Хичээлийн шинэ жилийн өдөр УИХ-ын гишүүд хаана ажилласан бэ?
2017 оны хичээлийн шинэ жил эхлэж, монголын ирээдүй болсон 6 настангууд эрдмийн өргөөний алтан босгыг алхлаа. Энэ жил Ерөнхий боловсролын 798 сургуульд нийт 575,879 суралцагч суралцах юм.
Тэгвэл УИХ-ын эрхэм гишүүд энэ өдөр хаана, ямар сургуульд очиж, сурагчдад урам зориг өгсөн талаарх мэдээлэл хүргэе.
Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд
УИХ-ын дарга М.Энхболд Төв аймгийн Эрдэнэ сумын ерөнхий болосвролын бүрэн дунд сургууль, “Эрдэнэ” мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн “Эрдмийн баяр” буюу хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцлоо. Тэрээр “Би зориуд сумын сургуулийн нээлтэд оролцохоор та нарыг зорьж ирлээ. Энд хуран цугласан багачуудын дундаас Эрдэнэ сум, Төв аймаг, эх орныхоо ирээдүйг гардан байгуулж, хөгжил дэвшлийн түүчээ нь болох олон шилдэг иргэн төрөн гарна гэдэгт би итгэлтэй байна. Хүүхэд багачууд та нар эрүүл чийрэг, эрдэм боловсролтой, цэвэр ёс суртахуунтай, бүтээлч санаачилгатай, зөв монгол хүн болохын төлөө өөртөө зорилго тавьж, хичээн шамдаарай. Энэ эрхэм зорилго сурагчид, багш нар, эцэг эхчүүд гээд бүх нийтийн хамтын хүчин зүтгэлээр биеллээ олно.
Монголын төр засаг та бүхнийхээ суралцах орчин, нөхцөлийг сайжруулах, мэдлэг эзэмших, хөгжин боловсрох, эрүүл саруул байх таатай боломжийг бүрдүүлэхийн төлөө байнга анхаарч, бодлого шийдвэрээ зөв оновчтой гаргахыг эрхэм үүргээ гэж үзсээр ирсэн, цаашид ч энэ чиглэлээр их зүйл хийх болно.
Түүнчлэн боловсролын салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, хууль эрх зүйн орчныг улам боловсронгуй болгох, бодлого шийдвэрээ үр дүнтэй хэрэгжүүлэх нь төрийн үүрэг гэж үзэж байна.
Шинэ хичээлийн жилийн өмнө улсын хэмжээнд 14 цэцэрлэг, 21 сургууль шинээр үүд хаалгаа нээж байна. Эрдэнэ сумын сургууль ч гэсэн хэдхэн хоногийн дараа хичээлийн байрны шинэ өргөтгөлөө хүлээн авах гэж байгаад баяр хүргэе” гэлээ.
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Монгол Улсын ууган сургуулийн нэг ерөнхий боловсролын гуравдугаар дунд сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцлоо.
“Энэ хичээлийн жилд улсын хэмжээнд 2300 гаруй сургалтын байгууллагад 980 гаруй мянган хүүхэд, залуус суралцана. 73 мянган зургаан настан эрдмийн их өргөөний босгоор алхан орж байна. Эрхэм дүү нар та бүхний зорилго бол дэлхийд өрсөлдөх боловсрол, мэдлэг, чадвартай иргэн болох юм. Үүний төлөө Засгийн газар бүхий л бололцоогоо дайчлан ажиллана. Эцэг эхчүүд, багш та бүхэн ч хариуцлагатай байж, хичээж ажиллах учиртай” гэж Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат хэллээ.
УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ
УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ Булган хотын Ерөнхий боловсролын 1-р бүрэн дунд сургуулийн хичээлийн шинэ жилийн баярт оролцжээ. Тэрээр нээлтийн үгэндээ: “Олон олон анхгдагчид, алдартан гавъяатан, шинэ монгол улсын иргэдийг сурган хүмүүжүүлж, хөлийг нь дөрөөнд, гарыг нь ганзаганд хүргэсэн баялаг түүхтэй, манай аймгийн хамгийн ууган сургууль билээ. Булган аймгийнхаа нийт багш, сурган хүмүүжүүлэгчид сурагч багачууд, оюутан залуустаа сурлага, хөдөлмөрийн өндөр амжилтыг хүсэн ерөөе. Оюунлаг Булганчууд хөгжлийг түүчээлнэ” гэжээ.
УИХ-ын гишүүн Б.Баттөмөр
УИХ-ын гишүүн Б.Баттөмөр Дархан-Уул аймгийн 25 дугаар цэцэрлэг болон Оюуны-Ирээдүй цогцолбор сургуулийн нээлтэнд оролцон хүүхэд багачууддаа зориулан баяр хүргэж мэндчилгээ дэвшүүлжээ. 25 дугаар цэцэрлэг нь 2017 оны 3 дугаар сарын 18-нд Б.Баттөмөр гишүүний дэмжлэгтэйгээр ашиглалтанд орсон бөгөөд 100 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай ч өөрдсийн дотоод нөөц бололцоог ашиглан 153 хүүхдийг энэ хичээлийн жилд сурган хүмүүжүүлэхээр ажиллаж байна.
Тэрээр нээлтийн үеэр хүүхэд багачуудад зориулан бүлэг тус бүрт оюун ухааны оньсон тоглоомуудыг бэлэг болгон гардуулсан бөгөөд цаашид хүүхэд бүрийг шатар даам тоглож сурахыг анхааруулан захиж өөрөө ч энэ тал дээр хамтран хүүхэд багачуудыгаа дэмжин ажиллана гэдгээ илэрхийллээ.
