Б.Гарамгайбаатар:Төр иргэдийн хадгаламжид баталгаа гаргах шаардлагагүй
Эдийн засгийн байнгын хорооны дарга Б.Гарамгайбаатар
2012.11.28

Б.Гарамгайбаатар:Төр иргэдийн хадгаламжид баталгаа гаргах шаардлагагүй

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Б.Гарамгайбаатартай хадгаламжийн даатгалын тухай хуулийн төслийн талаар ярилцлаа.

-Энэхүү хуулийн төслөөс өмнө банкин дах хадгаламжид баталгаа гаргах ямар систем байсан юм бэ?

Өмнө нь төр өөрөө банкинд хадгаламжид батлан даалт гаргаж байсан. Нөгөө эдийн засгийн хямрал болж, Анод, Зоос банктай холбоотойгоор энэ асуудал яригдаж гарч байсан. Үүнээс болж төр ард иргэдийг хохироохгүйн тулд баталгаа гаргадаг болсон. Гэхдээ баталгааны хугацаа нь энэ оны 11 сарын 25-нд дуусч байгаа юм. Харин өнөөдөр үүнтэй уялдуулаад хадгаламж эзэмшигчид банкинд оруулсан мөнгөө буцаан татах үзэгдэл мэр сэр гарч байгааг үгүйсгэхгүй. баталгаа гаргах хугацааг сунгах саналыг байнгын хорооны хурал дээр оруулж ирсэн.

 Өмнөх засгийн газрын үед хугацааг сунгах шаардлагагүй, харин хуулиа гаргах хэрэгтэй гэж үзэж байсан. Гэтэл хадгаламжийн даатгалын тухай хууль өнгөрсөн засгийн газрын үед өргөн баригдсан хууль. Гэхдээ хууль батлагдаагүй юм. Сая шинэ засгийн газар гарч ирээд тус хуулийн төслийг хэлэлцэж эхлээд байна. Хуулийг дахиж оруулж ирэхдээ зарим нэг зөрчилтэй зүйл заалтуудыг өөрчлөөд оруулж байгаа гэдгийг хууль санаачлагч Ц.Баярсайхан гишүүний зүгээс хэлсэн.

-Төр баталгаа гаргаж банкны эрсдлийг даах нь ямар ашигтай юм бэ. Төсөвт их эрсдэлтэй биш үү?

Өмнөх тэр буруу жишгээс харахад төр дааж байсан учир төсөв их дарамт болж байсан. Одоо хадгаламжийн даатгалын хуулиар арилжааны банкиуд даатгалын санд гишүүнээр орж, сангийн тодорхой хөрөнгө оруулалтыг бүрдүүлэх ёстой байгаа. Энэ ч утгаараа төсөвт дарамт учруулахаа болино гэсэн үг.

Ер нь би бодохдоо тухайн хадгаламж эзэмшигч тухайн банкинд мөнгөө хадгалуулах эсэхээ өөрөө шийддэг. Өөрөө шийдээд хадгалалуулсан,  хадгалуулахдаа  банктай тодорхой гэрээ хэлцэл байгуулаад, банк ч тэрийг батлан даагаад хадгалж байгаа харилцаа. Ийм байтал төр оролцож, батлан даалт гаргах хэрэггүй. Төр хариуцна гэсэн юм үндсэндээ байх ёсгүй. Манайд харин буруу жишиг тогтчихсон байгаа юм.

Хадгаламж эзэмшигчид тодорхой ашгийн төлөө л мөнгөө эргэлтэд оруулж банкинд хадгалуулдаг. Сонгосон банкиндаа хяналт тавих эрхтэй шүү дээ. Гэтэл өнөөдөр тэр эрхээ эдлэхгүй байна.

Хадгаламж эзэмшигчид  сонгосон банкиндаа хяналт тавих эрхтэй

-Хуулийн төслийн хүрээнд ажлын хэсэг томилогдсон. Даатгалын сангийн удирдах зөвлөлд хэн хэн орох вэ?

Арилжааны банкуудын дүрмийн санг бүрдүүлэх асуудал гарч байгаа учраас процедурыг хуулийн төсөлд заасан. Гэхдээ одоо ингээд харахаар Сангийн яам, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хорооны төлөөлөл удирдах зөвлөлд орж байгаа учраас төрийн хараат байдалд орох вий гэсэн болгоомжлол байна.

Сая байнгын хорооны хурал дээр чиг л энэ тухай ярилаа. Үүн дээр ямар эрсдэл байна гэдгийг Ц.Баярсайхан гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг судлах байх. Ажлын хэсэг хуулийн төслийг илүү нарийвчилж ажиллах ёстой. Яагаад гэвэл энэ асуудал дөнгөж хэлэлцэх үү үгүй юу гэдэг дээрээ явж байна шүү дээ.

Ярилцсанд баярлалаа.