Ирэх онд Улаанбаатар хот улсын төсөвт 89,4 тэрбум төгрөг төвлөрүүлнэ
УИХ-аас Монгол Улсын 2017 оны төсвийн жилд орон нутгийн төсвөөс улсын төсөвт төвлөрүүлэх орлогын хэмжээг тогтоож өгөөд байна. Улаанбаатар хотоос гадна 6 аймаг улсын төсөвт нийт 132 тэрбум 604,8 сая төгрөгийг ирэх онд төвлөрүүлэхээр болжээ.
2017 оны төсвийн жилд орон нутгийн төсвөөс улсын төсөвт төвлөрүүлэх орлогын хэмжээ, сая төгрөгөөр
Засгийн газраас оруулж ирсэн 2017 оны төсвийн тухай хуулийн төсөлд анх эдгээр аймаг, орон нутгийн төсвөөс улсын төсөвт нийт 125 тэрбум 956,5 сая төгрөг төвлөрүүлэхээр оруулж ирсэн ч 6,6 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн дүнгээр төсөв батлагджээ.
Задлаад харахад, Улаанбаатар хот ирэх онд 89 тэрбум 421,8 тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрүүлэхээр байгаа нь бусад орон нутагтай харьцуулахад хамгийн өндөр дүн болж байна. Анх хуулийн төсөлд тусгахдаа 83,9 тэрбум гэж байсан бол 5,5 тэрбум төгрөгийг нэмж төвлөрүүлэх үүрэг хүлээжээ.
Улаанбаатар хотын дараа төсөвт хамгийн их орлого төвлөрүүлэх аймаг бол Өмнөговь. Тус аймаг ирэх онд 28 тэрбум 417,5 сая төгрөг улсын төсөвт төвлөрүүлнэ. Энэ нь хуулийн төсөлд анх тусгаснаас 548,6 сая төгрөгөөр нэмэгдсэн дүн юм.
Өмнөговь аймгийн араас Орхон аймаг орж ирж байгаа бөгөөд ирэх онд тус аймаг улсын төсөвт 12,4 тэрбум төгрөг төвлөрүүлнэ. Энэ нь Дархан-Уул аймагтай харьцуулахад 40 дахин их дүн юм. Тодруулбал, Дархан-Уул аймаг ирэх онд улсын төсөвт 305,2 сая төгрөг төвлөрүүлэх үүрэгтэй.
Улсын төсөвт орлого төвлөрүүлэх үүрэгтэй аймгуудаас хамгийн бага орлогыг Говь-сүмбэр аймаг төвлөрүүлэхээр байна. 2017 онд тус аймаг 150,1 сая төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлэх үүрэг хүлээж байгаа нь Өмнөговь аймаг, Улаанбаатар хоттой харьцуулахад 189-595 дахин бага ачаалал болж байна.