УИХ-ын гишүүн Л.Болд
УИХ-ын гишүүн Л.Болд 9 сарын 1-ний гэгээлэг сайхан өглөөг дүүргийнхээ 34-р сургууль, 41-р сургууль, 118-р сургуулийн багш, сурагчдын хамт угтлаа.
Төрөлх сургуулиасаа төрийн тэргүүн төрүүлсэн сайхан мэдээтэйгээр эрдмийн баяраа угтаж байгаа 34-р сургуулийн багш, сурган хүмүүжүүлэгчид та бүхэн цаашид эх орны эд эс болсон олон салбарын чадварлаг боловсон хүчинг бэлтгэн гаргана гэдэгт эргэлзэхгүй байна гэдгээ УИХ-ын гишүүн Л.Болд нээлтийн үеэр хэллээ.
УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар
УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар Баянгол дүүргийн 113-р сургуулийн хичээлийн шинэ жилийн баярт оролцлоо. Анх 2009 онд энэ сургууль 640 сурагч хүлээн авах хүчин чадалтайгаар байгуулагдсан. Харин өнөөдөр 1765 сурагчтай гурван ээлжээр хичээллэж байсныг анги дүүргэлтийг аргагүйн эрхэнд 50+ болгож хүчээр хоёр ээлжтэй болгосон байна. Тэрээр нээлтийн үеэр хэлсэн үгэндээ: “Энэ байдлыг өөрчлөхийн тулд салбарын яам, нийслэлийн удирдлагуудтай хамтран гэр хорооллын хүүхдүүдэд боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэхийн төлөө ажиллах болно” гэсэн юм.
УИХ-ын гишүүн Х.Нямбаатар
УИХ-ын гишүүн Х.Нямбаатар 9 сарын 1-нд уламжлал ёсоор Сонгинохайрхан дүүргийн сургуулиудын хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцож, эрдмийн их далайд хөл тавьж буй эх орны ирээдүй болсон дүү нартаа сурлагын амжилт ерөөлөө.
Тэрээр 1-р ангид орж буй багачуудынхаа аюулгүй байдалд зориулж хичээлийн цүнхээ хийдэг цацруулагч бүхий зориулалтын уутыг сурагч бүрт бэлэглэжээ. “Дүүргийн хэмжээнд сургууль, цэцэрлэгийн хүртээмж муу байгаа хэдий ч бидний эхлүүлсэн ажил удахгүй сургууль, цэцэрлэг болон сүндэрлэн босон болно. БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар ирэх жилүүдэд манай улсад 22 сургууль баригдах ёстойгоос 6 нь зөвхөн манай дүүрэгт баригдах юм” хэмээн УИХ-ын гишүүн Х.Нямбаатар нээлтийн үгэндээ хэлжээ.
УИХ-ын гишүүн М.Оюунчимэг
УИХ-ын гишүүн М.Оюунчимэг тойргийнхоо 39, 57 дугаар сургууль болон 173 дугаар цэцэрлэгийн хичээлийн шинэ жилийн нээлтийн үйл ажиллагаанд оролцож багш, сурагчиддаа сурлага, хөдөлмөрийн өндөр амжилт хүслээ. Мөн дүүргийнхээ сургууль, цэцэрлэгийн ачааллыг бууруулах үүднээс 2018 оны төсөвт тодорхой ажлуудыг суулгасан талаарх мэдээллийг танилцууллаа.
Боловсролын салбарт хийгдэж буй төсөл хөтөлбөрийн хүрээнд 112,400 ам.долларын үнэ бүхий мэдээлэл зүй, лингафон, робот сургалтын төв, цахим номын сан, онлайн шалгалтын төв бүхий “Ухаалаг боловсрол” төсөлд хамруулах, 30 багц STEM сургалтын хэрэглэгдэхүүн нийлүүлэх батламжийг сургуулийн удирдлагуудад гардуулан өгжээ.
УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл
УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга Д.Сарангэрэл Хан-Уул дүүргийн 15, 18-р сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцож хүүхэд багачууддаа сурлагын өндөр амжилт хүсэж, багш эмч нарын цалинг нэмэгдүүлэх чиглэлд анхаарч ажиллахаа хэллээ.
УИХ-ын гишүүн Б.Саранчимэг
УИХ-ын гишүүн Б.Саранчимэг Баянзүрх дүүргийн 115-р цэцэрлэг, 97-р дунд сургууль, “Шавь” цогцолбор сургуулийн хамт олонтой уулзжээ.
Мөн ШУТИСийн хичээлийн шинэ жилийн нээлтэд урилгаар оролцлоо. Тэрээр: “Энэ сургуульдаа Новосибирскийн их сургуулиа төгссөний дараа мастeраа хамгаалж байсны хувьд эрдэмтэн багш нараараа бахархаж явдаг юм. МУын хөгжлийн ирээдүйг тодорхойлох, түүнийг гардан хэрэгжүүлэх инжeнeр, тeхнологийн мэргэжлийг сонгон суралцаж буй оюутан залуустаа ирээдүйн их үйлст нь өндөр амжилт хүсэн eрөөe” хэмээсэн юм.
УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин
УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин Чингэлтэй дүүргийн 72, 17-р дунд сургуулиудын хичээлийн шинэ жилийн нээлтэнд оролцжээ.