өмчийн харилцааны газрын дарга Ч.Однасан танилцуулав.
Нийслэлийн Баянгол дүүргийн 5 дугаар хорооны Дэшиг дун, 6 дугаар хорооны Мөнх-Үжин өрхийн эрүүл мэндийн төвүүд хуучин барилгадаа үйл ажиллагаа явуулахаа больсон тул балансдаа бүртгэлтэй барилга байгууламжаа шилжүүлэн өгөх хүсэлтээ Нийслэлийн өмчийн газарт хүргэсэн байна. Тус барилга нь 10 дугаар хорооллын 12-ын а,б байрны ард байрладаг хоёр давхар барилга бөгөөд дээрх хоёр өрхийн эмнэлэг давхар тус бүрээр нь эзэмшин үйл ажиллагаа явуулдаг байсан бөгөөд 2013 онд тус хороодод шинээр “Хороо, өрхийн эмнэлэг, цагдаагийн хэсгийн цогцолбор” ашиглалтад орсноор эрүүл мэндийн төвүүд нүүн орж өмнөх байр нь суларчээ. Энэхүү барилгын бүртгэлийн үнэ нь 168 648 032 төгрөг юм.
Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар шинэ цэцэрлэг барьж нийслэлийн Чингэлтэй дүүргийн 43 дугаар цэцэрлэгийн хуучин барилгыг нь актлах шийдвэр гарсан. Үүнтэй холбогдуулан хуучин барилгатай залгаа 2015 онд баригдсан, шилжүүлэн барих боломжтой 50 хүүхдийн нэмэлт бүлгийн барилгыг 174 дүгээр цэцэрлэг рүү нүүлгэн шилжүүлэх хүсэлтийг 43 дугаар цэцэрлэг Нийслэлийн өмчийн газарт гаргажээ. Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороонд байрлах энэхүү цэцэрлэгийн үнэ нь 124 000 000 төгрөг юм.
Мөн Багахангай дүүргийн Хот тохижилтын алба ОНӨААТҮГ-аас үйл ажиллагаандаа ашиглаж байгаа барилга байгууламжийг балансаас балансад шилжүүлэн авах хүсэлтийг Нийслэлийн өмчийн газарт хүргэжээ. Илч-Орд ОНӨААТҮГ-аас нийт 17 986 400 төгрөгийн бүртгэлийн үнэ бүхий барилга байгууламжийг балансаас балансад шилжүүлэхэд татгалзах зүйлгүй тухай албан хүсэлтийг ирүүлсэн байна.
НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар эдгээр гурван барилгыг балансаас балансад шилжүүлэх саналыг дэмжиж тогтоолын төсөл баталлаа.
Хотын батлан даалтын сангийн төслийг танилцуулав
НИТХ-ын 2018 оны зургадугаар сарын 13-ны өдрийн 92 дугаар тогтоолоор Улаанбаатар хотын хөгжлийн сан, Нийслэлийн орон сууц, дэд бүтцийн бодлогын зөвлөл байгуулах тухай асуудлыг судлах, санал боловсруулах Ажлын хэсэг байгуулагдсан. Тус ажлын хэсэг анхны “Хотын батлан даалтын сан” төслөө танилцууллаа. Төсөлд хөгжлийн сангийн үйл ажиллагааны бүдүүвч, нийслэлээс хэрэгжүүлж буй бүх төрлийн орон сууцны хөтөлбөрийн санхүүжүүлэх бүтэц, дэд бүтэц, барилга байгууламж, зам гүүр, аялал жуулчлалыг санхүүжүүлэх, нийтийн тээвэр, таксиг хэрхэн хөгжүүлэх зэрэг саналуудыг багтаажээ. Энэхүү төслийг улам нарийвчлан, бүтэц зохион байгуулалтыг нь сайжруулж, хэрэгжүүлэх хэмжээнд танилцуулах үүргийг НИТХ-ын дарга С.Амарсайхан ажлын хэсэгт өглөө.
Найрамдал ОУ-ын хүүхдийн амралт цогцолборыг А.И.Филатовагийн нэрэмжит болголоо
СХД-ийн нутаг дэвсгэрт байрлах ОУ-ын хүүхдийн Найрамдал цогцолбор нь БНМАУ-ын сайд нарын зөвлөлийн 1974 онд хүүхэд багачуудыг хүлээн авч амруулах, идэвхтний сургалт зохион байгуулах, байнгын үйл ажиллагаатай олон улсын пионерийн зуслангийн иж бүрэн барилга байгууламж барих шийдвэр гарснаар Найрамдал цогцолборын шав тавигдаж 1978 онд ашиглалтад оруулан нээлтээ хийсэн түүхтэй. Тэгвэл энэ жил түүхт 40 жилийнх нь ой тохиож байгаатай холбогдуулан ОУ-ын хүүхдийн Найрамдал цогцолборыг Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Улсын баатар, Хөдөлмөрийн баатар маршал Ю.Цэдэнбалын гэргий А.И.Филатовагийн нэрэмжит болгохоор боллоо. Мөн ойн баярыг тохиолдуулан нийслэлийн дээд шагнал болох Хангарди одонгоор шагнахаар шийдвэрлэв.
Гурван байгууллагын ойгтэмдэглэх тухайн тогтоолыг батлав
Энэ жил Нийслэлийн архивын байгууллагын 60 жил, Нийслэлийн тээврийн газар үүсэн байгуулагдсаны 50 жил, Нийслэлийн онцгой байдлын газрын 50 жилийн ой тус тус тохиож байгаа юм байна. Эдгээр байгууллагуудын ойн арга хэмжээний төлөвлөгөө гаргаж, батлагдсан төсвийн хүрээнд өндөр хэмжээнд зохион байгуулж ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад даалгалаа.
Шашны ба йгууллагын зөвшөөрлийн хугацааг сунгав
НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанааршашны байгууллагын зөвшөөрлийн хугацааг сунгах асуудлыг хэлэлцлээ. "Зүүн хүрээ Дашчойлин хийд" нь Нийслэлийн нутаг дэвсгэрт шинээр сүм хийд байгуулах, үйл ажиллагаагаа явуулахад зөвшөөрөл олгох тухай журмын 5-р зүйлийн 2 дахь заалтыг зөрчсөн нь шалгалтаар тогтоогдож зөрчлөө арилгах хүртэл зөвшөөрлийг сунгахгүй гэсэн дүгнэлт гаргасан байсан юм.
Тэгвэл тус хийд ньгарсан зөрчилтэй холбогдуулан тайлбар өгч, холбогдох баримтбичгээ ирүүлсэн байна. Тухайн баримт бичгийг судалж, шаардлагатай нэмэлт мэдээллийг гаргуулан авсан бөгөөд тус байгууллагын холбогдох зөрчлийг арилгуулж, дахин зөрчил гаргахгүй байх талаар сануулга өгсөн байна. Ийнхүү дээрх шашны байгууллагын үйл ажиллагааны зөвшөөрлийн хугацааг нэг жилээр сунгав.