Я.Содбаатар: "Жаст"-ын зээлд "Эрдэнэт" үйлдвэр баталгаа гаргасан нь хуурамч гарын үсэгтэй юм билээ
УИХ-ын гишүүн Я.Содбаатартай ярилцлаа.
-Намрын чуулган өнөөдөр хаалтаа хийж байна. Та энэхүү ээлжит чуулганд ямар дүн тавих вэ. Хичнээн хуулийн төсөл батлав?
-Энэ намрын чуулганы хугацаанд төсөв, мөнгөний бодлогоо батлахын зэрэгцээ арилжааны банкуудтай холбоотой багц хуулиудыг гаргалаа. Одоо Хөрөнгө оруулалтын банкны тухай хууль яригдаж байна. Энэ багц хууль бол Монголд банкны системээ эрүүлжүүлэх орчин үеийн шаардлагад нийцүүлэхэд чиглэсэн.
Цаад талдаа банкны зээлийн хүүг бууруулах эрх зүйн орчныг бүрдүүлж, санхүүгийн системд банкийг тогтвортой байх чиглэлийг хангаж өгч байгаа юм. Мөн намрын чуулганаар хөдөө аж ахуйн багц хуулиудыг баталсан. Ирэх хаврын чуулганд бэлчээрийн тухай хууль орж ирнэ. Ингэснээр малаа эрүүлжүүлэх. малын генетик нөөцөө хамгаалах цогц хуультай болно.
-Хөрөнгө оруулалтын банкийг манай улсад оруулж ирвэл ямар ач холбогдолтой вэ?
-Хөрөнгө оруулалтын банкны тухай хууль өергөн баригдаад хоёр ч чуулган дамнаад хараахан батлагдаагүй байна. Хаврын чуулганаар хэлэлцэх байх.
Энэ хууль Монголд хэрэгтэй.
Монгол Улсад хөрөнгө оруулалтын чиглэлийн бие даасан банк байхгүй болохоор үйлдвэржилт бий болохгүй байгаа юм. Манай арилжааны банкууд хамгийн багадаа сард хоёр, жилд 24 хувийн хүүтэй зээл олгож байна. Бизнесийнхэн 30 хувийн ашигтай ажиллалаа гэхэд зургаан хувийг нь өөртөө аваад 24 хувиараа цөөн хэдэн арилжааны банкны эздийг тэжээж байгаа.
Бид 20 гаруй жил ингэж явж ирсэн. Тиймээс одоо эрс өөрчлөлт хийж, банкны салбараа либералчлах хэрэгтэй байна.
Хөрөнгө оруулалтын банк гээд ярихаар Хятад гэдэг нэрэн дор иргэдийн дунд айдас, эмзэглэл төрүүлэх гэж оролддог бүлэглэл байна.
Үүнээс айх хэрэггүй. Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийг ганц оронд зориулж гаргахгүй. Миний авсан мэдээллээр Японы, ОХУ-ын, Европын, Азийн зарим орнуудын банкууд Монголд хөрөнгө оруулалтын чиглэлээр банк байгуулах сонирхолтой байх шиг байна.
Мэдээж энэ гаднаас орж ирж байгаа зээл тусламж, хөрөнгө оруулалтыг дагаад бас өөрийнхөө арилжааны банкийг оруулах гэсэн сонирхол байна. Болж өгвөл гурван өөр орны эх үүсвэртэй арилжааны банкийг оруулж ирвэл зээлийн хүү буурна. Монгол улс үйлдвэрлэлийн, хөрөнгө оруулалтын зориулалтын зээлтэй болно.
-Хэрэв хөрөнгө оруулалтын банк гаднаас орж ирвэл арилжааны банкуудын үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөх үү?
-Хөрөнгө оруулалтын банк мэдээж тэдний хадгаламж, харилцагчийг булаахгүй.
Том зургаараа манайд орж ирж байгаа гадаадын хөрөнгө оруулагчид “Та нар олон улсын дээд зэрэглэлийн үнэлгээтэй банктай болооч” гэсэн шаардлага тавьж байгаа юм.
