Д.Тэрбишдагва: Ж.Эрдэнэбатын Засгийн газар хүлээж авснаасаа илүү үзүүлэлт сайтай эдийн засаг хүлээлгэж өглөө
УИХ-ын намрын ээлжит чуулган өнөөдөр /2017.10.04/ 11:00 цагт эхэллээ. Өнөөдрийн чуулганаар Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдад У.Хүрэлсүхийг томилох асуудлыг хэлэлцэж байна.
Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва өөрийн байр сууриа илэрхийллээ.
Д.ТЭРБИШДАГВА: ЭВ НЭГДЭЛТЭЙ, ХАМТАРЧ АЖИЛЛАЖ ЧАДВАЛ НЭГ ЖИЛИЙН ДОТОР СЭРГЭХ БОЛОМЖТОЙ
1990 оноос хойш 28 жилийн хугацаанд Засгийн газар 18 удаа огцорч, 18 Ерөнхий сайдтай болжээ. 1,5 жил хүрэхгүй настай Засгийн газартай болж байна. Энэ бол Монгол Улсын дархлаа алдагдаж байгаагийн шинж. Нөгөө талаасаа, зоригтой, зарчимтай ажиллавал Засгийн газар тогтвортой ажиллах ёстой.
Эрдэнэт, Оюутолгой, Тавантолгой, Төмөрзамын асуудлуудад тодорхой хариулт өгөхгүй байна. Тоо баримтаас харахад улсын нэгдсэн нийт орлого эхний 8 сард 4,5 их наяд болж, зарлага нь 5 гаруй их наяд бол төсвийн тэнцлийн алдагдал 557 тэрбум болсон байна. Гэхдээ өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулбал 1,8 их наяд төгрөгийн алдагдлаас даруй 1,2 их наядаар төсвийн алдагдал буурсан байна.
Өөрөөр хэлэл Ж.Эрдэнэбатын Засгийн газар бүр ч дампууруулаад огцроогүй, ҮЗҮҮЛЭЛТ САЙТАЙ эдийн засаг хүлээлгэж өгч байна.
2017 оны эхний 2 дугаар улиралын байдлаар 87 ам.долларын ашигтай гарч, өмнөх үеийн мөн үеийнхтэй харьцуулбал 97 сая ам.доллараар нэмэгдсэн байна.
Одоо суурь үзүүлэлт сайтай байгаа учраас эв нэгдэлтэй, хамтраад ажиллаж чадвал нэг жилийн дотор үр дүн гарахаар байна. Алдаа дутагдал байсныг үгүйсгэхгүй.
Мөн ард түмнээс сонгогдсон УИХ-ын гишүүд давхар дээлтэй байхыг үгүйсгэдэггүй. Гэхдээ ард түмэн МАН-ын мөрийн хөтөлбөрт давхар дээлний асуудлыг хатуу ярьж байна. Та тогтвортой байх үүднээс давхар дээлийг нэмэх тухай сая ярьлаа. Ард түмэн илтэд дургүйцэж байхад давхар дээлийг нэмэх нь зөв сонголт биш.