Ц.Дашдорж:Х.Баттулгын дуусгаагүй ажлыг гүйцээ гэж итгэл хүлээлгэвэл би хийх л үүрэгтэй
-АН засгийн газраас гарах тухай санал тавьснаар танай нам өөрийн засгаа бүрдүүлэх шаардлагатай болж байх шиг байна. МАН-ын удирдах зөвлөл шинэ сайдуудад нэр дэвшигчдийг тодрууллаа. ЗТБХБ-ын сайдад таны нэр дэвшээд явж байна. УИХ-аас танд хэр зэрэг итгэл хүлээлгэнэ гэж бодож байна?
-Аливаа зүйлийг урьдчилж тэгнэ гэж ярих нь сонин биш. Гэхдээ 2008 оны сонгуулийн үр дун гарсны дараа МАН, АН-ын хамтарсан Засгийн газар байгуулагдсан. Манай нам бага хурлаараа, АН-ын ҮЗХ-ны хурлаа хийж хамтарч засгаа байгуулъя гэж шийдвэрийг хоёулаа гаргасан. Байгуулагдсан цагаас өдийг хүртэл хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажил асар их бий. Хийхээс ч өөр арга байхгүй байсан гэж ойлгодог. Учир нь бид маргаж биш. Аливаа ажлыг хийж бүтээж урагшлах ёстой. Өнөөдөр дэлхий нийтийн анхаарал Монгол Улс руу төвлөрч байгаа цаг үед улсын хэмжээний хоёр нам нь зөвшилцлийн ширээний ард сууж, хамтарсан Засгийн газраа байгуулж улс эх орныхоо хөгжлийг урамшуулъя гэдэг нь гарцаа байхгүй зөв шийдвэр байсан. Цаашид их хөгжилд хүрэх үү. Эсвэл Арабын улс орнууд шиг болох уу гэсэн хоёр салаа замын уулзвар дээрээс бид ийм сонголтод хүрсэн гэж ойлгодог юм. Мэдээж ажил хийж байгаа үед алдаа оноотой.Сайнтай муутай олон зүйл гардаг.
Гэхдээ хамтарсан Засгийн газрын тухайд алдаанаасаа илүү хожил их байсан гэж би бодож байна. Томоохон хэмжээний төслүүдийг хэдэн жилийн хугацаанд Оюутолгой, Тавантолгой урагшилж байна. Экспортын хэмжээ нэмэгдэж, мөнгөний урсгал гадны хөрөнгө оруулалт нэмэгдэж байна. Үүнийгээ дагаад шинэ зах зээлийн нөхцөл байдал хурдтай уялдаад үйлчилж байгаа хууль дүрмээ гүйцэж батлах зэрэг тулгамдсан асуудлаа засаж залруулах зүйлсийг хоёр нам шийдээд явж байна. Үүнийг засагт хамтарсны давуу тал гэж ойлгож болно. Намын хамт олон надад итгэл хүлээлгэж цэвэр өрсөлдөөний журмаар ЗТБХБ-ын сайдад нэр дэвшүүлсэн. Ерөнхийлөгчтэй зөвшилцөх хуулийн хугацаа нь долоо хоног байдаг. Долоо хоногийн хугацаанд Ерөнхийлөгчтэй зөвшилцөөд ном журмынхаа дагуу УИХ-аар шийдэгдэнэ биз. Х.Баттулга сайдын хувьд хийж хэрэгжүүлсэн ажил их. Салбарынх нь чиглэлээр төрийн бодлогыг тодорхойлох ажлыг маш сайн хийсэн. Тиймээс боловсруулж гаргаж ирсэн бодлого салбарын ирээдүйн чиг хандлагыг нь харахад зөв гольдрол руугаа явж байна гэж хардаг.
-Х.Баттулга сайдаас таны ялгарах гол баримтлал, зарчим юу байх бол?
