Шинэ хууль хэрэгжиж эхлээд ослын дуудлага 31,7 хувиар буурчээ
Иргэдийн дунд өнгөрсөн зуны турш ярианы гол сэдэв болсон Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай шинэчилсэн хууль үр дүнгээ өгч эхэллээ.
Өчигдөр хичээл сургууль эхэлж, их хотын амьдрал буцалж эхэлсэн.
Тэгвэл хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан Замын цагдаагийн газраас тоон мэдээлэл гаргажээ. Өнгөрсөн оны есдүгээр сарын 1-ний өдөр 353 ослын дуудлага ирж байсан бол өчигдөр 241 дуудлага ирсэн байна.
Энэ нь ослын дуудлага 31,7 хувиар буурсан гэсэн үг. Түүнчлэн өнгөрсөн жил 124 осол хичээлийн шинэ жилийн эхний өдөр бүртгэгдэж байсан бол өчигдөр 78 бүртгэгдсэн нь 37 хувиар буурсан үзүүлэлт аж.
Гэмтэж бэртсэн хүний тоо 2014 оны есдүгээр сарын 1-нд 20 байсан бол өчигдөр найман хүн гэмтэж бэртжээ. Гэмтсэн найман хүний гурав нь хүүхэд байсан бөгөөд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон жолооч 77 байсан бол өчигдөр 31 жолооч согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож байгаад саатуулагдсан байна.