2018.01.31

Таван толгой - Гашуун сухайт чиглэлийн авто замын тээвэрлэлтийг шийдэх тухай асуудлаар хэлэлцлээ

Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ БНХАУ-ын тээврийн сайд Ли Сяопөний урилгаар БНХАУ-д албан ёсны айлчлал хийж байна. Айлчлалын хүрээнд хоёр улсын зам, тээврийн салбарт хамтран хэрэгжүүлэх ажлын талаар санал солилцлоо.

Зам тээврийн хөгжлийн сайдын энэ удаагийн айлчлал Монгол Улсын Ерөнхий сайдын ирэх дөрөвдүгээр сард БНХАУ-д хийх айлчлалын бэлтгэл ажлынхаа хүрээнд хийж байгаагаараа онцлог юм.

УИХ-ын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ: Хятадын тал ялангуяа орон нутгийн хүрээнд нүүрс авах хэрэгцээ их байгаа. Гэхдээ байгаль орчин болон хяналт талаасаа шаардлага нь өндөрсөөд ирэхээр энэ урсгал багасдаг. Бидний хувьд тавих шаардлага гэвэл тээврийн хэрэгсэл, замын асуудал, жолоочийн асуудал зэргийг харж байгаад хоёр талаасаа ажлын хэсэг гарган шийдье гэсэн байр суурьтай байна.