УИХ-ын гишүүн С.Чинзориг
2017.01.05

С.Чинзориг: Хөдөлмөрийн доод хэмжээ нэмэгдэж байгаа нь нийт ажилчдын эрх ашигт нийцэхгүй

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон Захиргааны хариуцлагын тухай хууль өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Хэлэлцүүлгийн явцад УИХ-ын гишүүд үг хэлж, асуулт асуусан юм. Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Чинзориг асуулт асууж, үг хэллээ.

УИХ-ын гишүүн С.Чинзориг: 

2017 оны нэгдүгээр сарын 1-нээс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдээд 240 мянган төгөрг болж байна. Энэ нэмэгдэл нь ажил, хөдөлмөр эрхэлж буй 1,1 сая хүнд огт хамааралгүй байна. Тухайлбал, төрийн албан хаагчдын цалингийн хамгийн доод хэмжээ нь 380 мянга байна.

Нийт ажил хийж буй хүний 4 хувь буюу 40 орчим мянган хувиараа хөдөлмөр эрхэлж, бага орлоготойд тооцогдож байна. Гэтэл хууль тогтоомжийг зөрчсөн бүх этгээдэд хариуцлага тооцох механизмыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уяж торгууль, шийтгэл ногдуулдаг.

Энэ бодлогын хувьд хэр зөв шийдвэр юм бэ гэдэг тал дээр Хууль зүй, дотоод хэргийн сайдаас асуумаар байна?  Улс орон даяар эдийн засгийн хямралтай, мөнгө санхүүгийн боломжгүй энэ үед ажил хийж байгаа ард түмний эсрэг мэт үйлдэл юм уу гэмээр санагдаж байна.

Учир нь бага орлоготой хэсэгхэн хүний цалингийн хэмжээг нэмж байгаа боловч цаанаа олон мянган хүний төлбөр, торгуулийн хэмжээ түүнээс 2-3 дахин нэмэгдүүлэх эрсдэлтэй алхам юм биш үү?

Хууль зүй, Дотоод хэргийн сайд С.Бямбацогт:

Өнөөдөр мөрдөгдөж байгаа хуулиудад оногдуулж байгаа шийтгэл ялангуяа торгуультай холбоотой асуудал хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уясан байгаа нь үнэн. Гэхдээ төлбөр тооцооны тусгай нэгж, ашиглах гэж ангилж оруулж өгсөн байгаа.

Засгийн газраас хөдөлмөрийн доод хэмжээнд өөрчлөлт оруулахтай холбогдоод зөрчлийн торгууль тооцооны хувьд дагаж нэмэгдэж байгаа асуудлыг зохимжгүй гэж үзэж байгаа. Гэтэл энэ асуудлыг цэгцэлж шийдэх ёстой гэдэг дээр зарчмын өөр, өөр байр суурь яваад байгаа. Эрүүгийн хууль болон зөрчлийн хууль дээр бид тооцооны нэгж гэж оруулбал яасан юм гэх зэрэг асуудал яригдсан.

Тиймээс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдэх тутамд торгуулийн хэм хэмжээ нэмэгдэх асуудлыг бид бодож аль болох тогтвортой байлгах тухай Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуулийн заалтад оруулж өгч байгаа.