2017.10.04

Л.Болд: Хуулийн байгууллагууд улстөрийн хэрэгсэл болж байна

УИХ-ын намрын ээлжит чуулган өнөөдөр /2017.10.04/ 11:00 цагт эхэллээ. Өнөөдрийн чуулганаар Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдад У.Хүрэлсүхийг томилох асуудлыг хэлэлцэж байна.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Л.Болд байр сууриа илэрхийллээ.

Л.БОЛД: БИД ӨМНӨХ ТҮҮХЭЭСЭЭ СУРГАМЖ АВАХ ЁСТОЙ

У.Хүрэлсүхийн сайдын хувьд ард түмний итгэлийг маш их авсан. Маш их хүлээлт үүсгэсэн байгаа. Үнэхээр манай нийгэмд болохгүй асуудал маш их байна. Монгол Улсын аюулгүй байдал яригдаж байгаа энэ үед шинэ Засгийн газрын хувьд түүхэн сорилтууд их бий. Бид өмнөх УИХ, өмнөх түүхээсээ сургамж авах ёстой. Ойрхон Засаг солигдсон жилүүд бий.

Мөн У.Хүрэлсүх сайдын хэлснээр хүн бүр хуулиас айж явах ёстой. Харин хууль сахиулагчаас айж явах учиргүй. Ойрын үеийн улстөрийн үйл явдлыг харахад үнэхээр ард түмнээсээ ичиж, санаа зовохоор байна. Ерөнхий сайд Шадар сайдыгаа тагнах, эсвэл хоёуланг нь хөндлөнгийн хүн тагнаж, чагнаж байна гэх хэргийг шалгаад явж байна. Яг өмнөх парламентын ичгүүртэй түүх давтагдсан. Тэр үед Хуульзүйн сайдаа тагнаж чагнасан хуулийн байгууллагын талаар аймшигтай асуудлыг ярьж байсан. Түүнээсээ сургамж авалгүй дахиад л энэ асуудлыг ярьсан.

Хуулийн байгууллагууд нь улстөрийн хэрэгсэл болсон байна. Хуулийн байгууллагууд нь улстөрөө барьцаалсан явдал хэрээс хэтэрч байна.

Энэ асуудалд цэг тавихгүй бол бид бүхэн муу түүхээ дахин давтсаар байна.