-Энэ салбарыг би маш сайн мэдэх хүний хувьд тус яамнаас орж ирж байгаа хуулийн төслүүдэд ч гэсэн аль болох үгээ тусгаж, дэмжлэг үзүүлье гэсэн байр суурьтай явдаг. Өнөөдөр тэр хүн ийм. Энэ хүн тийм гэдэг асуудлыг харьцуулж ярих нь илүүц асуудал болох байх. Хэрэв УИХ-ын гишүүд маань итгэл хүлээлгээд салбарыг аваад яв гэх юм бол газар дээр нь очоод шийдвэрлэх асуудлууд маш их бий. Миний өөрийн сэтгэлд хуримтлагдсан асуудлуудаа хэрэгжүүлэх бодит бололцоо гарах байх гэж би ойлгож байна.
-УИХ хуучин сайдуудаа ажлаас нь чөлөөлөөгүй байж, дараагийнхыгаа томилохдоо дэндүү яараад байгаа юм биш үү гэсэн шүүмжлэлийг Төрийн тэргүүн та бүхэнд хэллээ л дээ. Таны хувьд яарч байгаа зүйл байна уу?
-Ерөнхийлөгч тийм агуулгаар хандсан. Гэхдээ бодит амьдралд яарна гэдэг нь хоёр гурван янз. Төрийн ажил тасралтгүй, залгамж чанартай ахиж урагшилж явах ёстой. Нэг хэсэг нь засгаас гаръя гээд өргөдлөө өгчихсөн байгаа бол орнынх нь хүнийг олонхийн суудлыг итгэл хүлээгээд авсан хүмүүст өгөөд цааш явах ёстой. Шийдэх ёстой хуримтлагдсан зүйлсийг шийдэхийн тулд гарцыг хурдан шийдэх нь зүйн хэрэг. Бүрэн эрхийнхээ дагуу л асуудал явагдаж байна. Ерөнхийлөгч дээр орлоо. Долоо хоногийн дотор зөвшилцөх л ёстой.
-Таныг барилга хот байгууллагын дэд сайд байх үед танихгүй шахуу ажлаа өгсөн тухайгаа Ерөнхийлөгч хэлж байх юм. Та чинь тэгэхээр тухайн үед Ерөнхий сайдтайгаа ойр ажилладаггүй байсан хэрэг үү?
-Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тухайн үед Ерөнхий сайд байсан. Анх дэд сайдаар томилогдоход Засгийн газрын хуралдаанаар авч хэлэлцдэг. Тухайн үед дэд сайдыг томилох байсан Засгийн газрын хуралдааны хурлын өмнө сайхан хамтарч ажиллаарай гэж амжилт хүсэж байснаар Батбаяр гишүүн бид хоёрын ажил эхэлж байсан юм. Тухайн үед мөн л хамтарсан Засгийн газар байсан учир УИХ руу орох хууль тогтоомжийн асуудлуудыг дэд сайдын хувьд яаман дээрээ хийж л явсан. Танихгүй байж байгаад ажлаа өгсөн гэдэг нь дэгс ойлголт байх гэж бодож байна.
-Үлдсэн зургаан сарын хугацаанд дуусаагүй үлдсэн ажлуудыг хийнэ гэхээр санаанд тань багтаж байна уу. Чухал салбар том ч бодлогууд байгаа. Дээрээс нь төмөр зам, орон сууц нэмэгдсэн гэдгийг та мэдэх учиртай?
-Санаанд багтах гэдэг ойлголт байж болохгүй байх. Сонгуулиас сонгуулийн хооронд дөрвөн жилийн хугацаанд Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн биелэлтийн асуудал. Дээрээс нь УИХ цаашид улс эх орныхоо хөгжил дэвшил эдийн засгийг хэрхэн авч явах вэ гэсэн урт хугацааны төлөвлөлтийг энэ дөрвөн жилийн хугацаанд шийдээд явдаг. Мөрийн хөтөлбөрийг биелүүлэх асуудал нь аль ч Засгийн газрын үед байсан. Бүрэн эрхийнхээ хугацаанд төлөвлөсөн ажлаа Засгийн газар хэрэгжүүлнэ. Тэгэхээр Тулга сайдын үед Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн биелсэн хувийнх нь тоо гарсан байгаа байх. Зарим нь эхэлсэн. Зарим нь эхлээгүй явж байна.
-Хөрөнгө мөнгөний асуудлаас болж ихэнх ажил хийгдээгүй гэж Х.Баттулга сайд тайлбарладаг. Таныг сайд боллоо гэж бодоход мөнгө өгөх болов уу?
