Замын чанараас шалтгаалсан ослын хариуцлагыг уг замыг тавьсан гүйцэтгэгч хүлээнэ
УИХ-ын гишүүн Г.Батхүү
2015.06.18

Замын чанараас шалтгаалсан ослын хариуцлагыг уг замыг тавьсан гүйцэтгэгч хүлээнэ

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн төслийг санаачилсан УИХ-ын гишүүн Г.Батхүүтэй ярилцлаа.

-Энэхүү хуулийг яагаад шинэчлэн боловсруулах болов?

Одоогийн хүчин төгөлдөр мөрдөж байгаа хуулийг 1996 онд баталсан. Нийгэм, эдийн засгийн эрчимтэй хөгжлийн явцад энэхүү хууль нь өнөөгийн харилцааг бүрэн хангаж чадахгүй байна. Ганцхан жишээ хэлэхэд, улсын хэмжээнд 1996 онд автомашины тоо 6500 гаруй байсан бол 2014 онд бараг 675 мянга болж, 100 дахин нэмэгдсэн байгаа юм. Мөн манай улсад гурван хүн тутмын нэг нь жолооч байна.

Хамгийн аймшигтай нь тээврийн хэрэгслийн аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийн улмаас зөвхөн өнгөрсөн онд 503 хүн нас барж, 1460 хүн гэмтсэн нь өмнөх оныхоос 13.9-18.6 хувиар өссөн үзүүлэлт. Тиймээс хуулийн төслийг шинэчлэн боловсруулсан юм. Нөгөө талаас зам тээврийн ослын улмаас 2014 онд улсын хэмжээнд 10.2 тэрбум төгрөгийн хохирол учирсан дүн мэдээ бий.

-Ганц Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль ч гэлтгүй 25 жилийн өмнө нийгмийн харилцааг бүхэлд нь шинэчилж байх үед баталсан хуулиуд “хуучирч”, хоцрогджээ. Ерөнхийдөө эрх зүйн шинэчлэлийн нэгэн үе, давлагаа эхлээд байна. Өөрөөр хэлбэл, цаг хугацааны хүчин зүйл гэхээс илүүтэй өмнөх хуулиас юугаараа ялгарахаар буйг товч тайлбарлаж өгөхгүй юү?

Ерөнхийдөө системтэйгээр нь, иж бүрэн авч үзсэн гэхэд болно. Өөрөөр хэлбэл, зам, орчин, хүн гэсэн ойлголтуудыг цогцоор нь зохицуулахыг хичээсэн. Тухайлбал, одоогийн хуулиар зөвхөн цардмал зам дээрх харилцааг зохицуулж буйгөөрчилнө. Тодруулбал, сайжруулсан болон хөрсөн, хайрган хучилттай зам дээрх харилцааг зохицуулахаар тусгасан нь хөдөөгийн замд гардаг ослыг бууруулахад тустай. Замын хөдөлгөөн нь замын цагдаа, жолооч хоёрын л хэрэг мэт ойлгогддог байдлыг халж, төрийн үүрэг тодорхой болж, ажлын уялдаа холбоо сайжирна гэж найдаж байгаа.

Тухайлбал холбогдох хууль, тогтоомжийг хэрэгжүүлэх үүрэгтэй байгууллагууд үүргээ хэр биелүүлж буйг УИХ жил бүрийн нэгдүгээр улиралд хариуцсан Байнгын хороогоороо хэлэлцүүлнэ. Мөн Ерөнхий сайдын дэргэд орон тооны Ажлын алба бүхий Үндэсний зөвлөл ажиллана. Орон нутгийн эрх, үүргийг ч тодорхой болгож, нарийвчлан тусгасан. Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага гэхэд л эмнэлгийн тусламж, үйлчилгээг яаралтай, чанартай үзүүлэхээс гадна урьдчилан сэргийлэх, сургалт сурталчилгааны хөтөлбөр хэрэгжүүлэхэд ажлаа чиглүүлэх нь зүйтэй гэж үзсэн.