Жишээлбэл, Оюу толгойн мөнгөн урсгалыг Монголын банк санхүүгээр эргэлдүүлэхэд ашигтай. Өнөөдөр "Оюутолгой" компанийн жилийн эргэлт хоёр тэрбум шахам ам.доллар явж байна. Үүнийг манай арилжааны банкны системээр эргэлдүүлбэл тэр хэмжээгээр бид ашиг олно. Ингэснээр валютынхаа нөөц, урсгалыг хянадаг маш том эерэг дохио өгнө.
-Барьцаанд нь орд газруудын лицензээ тавиад туучих вий гэсэн болгоомж байх шиг байна?
-Мэдээж Монгол өөрийнхөө зах зээл дээр тоглуулах гэж байгаа учраас өөрсдөө дүрмээ зохионо.
“Тэр банкинд ямар хязгаарлалт тавих юм, ямар секторт ямар зориулалтаар олгуулах юм. Барьцаанд нь юу тавиулах юм” гэх зэргээр тодорхой шалгуур тавих хэрэгтэй.
Заавал лиценз, газар тавих албагүй. Тэрийг нь хориглоё л доо. Хөрөнгө оруулалтын банкууд дээр тавих эхний шалгуур бол "Та нар Монголд оруулж ирж байгаа банкныхаа салбарын хөрөнгийн арван хувь дээр моргаж гарга” гэхэд манай моргажийн зээлийн хүү 2-3 хувь руу буурна. Өнөөдөр бид жилийн найман хувь буюу дэлхийд байхгүй өндөр хүүтэй зээл аваад хамаг орлогоо тийш нь өгөөд сууж байна.
Тухайлбал, Япон, Солонгос гээд гаднаас оруулж ирж байгаа хөрөнгө оруулалтын банкны арван хувийг моргажийн зах зээл дээр оруулаад хүүг нь тэдэн хувиар гарга гэж болно. Тэр орнууд өөрсдийнхөө оронд гаргаж байгаа жилийн хоёр гуравхан хүүтэй зээлийг манайд гаргаж болно шүү дээ.
-Банкны тухай хуулиудыг батлахдаа зээлийн хүүний дээд хязгаарыг тогтооё гэж оруулж ирсэн байх аа?
-Ер нь банкны хүүний дээд хязгаарыг тогтоодог олон улсын жишиг байна. Дэлхийн 76 оронд арилжааны банкуудын хүүг төрөөс дээд хязгаарыг нь тогтоож байгаа. Монгол Улсын хувьд нэг хуульд заагаад шийдэгдэх үү, ерөөсөө Занкны зээлийн хүүг бууруулах стратеги гаргаж цогцоор нь шийдэх үү гэдэг дээр зарим Их хурлын гишүүд шийдлээ гаргасан.
Хаврын чуулганд багтаад Төв банк Монгол Улсад банкны зээлийн хүүг бууруулах стратеги оруулж ирнэ.
Хамгийн наад зах нь цалин болон тэтгэврийн зээлийн хүүг эрс бууруулах ёстой. Энэ хоёр зээлийн үндсэн эх үүсвэр нь ойлгомжтой болохоор эрсдэл бараг байхгүй.
-Энэ цаг үед "Эрдэнэт" үйлдвэрийн асуудал анхаар-лын төвд ороод байгаа. Үүсээд байгаа асуудлын талаар та ямар мэдээлэлтэй байна вэ?
-“Эрдэнэт” үйлдвэр бол монголчуудын XX зуунд байгуулсан бүтээн байгуулалтын нэг.
Анх энэ үйлдвэрийг барьж байхад Оюу толгойгоос ч хэцүүхэн гэрээ хэлэлцээр хийж байсан юм бий.