-Хөрөнгө мөнгөний асуудал гээд эхлээгүй ажлын нь учир шалтгаан нь тодорхой л бай-гаа байх л даа. Түүнийг нь яг үргэлжлэл болгоод Төмөр замын бодлого, 100 мянган айлын орон сууц авто замаас төрөөс баримтлах бодлого чиглэл гэсэн Засгийн газраас гаргасан бодлогын дагуу бүх ажил жигдрээд л явах ёстой. Х.Баттулга сайдын 3.6 жилийн хийсэн ажлыг дуусга гэсэн итгэлийг хэрэв надад хүлээлгэвэл би дуусгах л ёстой. Төрийн ажлын залгамж чанар гэж байх ёстой. Түүнээс биш 3.6 жил, зургаан сар ажилласан хүмүүсийн ажлыг дүйцүүлнэ гэ-сэн ойлголт байж болохгүй.
-Өмнөх сайдтай уулзаж үзсэн үү гэж таниас Ерөнхийлөгч асуулаа. Х.Баттулга сайдтай ер нь уулзсан уу?
-Уулзах учрах цаг нь болоогүй байна. Нэгдүгээрт Х.Баттулга сайд ажлаа хийгээд явж байгаа хүн. Хоёрдугаарт нь би батлагдчихаагүй байна. Мөн тэндээс гарч байгаа бүх бодлогыг тодорхойлолцоод явж байгаа хүний хувьд надад өөрийн гэсэн зураг бууж байгаа гэж ойлгож болно. Яамныхантайгаа уулзахдаа үргэлж хууль дүрмийн талаар санал солилцож байнга харилцаатай байдаг. Тиймээс салбарын асуудлуудыг ойлгохын дээдээр ойлгож байгаа.
-Тухайлбал, ямар зураг бууж байх юм.
-Ямар ч байсан 100 мянган айлын орон сууц хөтөлбөрийг зайлшгүй эхлүүлэх ёстой. Эхлүүлэхдээ иргэдэд бага хүүтэй, зорилтот төвшинд хавтгайруулахгүйгээр жилийн 0.6 хувийн хүүтэй зээлээр иргэдийг хангаж өгөх ёстой. Хоёрдугаар нь бага дунд орлоготой иргэд рүүгээ чиглэсэн моргейжийн зээлийн тогтолцоог барилгын компанитайгаа эрэлт нийлүүлтийг нь тэнцүү байдалтай авч явж өнөөдрийн хөөсөрсөн үнийг буулгах зорилгыг хэрэгжүүлэх ёстой. Мөн 100 мянган айлын орон сууц хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд төрийн зүгээс хийх үүргийг нь зөв тодорхойлоод өгчихсөн байгаа шүү дээ. Дэд бүтцийнх нь асуудлыг төр шийдэж өгөх ёстой.
Харин түүн дээр иргэдийн мөнгөжүүлсэн мөнгөөр орон сууц барих явцыг нь хангаж өгөх ёстой.
Дээрээс нь иргэдэд моргейжийн зээл олгож байгаа банкуудтай тодорхой төвшинд татварыг нь хөнгөлөхөөс эхлээд харилцан ойлголцоод явах ёстой. Үнийн асуудал яагаад ийм өндөр бай-гааг шийдэх ёстой. Өнөөдөр барилгын материал гаднаас өндөр өртөгтэй орж ирж байгаа тухай хөндөх ёстой юм. 2004-2008 онд бид ажиллаж байхдаа тэргүүлэх чиглэлдээ хэд хэдэн зүйлсийг тусгаж байлаа. Цементийн үйлдвэр, арматур хоёрыг зайлшгүй шийдвэрлэх ёстой байдаг юм. Монголд шаардлагатай цементийг дотоодын үйлдвэрээр шийдье гэвэл Хөтөл, Дархан хоёрт байдаг л үйлдвэр байгаа. Дорноговийн шохойн чулууны ордыг түшиглээд дээрээс нь хэд хэдийг нэмэх ёстой. Барилга баригдах стандарт нормуудыг тодорхой төвшинд хуульчилж өгөх ч шаардлага байгаа.
