УИХ-ын гишүүн Ч.Улаан
2016.11.24

Ч.Улаан: Засгийн газраар дэндүү олон цаас нухуулж байхаар ажилд нь шуурхай оруул

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар “Эдийн засгийн хүндрэлийг даван туулах, тогтворжуулах хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. 

Тогтоолын төслийг хэлэлцэж байх үеэр гишүүд асуулт асууж, үг хэлж дууссаны дараа Эдийн засгийн байнгын хорооноос оруулж ирсэн зарчмын зөрүүтэй 36 саналаар санал хураах болсон юм. 

Зарчмын зөрүүтэй санал хураахын өмнө УИХ-ын гишүүн Ч.Улаан Засгийн газар, байнгын хорооноос асуулт асуулаа. 

УИХ-ын гишүүн Ч.Улаан:

“Эдийн засгийн хүндрэлийг даван туулах, тогтворжуулах хөтөлбөр”-ийг “Эдийн засгийг сэргээх хөтөлбөр” болгон нэрийг нь өөрчилж байгааг зарчмын хувьд дэмжиж байна. Зарим зүйл, заалтыг нь хасаж байгааг ойлгож байна.

Гэхдээ “Эдийн засгийг сэргээх хөтөлбөр” гэсэн атлаа төсвийн алдагдлыг бууруулах, дунд хугацаанд төсвөө алдагдалгүй болгох, үргүй зардлаа хэмнэх зэрэг заалтуудыг яагаад хассан юм бэ?

Банкны зээлийн ашиглалтад үнэлэлт өгөх, Хөгжлийн банкнаас олгосон зээлийн хэрэгжилтэд хяналт, шалгалт хийх, эргэн төлүүлэх зэрэг тодорхой заалтууд байсныг хассан байна. Мөн үндэсний бүтээн байгуулалтын хүрээнд өрнөх зарим төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх тухай асуудлыг мөн хасчээ.

Ингээд харахаар, уг хөтөлбөрт эдийн засгийн хүндрэлийг даван туулах, тогтворжуулах зарим заалтууд үлдэв? Засгийн газар уг хассан заалтуудыг хэрхэн ойлгож, яаж хүлээн авч байна?

Эдийн засгийг сэргээх хөтөлбөр нь төсвийг алдагдалгүй болгох зорилт байхгүй байгаад гайхаж байна.

Эдийн засгийн байнгын хорооноос асуухад, бид Засгийн газраа бодит ажил хийлгэхгүй, цаас нухуулж, алтан цагийг нь үрж байна шүү дээ. Ингэж бодож үзсэн үү?

Ирэх 4 жилд хэрэгжүүлэх Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг баталсан. Энэ дагуу дэлгэрэнгүй төлөвлөгөө гаргаж ажиллаарай гэж Засгийн газарт үүрэг болгосон. Засгийн газар уг төлөвлөгөөг боловсруулж байна. Мөн Эдийн засгийг сэргээх хөтөлбөр батлах гэж байна. Уг хөтөлбөрөө хэрэгжүүлэх дэлгэрэнгүй төлөвлөгөө боловсруулаарай гэж үүрэг өгнө шүү дээ.

Хэмнэлтийн тухай үндэсний хөтөлбөр боловсруулах үүргийг давхар ногдуулж байна. Энэ дагуу мөн л дэлгэрэнгүй төлөвлөгөө боловсруулах үүрэг өгөх байх. Эдгээр бодлогын баримт бичиг нь хоорондоо уялдаатай байвал хэрэгжүүлэх ажилдаа шуурхай орох ёстой юм биш үү?"

УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Чойжилсүрэн:

"Засгийн газар “Эдийн засгийн хүндрэлийг даван туулах, тогтворжуулах хөтөлбөр”-ийн төслийг УИХ-д өргөн барьсан. Уг хөтөлбөрийг байнгын хороогоор хэлэлцэж байх үеэр нэрийг нь өөрчлөх, агуулгыг цэгцлэх, цомхон болгоно.

Хөтөлбөр батлагдсаны дараа хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулах үүргийг Засгийн газарт өгөөд байна."

УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Тэрбишдагва:

"Засгийн газрын оруулж ирж буй төсөл, хөтөлбөр ямар ч асуудалгүй байсан тохиолдолд заавал ажлын хэсэг байгуулж, 14 хоног хойшлуулж, цаг алдаад байх шаардлага байхгүй. Байнгын хорооны гишүүд Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөртэйгээ адилхан хөтөлбөр оруулж ирлээ гэж үзсэн.

Эдийн засгийн хүндрэл, хямралыг даван туулъя гэж байгаа бол энэ хүрээнд байгуулагдсан ажлын хэсгүүд нийлж, Засгийн газартай хамтран цэгцэлсэн.

Засгийн газар төсөл, хөтөлбөр боловсруулахдаа хайнга ханддаг болсон

Цаашид УИХ нь хууль тогтоох дээд байгууллагын хувьд Засгийн газрын төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавьж, шахаж шаардана уу гэхээс биш аливаа оруулж ирсэн хуулийн төсөл, төсөл хөтөлбөрийг засаж, анхны төслөөс танигдахын аргагүй болгодог учраас Засгийн газар ч хэдэн жилийн өмнөөс төсөл, хөтөлбөр боловсруулахдаа хайнга ханддаг болсон байна."