Сүүлдээ сайжраад явцын дунд Монголд ашигтай, төсвийг бүрдүүлэгч саалийн үнээ болсон шүү дээ. “Эрдэнэт” үйлдвэрийн асуудалд харамсалтай нь улс төрийн нэртэй янз бүрийн бүлэглэлүүдийн гар хөл их оролцож байна л даа. “Эрдэнэт”-ийг тойрсон хэл ам, шуугиан тасрахгүй байна. Мэдээж 49 хувьтай холбоотой асуудал нэг мөр шийдэгдэх байх. Хууль хүчний байгууллагууд шударга зарчим баримталж шийдвэрээ гаргаасай. Шинэ Засгийн газар бол 49 хувийг УИХ-аас гаргасан тогтоолын хүрээнд зөв шийдсэн гэж харж байна.
-Хувийн өмчийг төр дээрэмдсэн юм шиг харагдаж байгаа шүү дээ?
-Тэр 49 хувийг ОХУ-аас худалдаж авсан хүмүүсийн зориглон хийсэн үйлдэл зөв. Гэхдээ мөнгөн эх үүсвэр нь ойлгомжгүй байна. УИХ-аас ажлын хэсэг гараад мөнгөн эх үүсвэрийг харилцан суутгах зарчмаар шийдсэн нь оновчтой болсон.
Энэ Засгийн газар “Эрдэнэт”-ийн асуудлыг бизнесийн зарчмаар шийдэж байна.
Өөрөөр хэлбэл, тэр нөхдүүд оруулсан мөнгө байдаг бол тэрийгээ ав гэж байгаа юм. Улсын мөнгийг хулгайлж авсан бол өгөхгүй гэсэн үг. Ажлын хэсгээс бидэнд өгч байгаа мэдээллээр бол 400 сая ам.долларын эх үүсвэрийн дийлэнх нь Монголбанктай холбоотой, монгол төрийн мөнгө юм билээ.
-Арбитрын шүүхэд ялагдчихвал Засгийн газар өрөнд орох юм биш үү?
-Ийм асуудлаар арбитр шийдвэр гаргахгүй л дээ. Харин мөнгөтэй, хөрөнгөтэй хүмүүс арбитрт хандаж, ашиг сонирхол оруулах гэж оролдох байлгүй дээ. Үнэн ялдаг болохоор зөв шийдвэр гарах байх. Энэ 49 хувь бол зөвхөн Эрдэнэтийнх биш. Үүний цаана ”Монголросцевмет"-ийн, Асгатын мөнгөний орд, Монгол Улсын стратегийн ордын тув-шинд яригддаг 17 лиценз яваа шүү дээ. Манайхан үүнийгээ тийм сайн ярихгүй байна л даа.
-Үүнийгээ тодруулахгүй юу?
-"Монголросцевмет", Асгат, Эрдэнэттэй нь Оросоос 400 сая ам.доллараар худалдаад авчихсан байгаа юм. Өнгөн дээрээ “Эрдэнэт" үйлдвэрийн 49 хувь гэж яриад л байдаг.
Цаана нь Заамарын алтны орд, Асгатын мөнгөний орд, Эрдэнэтийн шинээр нээгдэж байгаа хоёр орд гээд тэр олон лиценз байгаа. Мэдээж гадныхантай хямдхан яриад аваад ирсэн нь зөв. Энд бизнес улс төрийн бүлэглэлүүд оролцоод хууль бус шийдвэр гаргасан нь хэнд ч ойлгомжтой.
-Одоо дахиад “Эрдэнэт”-ийн 51 хувийг “Жаст групп” "Стандарт" банкинд барьцаалсан гэх их мөнгөний асуудал гараад ирлээ?
-“Стандарт” банкинд “Эрдэнэт”-ийн 51 хувийг барьцаанд тавьсан асуудал байхгүй. Тэр бол “Стандарт” банк, “Жаст групп”-ийн хоорондын асуудал. "Жаст групп", "Эрдэнэт" үйлдвэрийн нарийг ашигласан уу, үгүй юу. "Эрдэнэт" тодорхой хөрөнгө дээр баталгаа гаргасан уу гэдэг бол шүүхийн асуудал.
-Үнэхээр “Эрдэнэт” үйлдвэр батлан даачихсан байвал яах вэ?
