НИТХ-ын дарга С.Амарсайхан Налайх дүүргийн ЕБС-иудын төгсөгчдийн “Эрдмийн баяр”-т оролцлоо
2018.05.25

НИТХ-ын дарга С.Амарсайхан Налайх дүүргийн ЕБС-иудын төгсөгчдийн “Эрдмийн баяр”-т оролцлоо

Налайх дүүргийн “Голомт”, “Эрдмийн өргөө”, 119 дүгээр сургуулийн төгсөгчдийн “Эрдмийн баяр”-ын үйл ажиллагаанд нийслэлийн ИТХ-ын дарга С.Амарсайхан, Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар, Засаг даргын орлогч Х.Анхбаяр нар оролцлоо.

Энэ жил тус дүүрэгт ЕБС-ийн 12 дугаар ангийг 300 орчим суралцагч төгсөж, сурагчийн ширээнээс оюутны ширээнд шилжих гэж байна. Дүүргийн Засаг даргын 01 дүгээр албан даалгавраар 2017-2018 оны төгсөлтийн үйл ажиллагааг боловсролын бичиг баримт гардуулах, сурагчийн өөрийн сурсан эрдэм авьяасаа тайлагнах арга хэмжээ болгон зохион байгуулахыг даалгасан. Энэ хүрээнд сургуулиуд төгсөлтийн баяраа тайлант өдөрлөг хэлбэрээр зохион байгуулж байна.

Төгсөгчдийн “Эрдмийн баяр”-ын арга хэмжээнд оролцсон нийслэлийн ИТХ-ын дарга С.Амарсайхан хэлсэн үгэндээ: “Нэн тэргүүнд нийт төгсөгчиддөө баяр хүргэж, сурлагын өндөр амжилт хүсэн ерөөе. Хариуцлагатай энэ цаг мөчид алдаа гаргахгүйгээр мэргэжил боловсролдоо зөв сонголт хийж, тэр хэрээр амжилт бүтээлээр дүүрэн байж улс орны хөгжил дэвшил, нийгмийн бүхий л салбарт амжилт гаргаад зогсохгүй бүс нутагтаа, дэлхий дахинд хүлээн зөвшөөрөгдсөн монгол боловсон хүчин байгаасай гэж чин сэтгэлээсээ хүсэж байна. Ямар мэргэжил боловсрол илүү эрэлт хэрэгцээтэй байгаа, ирээдүйд дэлхий нийт ямар чиг  хандлагаар хөгжихийг сайн харж, судалж байж сонголтоо маш зөв хийгээрэй. Улс эх орны хөгжлийн алтан түлхүүрийг гартаа атгах хүмүүс бол та бүхэн билээ. Бид өнөөдөр бэлэгтэй ирсэн. Энэ бэлэг бол та бүхний оюуны хөгжилд оруулах хөрөнгө оруулалт юм. Ямар хөрөнгө оруулалт вэ гэхээр энд төгсөж байгаа бүх сурагчиддаа зориулж бүх талын оюуны лекц, сургалтыг үнэ төлбөргүй зохион байгуулахаар болсноо мэдэгдэхэд таатай байна. Мөн Налайх дүүргийнхээ сурагчдын мэдлэг чадварыг дээшлүүлэх, оюуны хөгжлийг ахиулах зорилгоор сургалтын шинэ хөтөлбөр, шинэ төслийг Налайх дүүрэгт анхлан хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байгаа гэдгийг дуулгая” гэлээ.

Нийслэлийн ИТХ-ын дарга С.Амарсайхан дээрх сургууль тус бүрээс амжилттай суралцсан 6 сурагчдад гарын бэлэг гардуулан өгсөн юм. “Голомт”, “Эрдмийн Оргил” цогцолбор сургуулиуд сурлага, урлаг, спортоор тэргүүлсэн шилдэг тэргүүний сурагчдыг алдаршуулсан шагналыг нийслэл, дүүргийн удирдлага, хүндэт зочид гардуулан өгч баяр хүргэлээ.