Манжуурт Консулын газар нээхийг дэмжив
2018.01.31

Манжуурт Консулын газар нээхийг дэмжив

АБГББХ-ын хуралдаан дээр Монгол Улсаас БНХАУ-ын Манжуур хотод Консулын газар нээж ажиллуулах тухай асуудлыг зөвшилцөв. Энэ талаарх танилцуулгыг Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар хийсэн юм.

Манай улсын иргэд хамгийн олноор зорчдог БНХАУ-д Элчин сайдын яамны Консулын хэлтэс, Хөх хотод Ерөнхий консулын газар, Эрээн хотод Консулын газар ажиллаж, тус улсад зорчиж байгаа болон ажиллаж амьдарч, суралцаж буй иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах, манай улсад зорчих гадаадын иргэдэд виз олгох асуудлыг хариуцдаг.

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны 2017 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн хуралдааны шийдвэрийн дагуу Хайлаар хот дахь Консулын газрыг өнгөрсөн оны 6 дугаар сард хааж, тус газрын хамаарч байсан ӨМӨЗО-ны Хөлөнбуйр, Хянган аймгийг Эрээн дэх Консулын газрын тойрогт хамруулсан байна.

Ингэснээр Эрээн хот дахь Консулын газрын ачаалал улам нэмэгдэх, улмаар тус газраас Дорнод, Дорноговь аймгууд дахь Сүмбэр, Хавирга, Баянхошуу болон Ханги боомтуудаар зорчиж буй иргэдийн эрх ашгийг хамгаалах, консулын үйлчилгээг шуурхай үзүүлэхэд орон зай, цаг хугацаа, төсөв санхүүгийн хүндрэлтэй нөхцөл байдлууд үүсэхээр байгаа аж. Иймээс БНХАУ-ын Манжуур хотод Монгол Улсын Консулын газар  нээж ажиллуулах саналыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж дэмжсэний дагуу Улсын Их Хурлын холбогдох Байнгын хороотой зөвшилцөхөөр хэлэлцүүлж буйг Гадаад харилцааны сайд танилцуулав.

Манжуур хот нь гурван улсын хилийн бүс нутагт байршилтай боомт хотын зэрэгцээ Улаанбаатар-Манжуурын чиглэлд Хүннү-Эйр компани долоо хоногт 5 удаа шууд нислэг хийдэг, аялал жуулчлалын зорилгоор манай иргэд олноор зорчдог агаад цаашид улам өсөх хандлагатай байгаа. Мөн Сүмбэр-Рашаан, Хавирга-Ар хашаат, Баянхошуу-Өвдөг, Ханги-Мандал боомтуудаар зорчиж буй иргэдийн эрх ашгийг хамгаалах, эрх нь зөрчигдсөн тохиолдолд дэмжлэг туслалцаа үзүүлэхэд газар зүйн хувьд ойр байршилтай гэдгийг сайд тодотголоо. 2016 онд давхардсан тоогоор манай улсын 174 527 иргэн, 2017 оны 11 дүгээр сарын эцсийн байдлаар 170670 иргэн дээрх дөрвөн боомтоор дамжин Манжуур хотод зорчсон байна. ӨМӨЗО-ны Хөлөнбуйр, Хянган аймгийг Манжуурын Консулын газрын тойрогт хамруулбал тус бүс нутагт буй БНХАУ-ын иргэд манай улсад зорчих виз авахаар Эрээн хот хүртэл 1500 км зорчихгүйгээр Манжуураас авах боломжтой болох аж.

Манжуур хотод Консулын газар нээх асуудлыг хятадын талд дипломат шугамаар тавьж, яриа хэлэлцээг эхлүүлжээ. Мөн Консулын газрыг нээх, үйл ажиллагааг нь эхлүүлэхтэй холбоотой зохих зардлыг 2018 оны төсөвт тусгаж батлуулжээ.

Сайдын танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Энх-Амгалан, Д.Оюунхорол нар асуулт асууж тодруулан Улсын Их Хурлын гишүүн Б.Энх-Амгалан санал хэлсэн юм.

Ингээд санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь Монгол Улсаас БНХАУ-ын Манжуур хотод Консулын газар нээж ажиллуулах тухай асуудлыг зөвшилцөхийг дэмжсэн тул энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлт болон хуралдааны тэмдэглэлийг Засгийн газарт хүргүүлэхээр тогтлоо