О.Баасанхүү: Банкийг баталгаатай байлгахын тулд төрийн оролцоог нь багасгаж байна гэж ойлгож болох уу?
Өнөөдөр /2017.01.18/ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай Улсын Хурлын тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцлээ.
Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн О.Баасанхүү асуулт асуулаа.
О.Баасанхүү: Банк ямар нэгэн байдлаар дампуурвал 20 сая төгрөг хүртэлх хадгаламжийг төр хариуцна гэж байсан. Одоо бол даатгалын компанид тэрийг хариуцуулж байна гэж ойлгож болох уу? Хэрвээ хариуцуулна гэж байгаа бол даатгалын компани дампуурахгүй гэх баталгаа байгаа юу? Банк ч байхгүй, даатгал ч байхгүй болох вий. Ямар нэгэн эрсдэлгүй байх үндэслэлийг гаргаж өгөөч.
Хадгаламж эзэмшигч нар мөнгөө хадгалуулсныхаа төлөө хохирдог. Манайд банк их амархан дампуурдаг.
Хадгаламж зээлийн хоршоо гээд гашуун туршлага байна. Одоог хүртэл 50 хувиа авч чадаагүй. 50 хувийг нь төр хариуцсан, үлдсэнийг нь аваагүй байгаа. Банкийг өнөөдөр баталгаатай байлгахын тулд төрийн оролцоог нь багасгаж байна гэж ойлгож болох уу?
Г.Занданшатар: Хадгаламж эзэмшигчдийн эрх ашийг хамгаалах асуудал банкны үйл ажиллагаа хэвийн явахтай салшгүй холбоотой. Хадгаламжийн даатгалын тогтолцоо АНУ-ын FTIC буюу хадгаламжийн даатгалын корпораци иргэдийн хадгаламжийн найдвартай байдлыг хадгалахын тулд банкуудад хянан шалгах давуу эрх эдэлдэг.
Банкны өөрийн хөрөнгийн нийт активын харьцаа 4 хувиас доош ороход алдагдалд орохоос нь өмнө тухайн банкны хадгаламж эзэмшигчдийн хөрөнгө рүү татан буулгаад, өөрийн хөрөнгө буюу дүрмийн сангийнхаа хувьцаа эзэмшигчдийн хөрөнгийн хэмжээнд нь хязгаарладаг.
Тухайн хадгаламжийн даатгалын корпораци амжилттай ажиллаж чадахгүй бол өөрийнхөө хөрөнгө рүү орно. Тиймээс эдийн засгийн аргаар хадгалмжийн даатгалыг хяналт шалгалтынх нь үйл ажиллагаатай уясан тогтолцоо байдаг. Төвбанк энэ бүхнийг хянах, мөнгөний бодлогоо хэрэгжүүлэх давуу эрхээ авч, банкуудын хяналт шалгалтын ажил, хууль ном журмын дагуу эрсдэлгүй үйл ажиллагаа явуулдаг тогтолцоо руу зах зээлийн зарчмаар илүү ойртож байна.
Сангийн яамны Санхүүгийн бодлогын газрын дарга Ө.Баттулга: Хадгаламжийн даатгалын тогтолцоо нь 2013 онд хууль нь батлагдаад, хэрэгжиж эхэлсэн. Түүнчлэн банкны холбогдолтой хууль тогтоомжид өөрчлөлтүүд орж байгаа. Мөн ОУ-ын стандартад хадгаламжийн даатгалын тогтолцоог ойртуулах үүднээс хуулийн төслийг өөрчилж оруулж ирж байгаа.
Хадгаламжийн даатгалын тогтолцоо нь банкууд хадгаламжаасаа тодорхой тогтмол хувь хэмжээгээр шимтгэл төлж хуримтлуулдаг. Буцаагаад банк хүндэрвэл энэ сангаасаа харилцагчдын мөнгийг тавьж олгодог тогтолцоо. Хуулийн гол өөрчлөлтүүд бол хадгаламжийн даатгалын корпорацын бие даасан байдлыг илүү сайжруулж өгч байна. Банкинд албадлагын арга хэмжээ авагдсан үед зөвхөн харилцагчдын мөнгийг тавьж олгох биш зардал багатай арга хэмжээ байвал тэр дагуу шийдвэрлэх боломжуудыг нээж өгсөн. Хадгаламжийн даатгалын корпораци нь банкуудаас авсан мэдээллээ буцааж нягтлах боломжтой байдлаар эрх мэдлийг нь олгосон.