Монголчууд 3.5 км төмөр замыг ганц сарын дотор барилаа
2012.01.09

Монголчууд 3.5 км төмөр замыг ганц сарын дотор барилаа

Одоогоос 56 жилийн өмнө Замын-Үүдээс урд хөршийн хил хүртэл төмөр зам ашиглаж эхэлжээ. Замын-Үүд боомт Хятадын Эрээний хооронд хоногт 12 хос галт тэрэг 1320 вагон явуулдаг байна. Харин энэ тоог хоёр дахин нэмэгдүүлэх боломж бүрдэж эхэлжээ. Өнгөрсөн аравдугаар сард УБТЗ-ын монгол ажилчид тус өртөөнөөс Хятадын хил хүртэл 3.5 км төмөр замыг ганцхан сарын хугацаанд барьж дуусгаад байгаа юм.

Хятадын талыг энэхүү шинээр барьсан замтай холбох юм бол хүчин чадал одоогийнхоос хоёр дахин нэмэгдэж, 24 хос галт тэрэг буюу 2640 вагон Замын-Үүд Эрээний хооронд явна гэсэн үг. Эл хоёр өртөөний хооронд өргөн царигаар таван хос, нарийн царигаар ачааны хоёр хос галт тэрэг солилцох хүчин чадалтай. Өөрийн хөрөнгө оруулалтаар монголчуудын барьж дуусгаад буй энэхүү шинэ төмөр замтай ЗТБХБ-ын сайд Х.Баттулга, УБТЗ-ын удирдлагууд болон бусад албаны хүмүүс өнгөрсөн амралтын өдрүүдэд танилцаад ирлээ.


ЗТБХБ-ЫН Сайд Х.Баттулга: Хөгжлийн банк хөрөнгийг нь шийдээд өгсөн  бол үүнээс ч  ихийг хийж  чадахыг харууллаа

-Замын-Үүдээс Хятадын хил рүү хос төмөр замтай болох ажлын эхлэл тавигдлаа?

-УБТЗ-ын хөрөнгө, хөдөлмөрөөр 3.5 км төмөр зам баригдаж дууслаа. Маш богино буюу сар орчмын хугацаанд төмөр замаа бариад дууссан. Хятадын талаас явах төмөр зам барих ажлаа 2012 оны төлөвлөлтдөө оруулна гэсэн. Төмөр зам барихад маш хэцүү гэсэн ойлголттой хүмүүс байдаг. Тэгвэл бид төмөр замаа өөрсдөө барьж чаддаг гэдгийг үүгээр харуулж байгаа юм.

Өнгөрсөн наймдугаар сард холбогдох тогтоол, шийдвэрүүд нь төр засгийн зүгээс гарсан. Есдүгээр сар гэхэд ажил эхлээд аравдугаар сард 3.5 км төмөр зам барьж дуусгасан. Нийт 2.8 тэрбум төгрөгөөр энэ замыг барьсан. Хөрөнгийн хувьд нэлээн хэмнэлттэй байсан. Рэйлс төмрүүдийг гадаадаас аваагүй. УБТЗ-д байсан болон өөрсдийн хөрөнгөөр рейлс төмрөө тавьсан. Хөтлийн бетон дэрний үйлдвэрт бетон дэрнүүдээ үйлдвэрлэсэн. Даланг мөн чанар сайтай хийсэн байна.

Шинэ бүтээн байгуулалт, шинэ төмөр замд хөрөнгө мөнгийг нь Хөгжлийн банк шийдээд өгсөн бол энэ байтугай зүйл хийж бүтээж чадна гэдгийг харуулж байгаа юм. Замын-Үүд бол эдийн засгийн хамгийн том хөдөлгөөн үүсдэг цэг. Гэтэл хамгийн их хоцрогдсон бүс болчихсон. Эрээнээс хамааралтай болчихсон учраас цаашид орж гарч буй хүмүүс, ачаа барааг анхаарч үзэх дүр зураг харагдаж байна.

-Хятадын талаас барьж, манай барьсан шинэ төмөр замтай хэзээ гэхэд холбогдсон байх ёстой юм бол. Энэ талаар дурдсан хоёр улсын Засгийн газар хоорондын гэрээ хэлцэл байдаг уу?

-БНХАУ-ын Төмөр замын яамтай нэлээн олон хэлэлцээр, Санамж бичиг байгуулсан. Жишээ нь, шинээр зургаан боомт хоорондоо төмөр замаар холбогдоно. Энэ ажлыг нэлээд идэвхтэй явуулах саналуудаа манай зүгээс тавьж байгаа.