-УИХ-ын гишүүнийхээ үүргийг дийлэхгүй байж Засгийн газар руу орж ирж байна гэсэн шүүмжлэлийг ч мөн хэлсэн. Үнэхээр ажил хийхийг хүсэж байвал Өмнөговь руу надтай хамт яв гэсэн. Та түүнтэй хамт явах уу?
-Ерөнхийлөгчийн үгэнд би хүндэтгэлтэй хандаж байна. Гэхдээ яг тийм байдлаар асуудалд хандах нь учир дутагдалтай санагдсан.
-Яагаад?
-Нэг засгийн газарт бид хамт ажиллаж байсан уу гэвэл байсан. Дэд сайдын үүрэг роль Засгийн газарт ямар байдаг тухай би ч сайн мэднэ. Тэр хүн ч сайн мэдэж байх учиртай. Тэр агуулгаараа таних танихгүйдээ гол ач холбогдол өгөх биш, туршлага талаас нь харж үнэлэлт дүгнэлт өгөх ёстой байсан юм болов уу. Гэхдээ энэ нь тэр хүний л бодол биз дээ.
-Тэгэхээр та Өмнөговь руу Ерөнхийлөгчтэй хамт явах бодолгүй байгаа юм уу?
-Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Д.Баттулгатай уулзъя гэсэн бодол байна.
-Таныг сайд болно гэснээс хойш ашиг сонирхлын зөрчилтэй хүн Засгийн газарторж болохгүй гэсэн зүйл яригдаж эхлэх боллоо. АрхитамхиүйлдвэрлэгчдийгУИХ-д оруулахгүй байх Х.Баттулга сайдын оруулж ирсэн хуулийн төслийг оруулж ирэх үед та гишүүдээс дэмжихгүй байгаач хэмээн гуйж өрөөгөөр нь явсан хэрэг үү?
-Манай З.Энхболд гишүүн миний талаар тиймэрхүү агуулгатай зүйл ярьсан байна билээ. Би тийм хувийн чанартай асуудлыг хөөцөлдөөд явдаг хүн биш. Тэр байтугай ердийн үед ч гэсэн гишүүдийнхээ өрөөгөөр орох нь ховор байдаг. Ямар эх үүсвэрээс тийм мэдээлэл авсныг нь ойлгохгүй байгаа. Тохой залгаж сууж байгаад бие биенийгээ ингэж хэлэх нь хүнлэг бусын илрэл байх гэсэн сэтгэгдэл төрж байсан. Тухайн үед өөрийгөө тодорхой хэмжээгээр тодорхойлох бололцоо байсан ч тэгж явахыг хүсээгүй. Гэсэн дуугүй байгаад байхаар Ц.Дашдорж хүлээн зөвшөөрч байгаа юм болов уу гэсэн хандлага гарсан байгаа байх. Заавал юм юмны түрүүнд дуугарах шаардлагагүй. Нэг зүйлийг маш сайн ойлгох хэрэгтэй. Тухайн хүн өөрөө ард түмнийхээ өмнө үүрэг хүлээгээд сонгогдсон. Гэтэл хүний ах дүү нар ямар нэгэн байдлаар бизнес эрхлэхийг хориглосон хууль Монгол Улсад лав байхгүй. Мөн хүний сонгох сонгогдох эрхийг тийм зүйлээр хязгаарлаж болохгүй гэдгийг ойлгох ёстой юм. Дараа би тоо баримттайгаар энэ асуудлыг дахин ярина.
-Хэрэв таныг дэмжвэл үлдсэн зургаан сарын хугацаанд УИХ, Засгийн газрын гишүүний ажлыг хийх болно. Биеийн байдлын хувьд ямар байгаа вэ. Өнгөрсөн хугацаанд таны бие нэлээд чилээрхэж байсан байхаа?
-Улстөрч хүний хувьд төрийн ажлыг унагахгүй авч явах нь зарчим. Миний хувьд Засгийн газрын гишүүнээр бүлэгт нэрээ дэвшүүлэхдээ хоёр гурван талаас нь бодсон. Юун түрүүнд надад энэ салбарт ажиллаж байсан туршлага бий. Үүнээс гадна энэ ачааллыг даагаад гарах чадвар надад байна. Тэр агуулгаараа бүлэгт нэрээ дэвшүүлсэн. Бүлгийн маань хамт олон ч надад итгэл хүлээлгэсэн байгаа.