2017.10.04

Х.Нямбаатар: Үе үеийн Засгийн газрууд утааг бууруулахаар тодорхой ажлууд хийсэн боловч үр дүн сайнгүй байна

УИХ-ын намрын ээлжит чуулган өнөөдөр /2017.10.04/ 11:00 цагт эхэллээ. Өнөөдрийн чуулганаар Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдад У.Хүрэлсүхийг томилох асуудлыг хэлэлцэж байна. 

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар Сонгинохайрхан дүүргээс сонгогдсон гишүүний хувьд У.Хүрэлсүхэд баяр хүргээд, дөрвөн зүйлийг хүслээ.

Х.НЯМБААТАР: СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГТ БАЙДАГ ХОГИЙН ЦЭГНИЙ АСУУДЛЫГ ШИЙДЭЖ ӨГӨӨЧ

Нэгдүгээрт,

Төв цэвэрлэх байгууламжийг нэн яаралтай, гадны зээл тусламжийн хөрөнгөөр засварлах хэрэгтэй.

Хоёрдугаарт,

Сонгинохайрхан дүүрэгт Улаанбаатар хотын төвлөрсөн хогийн цэг байдаг. Яг орой дээрээ бид хогоо шатааж, лантвилдаж устгаж байна. Тиймээс дээр дурдсан эх үүсвэрүүдийн аль нэгнээр хог боловсруулах үйлдвэр байгуулах тал дээр ажил зохион байгуулж өгнө үү.

Гуравдугаарт,

Улаанбаатар хотын утааны асуудал зөвхөн өвлийн улиралын асуудал биш болсон. Хүн амын удмын сан, генийн бүтцэд өөрчлөлт орж байна. Монгол хүүхдийн цээжний тойрог 1,5 см багасаж байгаа судалгаа байна. Үүн дээр онцгой анхаарал хандуулна уу. Үе үеийн Засгийн газрууд тодорхой ажлууд хийсэн боловч үр дүн сайнгүй байна. Хот орчмын нүүрсний уурхайнуудыг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд нүүрс угаах үйлдвэр байгуулах замаар утааг багасгах тал дээр тодорхой асуудлыг санаачилна уу.

Дөрөвдүгээрт,

түгжрэлийн асуудал дээр та давхар зам барих, ЖАЙКА-гийн хийсэн метроны судалгаан дээр тодорхой ажлуудыг хийж хэрэгжүүлээрэй гэдэг ажил хэрэгч саналуудыг хэлье.