-Уучлаарай, ..бас л Үндэсний зөвлөл гэсэн шинэ бүтэц байгуулах нь гэж ойлгогдож байна л даа.

Зам, тээврийн сайдын тушаалаар байгуулсан одоогийн Үндэсний хороо яам, агентлаг, орон нутгийн удирдлага, төрийн бус байгууллагуудыг нэгтгэн зангидахад бэрхшээлтэй байдаг. Хамгийн гол нь дээрх зөвлөл нь замын хөдөлгөөний аюулгүй байдалтай холбоотой бүхий л бүртгэл, мэдээллийг нэгтгэж, төрөлжүүлсэн сан үүсгэн, дүн шинжилгээ хийх, чиг үүрэг өгөх, тайлан, мэдээ гаргах зэрэг олон үүрэг хүлээх юм. Ер нь энд их олон зүйлийг тодорхой болгохоор зорьж буй.

Замын хөдөлгөөнд оролцогч гэдэгт замаар явж байгаа жолооч, тээврийн хэрэгслээр зорчигч, явган зорчигчийг хамааруулахаар тусгасан. 2014 онд бүртгэсэн нийт ослын тав орчим хувийг явган зорчигчийн буруутай үйлдлээс болж гарсан осол эзэлж байгааг ч анхаарах ёстой. Тухайлбал, төсөлд “Явган зорчигч Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний арав, согтуугаар Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 20 хувьтай тэнцэх төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ” гэж заасан.

Нөгөө талаас 10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх, сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургуулийн сургалтын хөтөлбөрт замын хөдөлгөөний мэдлэг олгох гэхчлэн замын хөдөлгөөнд оролцогчийнх нь хувиар хүүхдэд анхаарал хандуулсан нэлээд заалт бий. 2014 онд хүүхэд өртсөн зам тээврийн осол 1195 бүртгэгдсэн. Үүнээс 48 хүүхэд амь насаа алдаж, 233 хүүхэд хүнд, хүндэвтэр гэмтсэн байдаг.

-Замын хөдөлгөөний аюулгүй байдалд жолоочийн хариуцлага жин дарах нь дамжиггүй. Гэтэл сүүлийн үеийн жолооч нар муу, тэднийг бэлтгэдэг сургалт, дамжаа нь хэт ашгийн төлөө ажилладаг гэх шүүмжлэл байдаг. Энэ талаар төсөлд хэрхэн тусгасан бэ?

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын дүрэм баталсны 90 жилийн ойн онол практикийн бага хуралд Монголын авто сургууль, курсуудын холбооны тэргүүний хувьд оролцож, олон санаа оноо олж авсан. Жолооч бэлтгэх тогтолцоог мэргэжлийн боловсрол, сургалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага буюу Хөдөлмөрийн яам хариуцахаар төсөлд тусгасан. Үүнийг төр, хувийн хэвшлийн түншлэлд үндэслэн гардаж гүйцэтгэнэ. Одоо ажиллаж буй сургалт, дамжаа мэргэжлийн жолооч бэлтгэх, чанар стандартаа хангаж байж үйл ажиллагаагаа саадгүй явуулах боломжтой гэж ойлгож болно.

-Жолооны үнэмлэх хэвлэх ажил маш удаашралтай, иргэдийг олон сараар хүлээлгэдэг. Энэ асуудлыг нэг мөр зохицуулж болдоггүй юм уу. Асуудал нь юунд байдаг юм бол?

Жолооны үнэмлэхийг улсын бүртгэлийн байгууллага хариуцахаар тусгасан. Ер нь олон улсын жишиг нь ч ийм юм билээ. Өөрөөр хэлбэл, иргэний болон жолооны үнэмлэхийг тус тусад нь байлгах бус, нэг л баримт үзүүлэхэд хангалттай байхуйцаар олон улсын жишигт нийцүүлэхийг зорьж байна. Энэ хуулийн төсөл ч тийш зорьж буй нэгээхэн байгууллагад төвлөрүүлж чадвал эрх цуцлах, сэргээх зэрэг олон зохицуулалтыг хүйд сурталгүй хэрэгжүүлэх боломж бүрдэх юм.

