2017.10.04

Б.Баттөмөр: Хүмүүнлэг иргэний ардчилсан нийгмийн байгуулах хамгийн муу загвар монголд хэрэгжиж байна

УИХ-ын намрын ээлжит чуулган өнөөдөр /2017.10.04/ 11:00 цагт эхэллээ. Өнөөдрийн чуулганаар Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдад У.Хүрэлсүхийг томилох асуудлыг хэлэлцэж байна.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Б.Баттөмөр байр сууриа илэрхийллээ.

Б.БАТТӨМӨР: МОНГОЛ УЛСАД УЛСТӨРЖИЛТ САВНААСАА ХАЛЬСАН

Шинэ байгуулагдах Засгийн газар маш том сорилтын өмнө ирж байна. Монгол Улсын эдийн засаг маш хүнд байгаа. Гадаад өр 25,2 тэрбум төгрөг доллар байна. Энэ бол Монгол Улсын 10-аад жилийн орлоготой тэмцэх хэмжээний мөнгө. Засгийн газрын өр 20 их наяд. Энэ бол Монгол Улсын Дотоодын нийт бүтээгдэхүүнтэй тэмцэх хэмжээний өр. Зээлжих зэрэглэл дампуурлын өмнөх ангилалд орсон. Эдийн засаг ганцхан банкинд суурилсан гэх мэт таагүй зүйлийг яривал маш их байна.

Эдийн засгийн таагүй байдалтай уялдаад улстөрийн таагүй байдал үүсч байна. Үүнд тохирсон арга хэмжээнүүдийг авах ёстой. Зах зээлд шилжихдээ сууриа буруу тавьсан. Хазгай суурин дээр байшин барьсан.

Тиймээс энэ намрын чуулганаар хэлэлцэх Үндсэн хуулийн өөрчлөлт их чухал үүрэг гүйцэтгэнэ.

Одоогийн ярьж байгаа зургаан өөрчлөлтийг хийснээр сайн сайхан болно гэж бодохгүй байна. Маш их зүйл хийх шаардлагатай байна.

Манайд улстөржилт савнаасаа хальсан. Талцал их хүчтэй болсон байна. Талцал үзэн ядалт болдо, үзэн ядалт өширхөл болдог, өширхөл өшөө авалт болдог зүй тогтолтой. Иймээс Үндсэн хуулийн өөрчлөлтөөр улстөржилтийг багасгах чиглэлээр ажиллах шаардлагатай.

Монгол Улсын явж байгаа өнөөдрийн хөгжлийн загвар хоцрогдсон. Хүмүүнлэг иргэний ардчилсан нийгмийн  байгуулах хамгийн муу загвар монголд хэрэгжиж байна. Хуримтлал үүсгэж чадахгүй байгаа учраас хөгжил дэвшил алга. Тиймээс шинэ Засгийн газар, шинэ хөгжлийн бодлого гаргаж ирэх хэрэгтэй.

2018 оны төсөв хэлэлцэх үед хөгжлийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын бий болгох ёстой.