-“Эрдэнэт” баталгаа гаргаж өгсөн бол үүргээ хүлээж өгөх ёстой. Энэ үйлдвэрийг тухайн үед хариуцаж байсан удирдлагууд, ТӨХ-ны дарга зэрэг хүмүүс тийм асуудал байхгүй гэж хатуу хэлж байгаа. Үүнийг олон улсын шинжээчид үзэж хараад тодорхой болно.
“Жаст групп”, “Стандарт” банк хоорондын хэлэлцээ бол тэдний л асуудал.
Тэр нь гуравдагч этгээд “Эрдэнэт”-ийг оруулах уу, үгүй юу гэдэгт одоогоор тодорхой мэдээлэл алга. Бидэнд өгч байгаа мэдээллээр бол “Эрдэнэт" үүрэг хүлээгээгүй. Батлан даалт болсон гээд байгаа гарын үсэг нь хуурамч, шүүхээр явж байгаа юм билээ.
Миний ойлгож байгаагаар “Эрдэнэт”-ийн 51 хувь дээр ямар нэгэн хөдөлгөөн байхгүй. Хэрэв муугаар бодоод баталгаа гаргачихсан байвал тэр үеийн шийдвэр гаргасан хүмүүст хариуцлага тооцох, “Эрдэнэт”-ээс зарим мөнгийг төлөх асуудал үүснэ. Энд нэг зүйлийг онцлоход “Эрдэнэт”-ийн 49 хувьтай холбоотой асуудлын анхаарлыг өөр тийш нь хандуулах компанит ажил 51 хувиар гарч ирлээ. АН-ын дарга тэргүүтэй хүмүүс толгойлоод зохион байгуулж байна. Энэ нь эргээд “Эрдэнэт”-ийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөх вий дээ.
-Энэ Засгийн газар нефть боловсруул ах үйлдвэр барих асуудлыг шийдвэрлэлээ. Одоогоор ТЭЗҮ нь бэлэн болоогүй байгаа энэ ажил улс төрийн ээлжит шоу болоод өнгөрч болзошгүй гэсэн болгоомжийг судлаачид хэлж байна. Энэ чиглэлийн мэргэжлийн хүний хувьд та ямар байр суурьтай байна?
-Удахгүй Засгийн газраас нарийн мэдээлэл өгөх байлгүй дээ. Монгол Улсад газрын тосны үйлдвэр байгуулах асуудал бодитойгоор явж байна. Гадаадын хэд хэдэн компанитай зөвлөх үйлчилгээний гэрээ хийж, ТЭЗҮ нь дуусах шатандаа явж байгаа.
Монголынхоо газрын тосон дээр түшиглэсэн үйлдвэр байгуулах нь зүйтэй гэж үздэг. Энэ бол Монгол Улсын аюулгүй байдал, эдийн засагт чухал ач холбогдолтой. Үйлдвэржилтийг эхлүүлэх гарааны хамгийн том төсөл болох ёстой. Харамсалтай нь сүүлийн 10 гаруй жил бүх нам, улс төрчид сонгууль болохоор газрын тосны үйлдвэр байгуулна гэж дандаа худлаа ярьдаг. Эхэн үедээ гадаадаас түүхий эд авчирч Монголд нэрнэ гэдэг байсан. Энэ боломжгүй юм.
Дотоодын эх үүсвэр дээрээ түшиглэж газрын тосны үйлдвэр байгуулах боломж үнэндээ өнөөдөр л нээгдэж байна. Яагаад вэ гэхээр хамгийн багадаа нэг сая түүхий газрын тос нэрэх үйлдвэр байгуулснаар эдийн засгийн хувьд үйлдвэр үйл ажиллагаагаа явуулах боломжтой. Манай улс сүүлийн жилүүдэд нэг сая тн газрын тос олборлож эхэлж байгаа.