-Манай орны суурь дэд бүтэц муу, сүүлийн үеийн автозамын чанар муу зэрэг нь замын хөдөлгөөний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж буй. Хувь хүн гэхээс илүү энэ мэт объектив шинж чанартай хүчин зүйлсээс болоод осол их гарч байна. Үүнийг яаж багасгах вэ?

Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад техникийн ерөнхий шаардлагуудыг хангах нь чухал байлгүй яах юм. Зам, замын байгууламжийг төлөвлөх, барих, өргөтгөх, засах, арчлан хамгаалахдаа стандартын шаардлага тавьж, нэхэх ёстой. Энэ талаар ч төсөлд тусгасан. Тухайлбал, замын чанараас шууд шалтгаалсан ослын хариуцлагыг уг замыг тавьсан гүйцэтгэгч нь хүлээхээр зааж өгсөн. Оношилгооны төвүүдэд ч энэ хамаатай.

Арван мянган төгрөг өгчихвөл оношилгооны хуудсыг нь бөглөөд өгдөг хариуцлагагүй явдлыг таслан зогсоох цаг болсон. Цаашлаад тээврийн хэрэгсэл, түүний хийцийн бүрэлдэхүүн хэсэг, нэмэлт тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэл үйлдвэрлэх, угсрах, импортлоход ч нарийн стандарт байх ёстой. Гадаад орнуудад ашиглалтын шаардлага хангахаа байсан дээрх зүйлсийг бид үнэ төлөн худалдан авч байгааг хориглохоор төсөлд тусгасан.

Үндсэндээ бид гадаадынхны хаана хаяхаа мэдэхгүй, хаягдал болгохын тулд багагүй төлбөр төлөх дээрээ тулдаг тэр хог, новшийг нь мөнгө төлөн байж оруулж ирж, аюул, эрсдэлд орж байгаа юм шүү дээ. Энд би стандартын талаар хэд хэдэн удаа дурдлаа. Тэгэхээр хуулиар тавьж буй дээрх шаардлагууд нь стандартаар баталгаажсан эсэх, хэрхэн хэрэгжүүлж, хянахад төрийн холбогдох байгууллагын зохицуулалт шаардлагатай гэж төсөлд тусгасан.

-Хариуцлагын тогтолцоог одоогийн хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуультай харьцуулбал?

Манай улсад замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчигчдөд хүлээлгэх   хариуцлагыг Захиргааны хариуцлагын тухай хуулийн хоёрдугаар бүлгийн 25 дугаар зүйлээр зохицуулж байгаа. Энэ хуулийг 1992 онд батлахад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 1650 төгрөг байсан. Одоо 192 мянган төгрөг болж 11.6 дахин өссөн. Харин торгуулийн хэмжээ гурав дахин нэмэгдсэн. Энэ нь үндсэндээ хариуцлага тооцох механизм болж чадахгүй байна.

Тиймээс тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй нь уялдуулан хариуцлага, хүлээх торгуулийн хэмжээг жишиг байдлаар нэмэгдүүлэхээр буй. Нөгөө талаас зөрчлийн хэв шинжийн хүрээг өргөн хүрээнд авч үзсэн. Өнөөдөр шийтгэлийн хэмжээний доод хязгаарыг 1000 төгрөгөөр торгох, дээд хязгаарыг хоёр жил эрх хасах байдлаар хэт ялгавартай тогтоосон нь ноцтой зөрчил гаргасан этгээдэд хөнгөн, жижиг зөрчил гаргасанд нь шийтгэлийг хүндрүүлэх нөхцөл байдал үүсгэж байгааг үгүйсгэх аргагүй.