2016.12.26

Эрхээ хасуулсан этгээд согтуугаар жолоо барьсан бол баривчлах нь зүйтэй, торгох нь оновчгүй гэж үзлээ

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль 2015 оны 7 дугаар сарын 8-нд батлагдаж, мөн оны 9 дүгээр сарын 1-нээс хүчин төгөлдөр үйлчилж байна.  

Уг хуульд тодорхой бус, зөрчилтэй заалт байна үзээд Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг энэ сарын 21-нд өргөн барьсан юм.

Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй буюу эрхээ хасуулсан жолоочид баривчлахаас гадна торгох шийтгэл оногдуулахаар заасан нь оновчгүй гэж хууль санаачлагч үзэж байна. Тиймээс тухайн жолоочийн гаргасан алдаа, зөрчилд тохирсон шийтгэл нь баривчилж шийтгэх бөгөөд давхар торгож байгаа нь өөрөө зөрчил болж байна гэжээ. Хуульд мөнгөн торгууль оногдуулахдаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уяж өгсөн байдаг. Тодруулбал, эрхээ хасуулсан жолооч согтуугаар жолоо барьсан бол 384 000-768 000 төгрөгөөр торгож, 7-30 хоног баривчилж шийтгэдэг. Он гараад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 240 000 мянган төгрөг болсон тохиолдолд 480 000- 960 000 төгрөг болж, торгуулийн хэмжээ нэмэгдэх юм. Харин уг хуулийн төсөл батлагдвал энэ хэмжээний торгууль тавьдгаа больж, баривчлах шийтгэлийг хэвээр үлдэх болно.  

Тэрээр хуулийн 25,1 дэх хэсэгт шийтгэл оногдуулах эзнийг тодорхой болгох, 27,3 дахь хэсэгт торгох, баривчлах гэж үндсэн шийтгэлийг давхардуулан оногдуулж байгаа зөрчлийг арилгах үүднээс уг хуулийн төслийг боловсруулсан байна. Тодруулбал, 

Одоогийн заалт: Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 25,1 дэх хэсэгт, Замын хөдөлгөөны аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол энэ хуульд заасан захиргааны шийтгэл оногдуулна гэж заасан байдаг. 

Өөрчлөлт: Замын хөдөлгөөны аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол шүүгч, эсхүл цагдаагийн байгууллагын эрх бүхий ажилтан хуульд заасан шийтгэл оногдуулна.   

Одоогийн заалт: Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3 дахь хэсэгт, Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй буюу эрхээ хасуулсан этгээд согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон бол нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2-4 дахин нэмэгдүүлсэнтэй тэмцэх хэмжээний төгрөгөөр торгож, долоо хоногоос гуч хоног хүртэл хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулна. 

Өөрчлөлт: Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй буюу эрхээ хасуулсан этгээд согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон бол долоо хоногоос гуч хоног хүртэл хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулна.