УИХ-ын гишүүн Н.Учрал
2016.11.04

Н.Учрал: Ерөнхий зориулалтын нислэгийг Монголд хөгжүүлэх шаардлагатай

УИХ-ын чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар "Эдийн засгийн хүндрэлээс гарах, тогтворжуулах хөтөлбөрийг батлах тухай" УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцсэн. Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Учрал ерөнхий зориулалтын нислэгийг хөгжүүлэх тухай хөтөлбөрт тусгахыг санал болголоо. 

УИХ-ын гишүүн Н.Учрал:

"Эдийн засгийн хүндрэлийг даван туулах, тогтворжуулах хөтөлбөрт, Иргэний нисэхийн үйлчилгээнд дэвшилтэт техник, технологийг нэвтрүүлж, дамжин өнгөрөх нислэгийн тоог нэмэх гэсэн зорилт орсон байна.

Өөрийн орны онцлогт тохирсон ерөнхий зориулалтын нислэгийг төрийн бодлогын түвшинд авч хэрэгжүүлэн хямралаас гарсан туршлага байдаг. Манай улстай хүн амтай ижил, газар нутгийн хувьд хэд дахин бага Шинэ Зеланд 3900 гаруй жижиг онгоц ашиглалтад оруулж, маш олон ажлын байр бий болгосон байна. АНУ-д 230 мянга гаруй ерөнхий зориулалтын агаарын хөлөг ажиллаж, 1,2 сая хүн ажлын байртай, 5 жилийн дотор 150 сая ам.долларын баялаг бүтээсэн байна.

Манай улсад ерөнхий зориулалтын нислэг нилээд ач холбогдол өгөх ёстой салбар. Намын мөрийн хөтөлбөрт ч ерөнхий зориулалтын нислэлийг дэмжинэ гэсэн заалт орсон. Зам тээвэр, хөгжлийн яамнаас анх удаа ерөнхий зориулалтын нислэгийн нэгж байгуулж, иргэний нисэхийн салбарт ажиллуулахаар болсон байна.

Тиймээс Засгийн газрын хөтөлбөрийн дээр дурдсан зорилтод иргэний нисэхийн үйлчилгээнд дэвшилтэт техник, технологи нэвтрүүлж, ерөнхий зориулалтын нислэгийг хөгжүүлнэ гэж оруулж өгөх нь зүйтэй. Манай улсын аймаг, сумдад ашиглагддаг нисэх онгоцны хэд хэдэн буудал бий. Эдгээр нисэх онгоцны буудлуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах шаардлагатай. Ерөнхий зориулалтын нислэг бий болсноор Онцгой байдлын аврах ангиуд үүрэгт ажлаа хурдан хугацаанд гүйцэтгэх боломжтой болно. Түргэн тусламжийн үйлчилгээг жижиг нислэгээр хүргэх бүрэн боломжтой. Уулархаг, хээр талын бүсэд сургалтын бааз байгуулж болно.

Нэг нисэгч 80-100 мянган ам.доллар төлж гадаад нисэхийн сургалтад хамрагдаж байна. Тэгвэл Монгол Улсад уг сургалтын баазийг байгуулж, нислэг үйлдэх, гадаадын нисэгчдийг Монголд бэлдэх боломж бий болно гэж бодож байна.

Уул уурхайн салбарт ч геофизикийн зургийг агаар дээрээс авах, хайгуулыг жижиг онгоц ашиглан хийх гээд олон талын ач холбогдолтой.

Хэнтий аймгийн Дадал суманд гэхэд нисэх онгоцны буудал байгаа боловч ашиглагддаггүй. Тиймээс Эдийн засгийн хүндрэлийг даван туулах, тогтворжуулах хөтөлбөрт ерөнхий зориулалтын нисэхийн салбарт онцгой анхаарах гэж оруулж өгөх хэрэгтэй.

Монголд одоогоор 20 гаруй жижиг онгоц нисч байна. Энэ бол бага тоо. Уул уурхайн компаниуд гадаадын нисэгч хөлсөлдөг, гадаадын нисэх онгоц ашигладаг гэх зэргээр асар их хэмжээний мөнгө гадагшаа урсаж байна. Энэ урсгалыг эх орондоо татаж, өөрийн орны онцлогт тохирсон ерөнхий зориулалтын нислэгийг хөгжүүлье гэсэн санал санаачилгыг минь тусгаж өгөөч гэсэн саналтай байна."