Хадгаламжийн даатгалын тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ
Монгол Улсын засгийн газраас өргөн барьсан Хадгаламжийн даатгалын тухай, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Иргэний хуульд нэмэлт оруулах тухай, Банкны тухай хуульд нэмэлт оруулах тухай, Төв банк /Монголбанк/-ны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Банкин дахь мөнгөн хадгаламжид баталгаа гаргах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн болон “Хадгаламжийн даатгалын тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын их Хурлын тогтоолын төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг шийдвэрлэлээ.
Хууль санаачлагчийн илтгэлийг Сангийн сайд Ч.Улаан танилцуулсан бол Эдийн засгийн байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ц.Баярсайхан танилцууллаа.
Улсын Их Хурлаас 2008 онд баталсан Банкин дахь мөнгөн хадгаламжид баталгаа гаргах тухай хууль нь богино хугацаанд банкны үйл ажиллагааг дэмжиж санхүүгийн тогтвортой байдлыг хангасан хямралын үеийн оновчтой шийдэл байсан.
Энэ хуулийн хэрэгжих хугацаа дуусаж байгаагаас гарч болзошгүй аливаа хямралын улмаас төсөвт учруулах дарамтыг бууруулах, санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хангах зорилгоор Хадгаламжийн даатгалын тухай хуулийн төслийг боловсруулсан байна.
Ч.Улаан: Цаашдаа даатгалын горимд шилжүүлэе гэж энэ хууль маань орж ирж байгаа юм.
Хуулийн төсөл нь 7 бүлэгтэй. Хуулиар Хадгаламжийн даатгалын корпораци хэмээх байгуулагыг шинээр бий болгож банкинд хадгаламж эзэмшигчдийн 20 сая хүртэл төгрөгийг тухайн банк заавал даатгаж байх зохицуулалтыг тусгасан байна. Валютын хадгаламжийн хувьд 20 сая төгрөг хүртэл хэмжээгээр нөхөн төлөхөөр төсөлд тусгажээ.
Хадгаламжийн даатгалын байгууллага нь бие даасан хараат бус байж хадгаламжийн даатгалын хураамж татан төвлөрүүлэх, санд төвлөрсөн хөрөнгийг хуулийн дагуу удирдах, гишүүн банкуудын санхүүгийн эрсдэлийг үнэлэх, даатгалын тохиолдол гарсан үед хадгаламж эзэмшигчдэд нөхөн олговор олгох гэсэн үндсэн үйл ажиллагааг эрхлэх юм.
Корпорацийн анхны санг бүрдүүлэхэд Сангийн яам, Монгол банк тус бүр 50 тэрбум, арилжааны банкуудаас 100 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлэхээр төлөвлөж байгаа юм байна.
Н.Энхболд: Энэ хууль зөндөө олон цоорхой гархаар байна.
Л.Энх-Амгалан: Энэ хууль чухал учраас хурдан батлахыг дэмжиж байгаа.
С.Ганбаатар: Хадгаламж эзэмшигчидийн төлөөллийг удирдах хороонд оруулах хэрэгтэй.
УИХ-ын гишүүн Г.Уянга Мөнгөн хадгаламжийн баталгааны хугацааг сунгах ямар шаардлага байгаа талаар асуусан юм. Хууль хэрэгжиж Хадгаламжийн даатгалын корпорацийн үйл ажиллагаа жигдэртэл тодорхой хугацаа орох учраас энэ хугацаанд хуулийн хугацааг сунгах шаардагатай байгаа гэж Монгол банкны Тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Жавхлан хариуллаа. Өнөөдөр банкинд хадгаламж эзэмшигчдийн 99 хувь нь 20 сая хүртэл төгрөгийн хуримтлалтай байдаг учраас нийт хадгаламж эзэмшигчдийн ихэнх нь хамгаалагдах юм байна. Өндөр хадгаламжтай иргэдийн эрсдэлийг бууруулахын тулд босгыг нэмбэл банкны үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй учраас энэ удаа 20 сая төгрөгөөс илүүгээр тогтоох боломжгүй хэмээн төсөл санаачлагчид тайлбарласан юм.
Хэлэлцүүлгийн үеэр гишүүд хадгаламж эзэмшигчид хадгаламжаа 20 сая төгрөгт тааруулан тараан байршуулах, банкууд даатгалын хураамжийг хариуцсанаар зээлийн хүү нэмэгдэх, банкны үйлчлүүлэгчдийн нууцлал, итгэлцэл алдагдах эрсдэлийг сайтар тооцоолох, корпорацийн бие даасан байдлыг хангахад анхаарах, даатгалын санд хуримтлагдсан хөрөнгийг өөр зүйлд эх үүсвэр болгохоос сэргийлэх зэрэг зохицуулалтад анхаарахыг сануулсан юм.
Н.Энхболд гишүүн хэлэлцэж байгаа хуулийг сайн хэлэлцэх хэрэгтэй гэсэн байр суурьтай байна
С.Бямбацогт гишүүн хэлэлцэж байгаа хуулийг дэмжиж үг хэлэв
Өндөр хадгаламж эзэмшигчдийн эрсдэлийг багасгахын тулд арилжааны даатгалын өөр арга замын ашиглах боломж байгааг төсөл санаачлагчид хэлж байлаа.
Энэ өдрийн хуралдаанаар хуулийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэж байгаа учраас цаашид байнгын хорооны хэлэлцүүлгийн үед гишүүд саналаа тусгуулах, тодорхой болгох боломж байгаа гэж УИХ-ын дарга З.Энхболд хэллээ. Ийнхүү Хадгаламжийн даатгалын тухай хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй хэмээн гишүүдийн 74 хувь дэмжсэнээр анхны хэлэлцүүлэгт бэлтгэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлснээр өнөөдрийн хуралдаан өндөрлөв.