Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн барив
Өнөөдөр (2016.06.27) Сангийн сайд Б.Чойжилсүрэн Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төслийг УИХ-ын дарга М.Энхболдод өргөн барилаа.
Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Австри Улсын Засгийн газар хооронд 2012 онд байгуулсан 40 сая еврогийн Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээр амжилттай хэрэгжсэн туршлага дээр үндэслэн, хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр Австри Улсын техник, технологийг нэвтрүүлэх сонирхолтой төслийн хэрэгцээ, шаардлага их байгааг харгалзан 40 сая еврогийн “Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээр”-ийг 2016 оны зургаадугаар сарын 10-ны өдөр байгуулсан байна.
Энэхүү хэлэлцээр нь Олон улсын гэрээний тухай хуулийн 10 дугаар зүйлийн 4-т заасны дагуу гадаад улс, олон улсын байгууллагаас авах зээлийн ерөнхий нөхцөлийн гэрээ тул Улсын Их Хурлаар соёрхон батлуулах шаардлагын дагуу Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлж буйгаа Улсын Их Хурлын даргад танилцуулав.
Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийг хоёр жилийн хугацаатай байгуулах бөгөөд энэ хугацаанд хөнгөлөлттэй зээлээр орон нутгийн ус, эрүүл ахуй, хог хаягдал, бохир ус, замын хөдөлгөөний аюулгүй байдал, төмөр зам, боловсрол, техник, мэргэжлийн сургалт, эрүүл мэнд, нийгмийн хамгааллын салбарын төслүүдийг санхүүжүүлэх юм байна