4 сая ам.долларын буцалтгүй тусламж олголоо
2012.01.17

4 сая ам.долларын буцалтгүй тусламж олголоо

Улаанбаатар хотод амьдарч буй иргэдийн амьдрах орчинг сайжруулах, Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэх болон олон нийтэд санхүүгийн анхан шатны боловсролыг олгох зорилгоор Ядуурлыг бууруулах Японы сангийн хөрөнгөөр Азийн хөгжлийн банкны шугамаар хэрэгжүүлэх хоёр буцалтгүй тусламжийн төслийн баримт бичигт өнөөдөр Сангийн сайд С.Баярцогт, хэрэгжүүлэгч байгууллагуудыг төлөөлөн Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаяр, Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан нар гарын үсэг зурлаа. Гарын үсэг зурах арга хэмжээнд Япон Улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд ноён Т.Шимизү, Азийн хөгжлийн банкны суурин төлөөлөгч Р.Шоэлхаммэр нар оролцсон.

Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Улаанбаатар хотод хэрэгжүүлэх “Улаанбаатар хотын нийтийн аж ахуй болон гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийн техник эдийн засгийн судалгааг хийх зорилгоор Японы Засгийн газраас Азийн хөгжлийн банкиар дамжуулан 1.5 сая ам.долларын техник туслалцааны буцалтгүй тусламжийг үзүүлж байгаа юм.

Тус төслөөр хотын гэр хорооллоор дамжуулан зохион байгуулалтыг боловсронгуй болгох, гэр хорооллыг хөгжүүлж дэд бүтцийг бий болгох, гэр хорооллын халаалт, цэвэр усны хангамж, бохирын шугам сүлжээг сайжруулах нийтийн аж ахуйг хөгжүүлэх зорилгоор ирэх оноос хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд төслийн нарийвчилсан судалгааг энэхүү техник туслалцааны хөрөнгөөр хийх юм.

Мөн Санхүүгийн зохицуулах хороо болон хадгаламж, зээлийн хоршоодын чадавхийг бэхжүүлэх замаар иргэдэд санхүүгийн зах зээлийн анхан шатны боловсрол олгох, олон нийтэд хүрэх арга замыг сайжруулах, шинэчилсэн хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор 2,5 сая ам.долларын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр “Ядуу иргэдэд чиглэсэн санхүүгийн үйлчилгээг дэмжих төсөл”-ийг хэрэгжүүлэхээр боллоо.

Улаанбаатар хотын хүн амын 60 хувь нь гэр хороололд амьдарч байгаа бөгөөд цэвэр ус, ариутгах татуурга, халаалтын систем, зам зэрэг үндсэн дэд бүтэц, хот төлөвлөлт, нийтийн аж ахуйн үйлчилгээ дутагдалтай байгаа нь байгаль орчин болон иргэдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж энэ нь эсрэгээрээ хотын төвд төвлөрлийг бий болгож, гэр хорооллын эдийн засгийг хумьж байгаа.  Иймээс эдгээр үйл ажиллагааг зөв чиглүүлэхэд энэхүү төсөл хэрэгжинэ гэдгийг Сангийн сайд С.Баярцогт онцоллоо. Мөн Санхүүгийн зохицуулах хороотой байгуулж байгаа гэрээ нь айл өрхүүд ялангуяа хөдөө орон нутгийн бага орлоготой өрхүүдэд хүргэх санхүүгийн үйлчилгээг сайжруулахад зориулагдана гэлээ.

Өнгөрсөн жил Монгол Улс, Азийн хөгжлийн банк хамтын ажиллагааны 20 жилийн ойгоо тэмдэглэж, Монгол Улс Азийн хөгжлийн банкинд зээлжих зэрэглэл ахисантай холбогдуулан 2015 он хүртэл хамтран ажиллах стратегийн баримт бичгээ боловсруулан, стратегийн ач холбогдол бүхий томоохон дэд бүтцийн төсөл хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.