2017.10.04

Ч.Улаан: Ард түмний өмнө тулгамдсан асуудал их ч бүгдийг нэг дор шийдэх боломжгүй

УИХ-ын намрын ээлжит чуулган өнөөдөр /2017.10.04/ 11:00 цагт эхэллээ. Өнөөдрийн чуулганаар Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдад У.Хүрэлсүхийг томилох асуудлыг хэлэлцэж байна.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Ч.Улаан байр сууриа илэрхийллээ.

Ч.УЛААН: ҮНДЭСНИЙ ЛИДЕР ТОДОРХОЙЛСОН БОДЛОГОО ХЭРЭГЖҮҮЛЭХДЭЭ АРД ИРГЭДИЙНХЭЭ ДЭМЖЛЭГИЙГ АВЧ ЧАДДАГ БАЙХ ЁСТОЙ

Ерөнхий сайдад асар их хариуцлага, асар их ачаа очдог. Ард түмний өмнө тулгамдсан, хүндрэлтэй асуудлууд маш олон байна. Гэхдээ амьдралын үнэнийг бид ойлгох учиртай. Бүх асуудлыг нэг дор шийдэх боломж байхгүй.

Хуримтлагдсан бүх асуудал нэг мөсөн шийдэгддэг ид шид ч байхгүй. Тийм учраас ажиллах арга хэлбэр, эрэмбэ дараагаа зөв олох ёстой. Ажиллах хоёр л арга байна.

Нэгдүгээрт, асуудлынхаа эрэмбэ дараалал, шийдүүлэх арга замаа олоод, өнөөгийн нөхцөл байдалдаа тохируулж асуудлаа шийдэх;

Хоёрдугаарт, асуудлаа шийдэх шинэ боломж бий болгох хэрэгтэй.

Ерөнхий сайд бол үндэсний хэмжээний том удирдагч. Ард түмэн өөрийг чинь харж, хүсэн хүлээж байгаа. Ийм хүнд ямар шаардлага тавигддаг вэ гэдгийг анхаарч үзэх хэрэгтэй.

Нэгдүгээрт, улс үндэсний хэмжээний лидер бол нийгэм, ард түмэнд тулгарсан асуудлыг зөв тодорхойлж чаддаг байх ёстой. Бодлого үйл ажиллагаагаа түүнд чиглүүлж чаддаг байх хэрэгтэй. Хоёрдугаарт, тодорхойлсон бодлогоо хэрэгжүүлэхдээ ард иргэдийнхээ дэмжлэгийг авч чаддаг гэсэн зарчмыг өөртөө агуулсан байх ёстой.

2016 онд гаргасан мөрийн хөтөлбөрөө маш товчоор базаж үзвэл гурван том зорилтыг шийдэх ёстой.

Нэгдүгээрт, Эдийн засгийн хямралаас гаргаж, ард иргэдээ ядуурлаас аврах

Хоёрдугаарт, Тэгш журамт Монгол Улсыг бий болгох

Гуравдугаарт, Баян хүчирхэг монголыг цогцлоох гэсэн хөтөлбөртэй байсан. Энэ том зорилтыг хэрэгжүүлэхэд дотоодын хүч бол ард түмэн. Үүнийг манай үе үеийн удирдагчид байнга хэлж байсан. Харин гадаад байдал дээр хамтран ажиллах түнш нь бол олон улсын банк санхүүгийн байгууллагууд гэж би хувьдаа үзэж байна. Олон улсын банк санхүүгийн байгууллагатай хамтарч тодорхойлсон бодлогоо тууштай үр дүнтэй хэрэгжүүлэх ёстой гэж бодож байна.

Тооноос чанарт шилжих цаг болсон.

Эдийн засгийн өсөлтийг тоогоор хэмждэг арга барил хөгжлийн эдийн засгийн шинжлэх ухаан нотолж байна. Тийм учраас өгөөжтэй, хүртээмжтэй өсөлт гэдэг шалгуур үзүүлэлтэд шилжиж ажиллаарай гэж хүсье.