2018.02.07

М.Билэгт: ТОСК-оор чанаргүй ОРОН СУУЦ бариулахын оронд ХУВИЙН ХЭВШЛИЙНХЭНД боломж олгох хэрэгтэй

УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны хуралдаанаар /2018.02.06/  “Ахмадын орон сууц”, “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар Барилга хот байгуулалтын яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Төрийн орон сууцны корпорацийн мэдээлэл сонсов. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн М.Билэгт ТОСК-ын орон сууц маш хямд бас чанартай байх бүрэн боломжтой. Гэвч ийм барилга барьж чадахгүй байгааг хэлсэн. Мөн тэрээр ТОСК -д олгож байгаа нөхцөл шиг нөхцөлөөр хувийн аж ахуй нэгжүүдэд орон сууц барих боломж олговох нь илүү хариуцлагатай гэдгийг сануулж хэлсэн юм. 

УИХ-ын гишүүн М.Билэгт

"Буян - Ухаа хороолол бол хамгийн хямд үнээр худалдагдаж болох орон сууц. Яагаад гэвэл төрөөс инженерийн шугам сүлжээг нь шийдээд өгчихсөн, газар нь үнэгүй, барилгыг барьж байгаа хөрөнгө оруулалтын санхүүжилт нь хүүгүй. Гэтэл энэ барилгын иргэдэд худалдаж авах боломжийг бүрдүүлээгүй. Чанар маш муутай. Тэгээд арга ядаад түрээсийн орон сууц гэж иргэдэд шахдаг.

ТОСК-ын орон сууцнууд ийм байгаа шүү. Мөнгөөрөө хүн худалдаж авах юм бол зарга хийхээр муу барилга. Хөөрхий иргэд түрээсийн орон сууцанд орсон болохоор зарга хийх аргагүй байгаа.

Тиймээс үүнээс хойш, түүнээс цааш ТОСК-ынхон үүр дээр анхаараарай.

Хөнгөлөлттэй, урт хугацаатай, газар нь үнэгүй, инженерийн шугам сүлжээг нь төр шийдээд өгөх юм бол орон сууц барих хувийн хэвшлийн гарч ирнэ. Тэгээд дээрээс нь хөрөнгө оруулалтын санхүүжилтийн зээлийг нь хөнгөлөлттэй олгоод өгчихвөл боломжтой.

Хувийн хэвшлийнхний барьж буй барилга яагаад үнэтэй байгаа вэ гэрээр газар нь үнэтэй, инженерийн шугам сүлжээг нь өөрсдөө хийн, мөн дээр нь 20-30 хувийн жилийн зээлийн хүү төлдөг. Тиймээс ТОСК-ын чанаргүй орон сууц шиг барилга бариулахгүй тулд хувийн хэвшилтэйгээ харилцвал арай хариуцлагатай байдаг шүү.