Л.Болд: Төсвийн алдагдал болон өрийн дарамтыг бууруулах сайхан боломжуудыг Засгийн газар бүрэн ашиглаж чадахгүй байна
Улсын Их Хурлын 2017 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2017.11.03) үдээс хойших нэгдсэн хуралдаан 15 цаг 21 минутад эхэллээ. Уг хуралдаанд “Эдийн засгийг сэргээх хөтөлбөрийн хэрэгжилт”-ийн явцын талаар хэлэлцлээ.
Хөтөлбөрийн талаар Ардчилсан намын бүлгийн санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Л.Болд уншсан юм.
Тэрээр: "Тус хөтөлбөртэй холбогдуулан Монгол Улсын эдийн засаг, санхүүгийн өнөөгийн байдлыг товчоор дүгнэвэл, дэлхийн эдийн засаг сэргэж, гадаад зах зээлийн эрэлт нэмэгдэж, уул уурхайн бүтээгдэхүүний үнэ өсөж экспортын тоо хэмжээ болон үнийн дүн өссөн. 2017 оны эхний есөн сарын байдлаар экспортын гол нэр төрлийн бүтээгдэхүүн болох нүүрсний экспортын орлого 3.4 дахин, төмрийн хүдрийн экспортын орлого 40 хувиар нэмэгдээд байна.
2016 оны зургаан сард ердөө 293 сая ам.доллараар борлуулалт хийж байсан нүүрс 2017 оны есөн сарын дүнгээр нэг тэрбум 730 сая ам.долларт хүрсэн нь даруй нэг тэрбум 437 сая ам.доллараар давсан байна. Зэсийн баяжмал, төмрийн хүдэр, газрын тос, цайрын баяжмал, алт зэрэг голлох уул уурхайн экспортын бүтээгдэхүүнүүд бүгд өссөн үзүүлэлттэй, цаашид ч нэмэгдэх төлөвтэй байна. Уул уурхайн экспортын голлох зургаан бүтээгдэхүүний борлуулалтын хэмжээ 2016 оны зургаан сард нийт дүнгээрээ 1,8 тэрбум ам.доллар байсан бол 2017 оны есөн сарын байдлаар дөрвөн тэрбум ам.долларт хүрчээ. Монголбанк энэ онд цэвэршүүлсэн алтаа нэг тэрбум ам.доллараар арилжаална.
Уул уурхайн экспортын хэмжээ 2017 онд 23 хувиар өсөж зургаан тэрбум ам.долларт хүрэх нь тодорхой байна. Ийнхүү уул уурхайн мөчлөг дагасан эдийн засгийн уналт зогсож, сэргэлт эхэлсэн таатай он жил гарч байгаа боловч эдийн засгийн хүндрэлүүдийг арилгах, төсвийн алдагдал болон өрийн дарамтыг бууруулах сайхан боломжуудыг Засгийн газар бүрэн ашиглаж чадахгүй байна .
Олон улсын байгууллагаас гаргадаг зээлжих зэрэглэл, бизнес эрхлэлт, өрсөлдөх чадвар, хөрөнгө оруулалтыг татах чадвар зэрэг индексүүдийг сайжруулах, иргэдийг гадаад улсад тодорхой хугацаагаар ажиллуулах арга хэмжээг төрөөс авч хэрэгжүүлэх, аялал жуулчлалын гол маршрутын зам дагуу түр буудаллах цэг, үйлчилгээний цогцолбор байгуулах, гадаадын зах зээлд экспортлох боломжтой программ хангамж, техник хангамжийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, казиногийн үйл ажиллагаа эрхлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх, хурдан морины бооцоот уралдаан зохион байгуулах эрх зүйн орчныг бүрдүүлэх, импортыг орлох барилгын материалын дотоодын үйлдвэрлэлийг бодлогоор дэмжих зэрэг зорилтууд огт биелэгдээгүй байна. Бодит салбарын өсөлтийг дэмжих томоохон төслүүдийг эхлүүлж, дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх зорилт биелэгдсэнгүй" гэсэн юм.