2020 оны хавьцаа 1.5 сая тн-ыг олборлоно. Тиймээс тэр үед авах түүхий эдийнхээ боломжоо угтуулаад ийм хэмжээний газрын тос нэрэх ТЭЗҮ хийгдэж байгаа юм байна гэж ойлгож байгаа. Газрын тосны үйлдвэр байгуулахын тулд үндсэн хэрэглээний бүсэд газрын тосыг бүтээгдэхүүн хэлбэрээр юм уу түүхий тос хэлбэрээр авчрах хэрэгтэй. Энэ нь хамгийн гол зардал.
Тиймээс Дорнодоос төвийн бүс рүүгээ хоолой татна гэж байгаа юм билээ.
Эхний бүтээн байгуулалтын зардал их гарах ч шийдлийн хувьд зөв юм. Газрын тосны үйлдвэр ганцхан байшин бариад босчихдоггүй. Нефть, химийн үндсэн цогцолбор баригдана. Том төслүүдээ эхнээс нь бодитоор нь тооцож, зөв мэдээлэл өгөх хэрэгтэй. Санаатай болон санамсаргүйгээр гадаад, дотоодынхон өөрсдийн ашиг сонирхлоо оруулж төслийг зогсоож, гацаадаг жишиг бий. Тэрийгдагажнийгэм шуугидаг. Эцсийн дүндээ Монгол Улс хөгжихгүй байгаа юм.
-Нефтийн үйлдвэр баригдаагүй өдий хүрсэнд хоёр хөршийн бодлого нөлөөлсөн үү?
-Үйлдвэр худалдааны дэд сайд байхдаа Дарханы газрын тосны үйлдвэрийн ТЭЗҮ-г боловсруулах санаачилгыг гаргаж байсан. Казахстан, Кувейтээс нэг, нэг сая тн газрын тосыг Монгол Улсад түгээхээр экспортлох асуудлыг хөөцөлдөж, тухайн үед манай яамныхан шийдүүлж байсан.
Гэхдээ манай улсын байршил, өнөөгийн нөхцөл байдал хоёр хөршийгөө давж түүхий нефть гаднаас оруулж ирэх эсвэл тэднээс импортолж боловсруулах боломжгүй. Тиймээс эцэст нь бидэнд өөрийн эх үүсвэр дээрээ түшиглэсэн газрын тосны бүтээгдэхүүн гаргах, нефтийн бүтээгдэхүүнийхээ хэрэглээг хангах шаардлага тулсан.
-Манай эх үүсвэр газрын тос боловсруулах үйлдвэрийг тасралтгүй явуулахад хүрэлцэх үү?
-Гурван эх үүсвэр байж болно. Жишээлбэл, нүрс байна. Гэтэл нүүрс бол барель нефть 60 тн-оос доош орвол эдийн засгийн хувьд хасах. Нүүрснээс нефть гаргаж авах авах асуудлаар Монголд хэд хэдэн компани гадны өндөр технологи оруулж ирээд эцсийн шийд гаргаж чадахгүй, судалгааны шатандаа явна.
Нефтийн хоёр дахь эх үүсвэр бол занар байна. Занарын нөөц Монгол орны байгалийн эмзэг давхаргатай давхацдаг. Тиймээс занарыг Монголд ашиглахын хувьд технологийн зөв сонголт хийхгүй бол эдийн засгийн гэхээсээ илүү экологийн хохирол ихтэй. Гурав дахь эх үүсвэр нь өөрийн нефтьтэй болох.
Одоогоор бид 20 гаруй талбайд хайгуул хийж байгаа боловч гуравхан талбайгаас газрын тос олборлож байна. Үүний хоёр талбайгаас үйлдвэрлэлийн зориулалтын газрын тос олборлоод гурав, дөрөвхөн жил болж байна. Одоо л газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах хэмжээнд яригдаж байгаа юм. 2000 оны дундуур яригдаж байсан зөөврийн жижиг үйлдвэрүүд эдийн засгийн хувьд алдагдалтай. Байгаль экологийн хувьд стандартын шаардлага хангахгүй бүтээгдэхүүн гаргадгаараа онцлогтой.
Сэтгүүлч М.Мөнхцэцэг