УБТЗ-ын ерөнхий инженер Г.Сэрээнэндорж:

-Монгол Улсын хилээс БНХАУ-ын хил хүртэл 3.5 км төмөр замыг сарын дотор хамгийн өндөр төвшинд хамгийн сайн чанартайгаар барьж, хүлээлгэж өгч байна. Хятадын талтай шинээр барьсан энэ төмөр замаар холбогдох юм бол манай нэвтрүүлэх хүчин чадал хоёр дахин нэмэгдэнэ. 1000 вагон солилцдог байсан бол 2000 болж нэмэгдэнэ гэсэн үг. Зөвхөн ачааны биш суудлын галт тэрэг явуулах бүх боломжийг бүрдүүлж байгаа том бүтээн байгуулалт юм. УБТЗ хоёр дахь замтай болох ажил үүгээр Монгол Улсын хилээс эхэлж байна. Анх удаа хос зам барьж байгаа юм. Цаашид Сайншанд, Улаанбаатар хүртэл явуулах төлөвлөгөөний ажлын эхлэл боллоо.

Төмөр зам барихад  ажлын 70 хувийг далан шорооны ажил эзэлдэг. Замын-Үүдийн Засаг даргын зөвшөөрлөөр далан шороог худалдаж аваад ажлаа гүйцэтгэсэн. Ер нь, хөрөнгө мөнгийг нь шийдээд өгчихвөл монголчууд төмөр замаа өөрсдөө барьж чадна гэдгийг харууллаа.

Замын-Үүд өртөөний дарга Г.Амарсайхан:

-Хос төмөр замтай болсноор Замын-Үүд Эрээний хоорондын ачаа тээвэр хоёр дахин нэмэгдэнэ. Монгол Хятадын протоколд зааснаар хоногт 12 хос галт тэрэг явуулах ёстой. Гэхдээ бодит байдалд 9-11 галт тэрэг явуулж байгаа. Хос зам ашиглалтад бүрэн орвол дээд хүчин чадал нь 22 хос галт тэрэг явуулдаг болох юм. Уг замыг УБТЗ-ыг зураг төслийн дагуу чанарын өндөр төвшинд барьж дууссан. Ингэхээр манай талаас шалтгаалах зүйл байхгүй болсон гэж ойлгож болно. Энэхүү хос замыг холбох үйл ажиллагаа Хятадын талаас хамааралтай болчихоод хүлээгдэж байна. 2012 оны нэгдүгээр улиралд багтааж холбох болов уу гэсэн төсөөлөл байгаа.

Монголын төмөр зам ТӨХК-ийн захирал Б.Батзаяа:

Төрийн өмчит “Монголын төмөр зам” хувьцаат компанийн захиалсан вагонууд Замын-Үүдэд дөнгөж ирээд байсан юм. Энэ талаар тус компанийн захирал Б.Батзаяагаас зарим зүйлийг тодрууллаа.  
battulga-tomor-zam-2

-Шинээр ямар вагон, галт тэрэгнүүд ирээд байгаа нь энэ вэ?

-Монголын төмөр зам компани Монгол Хятадын Засгийн газар хооронд гэрээ байгуулсан юм. Уг гэрээгээр Хятадын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд вагоны парк шинэчлэлийн төслөөр 245 вагон авч байгаа. Үүний 185 нь хагас вагон байх юм. Эхний ээлжийн 60 вагон орж ирсэн. Өнгөрсөн баасан гаригт хоёр дахь ээлжийн 60 вагон орж ирээд гаалийн бүрдүүлэлтээ хийж байна. Эхний ээлжид орж ирсэн вагонууд одоогоор нийт 800 гаруй тонн ачаа тээвэрлэчихээд байж байна. 185 хагас вагоноор жилдээ нэг сая орчим тонн ачаа тээвэрлэнэ гэж тооцоолж байгаа юм. 14 хоногийн дараа Замын-Үүд боомтоор 10 бүтэн, таван тавцант вагон орж ирэхэд бэлэн боллоо. Мөн хоёрдугаар сард аяллын таван зүтгүүр, долдугаар сард сэлгээний нэг зүтгүүр орж ирнэ.

-Тавцант, хагас гэх мэт вагонуудын ялгааг тайлбарлаж өгвөл?
 

-Хагас гэдэг нь задгай, битүү нь чингэлэг шиг хаалгатай гэсэн үг. Хятадын “Чайна норс рэйлвэй” гэдэг компаниас вагонуудаа авч байгаа. Энэ компани дэлхийд вагон үйлдвэрлэлээрээ хоёрдугаарт ордог. Ачааны вагон үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлэгч. Тиймээс энэ компаниас вагон захиж авч байгаа юм.    

Замын-Үүд боомтоор Хятад улсаас хамгийн их ачаа тээвэр явдаг учир бараа саатах явдал гарч байсан. Тиймээс 2008 онд Замын-Үүд-2 өртөөг таван замтайгаар ашиглалтад оруулжээ. Энэ онд Замын-Үүдэд шинээр таван зам нэмж барьж, нийт 10 замтай болохоор төлөвлөсөн аж. Тус боомтоор өдөрт 3000-5000 зорчигч дамжин өнгөрдөг байна. Мөн Монгол Улсын гадаад худалдааны нийт эргэлтийн 70 орчим хувь нь энэ боомтоор дамждаг юм.
Эх сурвалж:Ардчилал сонин

Л.Номин

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.