Эдийн засгийн хүндрэлийг даван туулах, тогтворжуулах хөтөлбөр батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжив
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан
2016.11.02

Эдийн засгийн хүндрэлийг даван туулах, тогтворжуулах хөтөлбөр батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжив

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны 2016.11.02-ны өдрийн хуралдаан 09:45 цагт 52.6 хувийн ирцтэй эхэлж, гурван асуудал хэлэлцэхээр тогтов.

Хуралдаанаар эхлээд Засгийн газраас 2016 оны аравдугаар сарын 27-ны өдөр өргөн мэдүүлсэн “Эдийн засгийн хүндрэлийг даван туулах, тогтворжуулах хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэлээ. Тогтоолын төслийг Засгийн газрын гишүүн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдорж танилцуулсан юм.

Монгол Улс 2013, 2014 онд нэг хүнд ногдох ҮНО-ын хэмжээгээр дэлхийн банкны дундаж-дээгүүр орлоготой орны ангилалд дэвшин орсон боловч 2015 онд эдийн засгийн өсөлт саарсан, төгрөгийн ханш суларсантай холбоотойгоор нэг шат уруудаж, дундаж-доогуур орлоготой орны ангилалд буцаж шилжин ороод байгааг дурдаад эдийн засгийн өсөлт саарсан шалтгаан, өнөөгийн бодит нөхцөл байдлын талаар болон цаашид үүсч болзошгүй хүндрэлийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөв. Төсвийн тэнцэл, төлбөрийн тэнцэл хос алдагдалтай байгаа нь макро эдийн засгийн суурь тэнцвэрүүдийг яаралтай сайжруулахгүй тохиолдолд эдийн засгийн нөхцөл байдал улам хүндрэх, хямрал цаашид гүнзгийрэхийг анхааруулж байгаа аж. Түүнчлэн, гадаад валютын улсын нөөц хангалтгүй, гадаад төлбөрийн чадвар сул байгаа энэ үед дэлхийн зах зээл дээрх ашигт малтмалын бүтээгдэхүүний үнэ доогуур, гадаад зах зээл дэх эрэлт бага хэвээр цаашид үргэлжилбэл олон улсын зах зээлд Засгийн газрын гаргасан үнэт цаасны үндсэн төлбөрийг ирэх онуудад төлөхөд хүндрэл үүсч болзошгүй юм байна.

Иймд эдийн засагт үүссэн хүндрэлүүдийг богино хугацаанд шийдвэрлэх зорилгоор “Эдийн засгийн хүндрэлийг даван туулах, тогтворжуулах” хөтөлбөрийн төслийг боловсруулсан болохыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдорж онцлон танилцуулсан юм. Хөтөлбөр нь 1) Макро эдийн засгийг тогтворжуулах бодлого хэрэгжүүлэх, 2) Дунд хугацаанд эдийн засагт бүтцийн өөрчлөлт хийж, тогтвортой өсөлтийг хангах, өрийн дарамтыг бууруулах бодлого хэрэгжүүлэх гэсэн хоёр үндсэн стратегитэй бөгөөд энэ хүрээнд нийт 60 гаруй бодлогын арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

Танилцуулгатай холбогдуулан байнгын хорооны гишүүд Засгийн газрын гишүүн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдорж, Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Нямаа, Монголбанкны дэд ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн болон ажлын хэсгийн гишүүдээс асуулт асуун хариулт авч, саналаа хэллээ. Улсын Их Хурлын гишүүн Л.Болд Эдийн засгийн хүндрэлийг даван туулах, тогтворжуулах хөтөлбөр нь Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр болон эдийн засгийн чиглэлийн бодлогын бусад баримт бичгээс юугаараа ялгаатай болохыг тодруулж асуусан бол Улсын Их Хурлын гишүүн Т.Аюурсайхан, өнөөдрийн эдийн засгийн хүндрэлийн суурь шалтгаан болох шат шатандаа хариуцлага алддаг энэ байдлыг засаж, залруулах талаар уг хөтөлбөрт тусгагдсан эсэхийг лавлаж байлаа. Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг, Засгийн газрын тэргүүн эдийн засгийн хүндрэлийг 18 сарын дараа тогтворжуулна гэж байсан бол өнөөдрийн хэлэлцэж буй хөтөлбөрт тодорхой хугацаа байхгүй байгааг анхааруулав. 2012-2016 оны Засгийн газар хамгийн их мөнгө, санхүүжилттэй байсан ч төсөв, санхүүгийн асуудлыг улстөржүүлсэн бодлогын алдаанаас үүдсэн эдийн засгийн хүндрэлийг өнөөдөр улс орон, ард иргэд үүрч байгааг тэрбээр онцлоод, бага орлоготой, эдийн засгийн хүндрэлд нэрвэгдэж буй зорилтот бүлэгт хандсан нийгмийн халамжийн арга хэмжээний талаар тодруулж, ажлын байрыг хадгалах, нэмэгдүүлэх асуудлуудыг уг хөтөлбөрт тодорхой тусгах нь зүйтэй гэдэг саналыг хэлсэн. Улсын Их Хурлын гишүүн Д.Тэрбишдагва, эдийн засгийн хүндрэлийг даван туулах, тогтворжуулах зорилготой уг хөтөлбөрийг тун оновчтой боловсруулах ёстой, харин Засгийн газраас өргөн мэдүүлсэн уг хөтөлбөр урьд өмнө хэрэгжиж байсан үр дүн муутай бодлогын баримт бичгүүдээс ялгарахгүй байгааг тэмдэглээд эдийн засгийн хүндрэлийг даван туулахын тулд хэрэгжүүлэх хөтөлбөр, хүрэх үр дүн, дүгнэх хугацааг оновчтой тодорхойлж, энэ хүрээнд хэрэгжүүлэх ажлуудаа нарийн тусгах шаардлагатайг хэллээ.

Ийнхүү хуралдаанд оролцсон гишүүд асуулт асууж, саналаа хэлсний дараа тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэх нь зүйтэй гэсэн саналын томъёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүд 84.6 хувийн саналаар дэмжлээ. Мөн байнгын хорооны гишүүдийн гаргасан саналын дагуу уг тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Д.Дамба-Очироор ахлуулан байгуулахаар шийдвэрлэлээ.