Үр дүнд суурилсан үнэлгээний шинэчлэл” сургалт-семинар боллоо
2018.05.23

Үр дүнд суурилсан үнэлгээний шинэчлэл” сургалт-семинар боллоо

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас аймгуудын Боловсрол, соёл, урлагийн газрын дарга, ахлах мэргэжилтэн, нийслэлийн Боловсролын газар, дүүргийн Боловсролын хэлтсийн дарга, мэргэжилтнүүдэд зориулсан “Үр дүнд суурилсан үнэлгээний шинэчлэл” сургалтыг 05 дугаар сарын 21-ээс 23-ны өдрүүдэд зохион байгуулж байна.

Энэ удаагийн сургалт дэлхийн болон боловсролын хөгжлийн чиг хандлага /аж үйлдвэрийн 4 дэх хувьсгал/, даяаршсан энэ эрин зуунд өөрийн орны боловсролын ололт, амжилт, монгол сурган хүмүүжүүлэх ухааны уламжлалыг хадгалан хэрхэн хөгжүүлэх боломж, боловсролын үнэлгээний талаар нэгдсэн ойлголтод хүрэх зорилго агуулж байна.

Боловсролын үнэлгээний талаарх дэлхий нийтийн чиг хандлагад нийцүүлэн ерөнхий боловсролын үнэлгээний арга зүйг шинэчлэх бодит хэрэгцээ, шаардлага бий болсны дагуу 3 өдрийн турш үнэлгээний асуудлаар хэлэлцлээ. Нэн ялангуяа ерөнхий боловсролын салбар дахь сургууль, багш, суралцагчийн үнэлгээг уялдаа холбоонд нь харилцан хамааралтай цогцоор нь шинэчлэх, суралцагчийн мэдлэг чадварыг үнэлэхээс гадна хандлага төлөвшлийг үнэлэх асуудлыг хөндөн ярилцаж, санал авсан байна.

Түүнчлэн 2018 оны 1, 2 дугаар сард тус яамнаас зохион байгуулсан “Тогтвортой хөгжил” улсын зөвлөгөөнөөс 7 түвшинд 92 багц асуудлаар гаргасан зөвлөмжийг орон нутгийн түвшинд хэрэгжүүлж буй ажлын үр дүнгийн талаар хэлэлцэж, зөвлөмж чиглэл өглөө.

Мөн 2017-2018 оны хичээлийн жилийн сургалт, хүмүүжлийн ажлын үр дүнгийн талаар аймаг бүр тайлангаа хэлэлцүүлж, 2018-2019 оны хичээлийн зорилго зорилтоо тодорхойлох, багш нарын бага хурал, сургалт, семинаруудын зохион байгуулалтын асуудлаа ярилцлаа.