2017.11.03

Монголд анх удаа "Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн цогц төв" баригдаж байна

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн хөгжлийн төв анх удаа нийслэлд баригдаж байна. Дотроо эмнэлэг, сэргээн засах сувилгаа, ном сурах бичгээр хангагдсан сургалтын танхим гээд цогц байдлаар шийджээ. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан хөгжлийн төв урд хөршийн буцалтгүй тусламжаар баригдаж байгаа юм. Төвийн явцтай УИХ-ын гишүүн С.Эрдэнэ танилцлаа.

Манай улсад хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд тусгайлан зориулсан Хөгжлийн төв байдаггүй.  Тэдэнд чиглэсэн бодлого шийдвэрүүд хомс, цэцэрлэг сургуулийн хүрэлцээ муу учраас ихэнх нь эцэг эх, асран хамгаалагчийн халамжид гэртээ байдаг.

Тэр хэрээр нийгмээс тусгаарлагдаж, бусдын адилаар сурч боловсрон, хөгжилтэйгөө хөл нийлүүлэн алхах боломж хязгаарлагдмал байдаг. Тэгвэл өнгөрсөн оны долдугаар сард тэдэнд зориулж, “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төв” барих ажлыг БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар эхлүүлсэн.  

Баянгол дүүргийн 20-р хороо, Сонсголонгоос нисэх онгоцны буудал явах замд баригдаж байгаа Хөгжлийн төвийн барилгын ажил одоогоор 60 орчим хувьтай явагдаж байгааг албаныхан хэлж байна. Энэ төв нь 3 давхар, доошоо нэг давхар байх юм.

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, багачуудыг бусдын адил хөгжих бүх л боломж, бололцоогоор бүрдүүлэхээс  гадна тэдэнд хамгийн шаардлагатай нөхөн сэргээх  амбулатори, нөхөн сэргээх эмчилгээний хэсэг, усан эмчилгээний хэсэг, хэвтэн эмчлүүлэх тасаг бүхий эмчилгээ сувилгааны газар, номын сан, захиргаа, бие даах төв зэрэг цогц үйлчилгээ бүхий “Хөгжлийн төв” баригдаж байна.  Хөгжлийн бэрхшээлтэй олон хүүхдийн ирээдүйг гэрэлтүүлж, хөгжих бүх л боломжоор хангах хамгийн том, орчин үеийн, иж бүрэн Хөгжлийн төвийг барихад нийт 146 сая 360 мянган юань төсөвлөжээ.