УИХ-ын гишүүн Я.Содбаатар
2016.11.24

Я.Содбаатар: Хөтөлбөрийн үр дүнг хэмжих 10 шалгуур үзүүлэлтийн нэг нь энэ юм

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар “Эдийн засгийн хүндрэлийг даван туулах, тогтворжуулах хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. 

Тогтоолын төслийг хэлэлцэж байх үеэр гишүүд асуулт асууж, үг хэлж дууссаны дараа Эдийн засгийн байнгын хорооноос оруулж ирсэн зарчмын зөрүүтэй 36 саналаар санал хураах болсон юм. 

"Зээлжих зэрэглэлийг хоёр түвшинд ахиулж, бизнес эрхлэлтийн үзүүлэлт 70, хөрөнгө оруулалт татах чадварын үзүүлэлт 60, дэлхийн өрсөлдөх чадварын индекс 94, авлигын индексийг 60 дугаар байрт хүргэх" гэж УИХ-ын гишүүн Г.Занданшатар, Я.Содбаатар нар зарчмын зөрүүтэй санал гаргасан. Уг саналаа тайлбарлаж үг хэллээ.

УИХ-ын гишүүн Я.Содбаатар:

"38 заалттай “Эдийн засгийн хүндрэлийг даван туулах, тогтворжуулах хөтөлбөр” батлагдсанаас хойш 18 сарын дараа тодорхой үр дүнд хүрнэ гэж 10 асуудлыг жагсаасан байгаа.

Хөтөлбөрийн үр дүнг хэмжих 10 шалгуур үзүүлэлтийг үндэслэн Засгийн газрын үйл ажиллагааг 18 сарын дараа дүгнэх болно.

Уг хөтөлбөрийг хэрэгжүүлснээр бизнесийн орчныг сайжруулж, хөрөнгө оруулалт татан, улмаар төсвийн алдагдлаа багасгаж, зээлжих зэрэглэл ахих юм. Хөтөлбөрийн үр дүнг 10 шалгуур үзүүлэлтээр хэмжсэнээр Монгол Улсын авч хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөр хэр үр дүнтэй байдгийг олон улсад харуулах юм. Ингэж үр дүнг нь үздэг, хариуцлага тооцдог байя гэсэн санаа.

Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн эдгээр үзүүлэлтийг тодорхой түвшинд ахиулъя гэж байгаа нь “агаарын” зүйл биш.

Хөтөлбөрийн энэхүү шалгуур үзүүлэлтийг Засгийн газар, Сангийн яам тооцоолсон. Г.Занданшатар бид хоёрын хөтөлбөрт оруулж байгаа нэмэлт нь төсөлд оруулж буй агуулга, заалт биш хөтөлбөрийг хэрэгжүүлснээр хүрэх үр дүнгийн хүснэгтэд байгаа тоо шүү гэдгийг онцлон тэмдэглэж байна.

Тэрнээс биш хэн нэгэн, аль нэг байгууллагын өмнө үүрэг амлалт авч байгаа хэрэг биш."