БХЯ-ны сайд Канад Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Эд Жагерыг хүлээн авч уулзлаа
Монгол Улсын Их хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ Канад Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Эд Жагерыг өөрийнх нь хүсэлтийн дагуу Батлан хамгаалах яаманд хүлээн авч уулзлаа. Энэ нь Монгол Улсын шинэ Засгийн газар бүрдсэнээс хойшх хугацаанд Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ Канад Улсын Элчин сайдтай хийсэн анхын албан, танилцах уулзалт юм.
Уулзалтын эхэнд Элчин сайд Эд Жагер "Эрхэм Батлан хамгаалахын сайд тантай уулзаж байгаадаа баяртай байна. Энэ удаагийн уулзалт та бидний хувьд албан ёсны анхны уулзалт бөгөөд Батлан хамгаалахын сайдын хариуцлагатай, нэр хүндтэй, ачаалал ихтэй албан тушаалд томилогдсон танд баяр хүргээд тантай уулзах энэхүү уулзалтад Бээжингээс хавсран суугаа Канадын Батлан хамгаалахын атташе хурандаа Франк Эбнер хүрэлцэн ирж оролцож байна.
Өнөө өглөө Зэвсэгт хүчний Бага баян Энхийн төлөө цолцолбор төвд зохион байгуулагдаж буй "Хэвлэл олон нийттэй харилцах офицер"-ын сургалт, дамжааны нээлтийн арга хэмжээнд бид оролцсон.
Канад Улс нь Зүүн Өмнөд Азийн хэд хэдэн оронд энхийг дэмжих ажиллагааны сургалт, дамжааг зохион байгуулдаг бөгөөд энэ удаагийн сургалт нь Монгол Улсад зохион байгуулагдаж буй анхны сургалт юм. Бид цаашид, тухайлбал, ирэх жил "Цэргийн удирдлага ба удирдахуйн ухаан" сэдвээр Монгол Улсад сургалт зохион байгуулах бодолтой байна" гэж тэмдэглэн хэлэв.
Монгол Улс, Канад Улс нь ижил төстэй зүйлүүд олонтой. Цаг агаарын хувьд ижил. Газар нутаг томтой, хүн ам цөөтэй. Хүн амынхаа тоонд харьцуулбал багахан хэмжээний Зэвсэгт хүчинтэй тэр нь газар нутгаа хамгаалах үндсэн үүргийг гүйцэтгэхээс гадна энхийг дэмжих олон улсын ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байна.
Түүнчлэн Монгол, Канад хоёр улс геополитикийн хувьд том хөршүүдтэй хиллэдэг. Канадын хувьд өмнө талаар дэлхийн тэргүүлэх гүрэнтэй хил залгаа оршиж байна. Хойд талаар Хойд мөсөн далайг эс тооцвол ОХУ-тай хил залган оршиж байна.
Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ уулзалтын явцад "Эрхэм Элчин сайд цаг зав гарган уулзаж хоёр орны батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагаа талаар ярилцаж санал бодлоо солилцох болсон нь таатай байна. Өнгөрсөн 20-иод жилийн хугацаанд Монгол-Канадын батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа энхийг дэмжих ажиллагаа, цэргийн сургалт, бүс нутгийн аюулгүй байдлын асуудлаар харилцан мэдээлэл солилцох зэрэг үндсэн чиглэлээр хөгжиж ирсэн.
Канад Улсын Засгийн газрын "Цэргийн сургалтын тусламжийн хөтөлбөр"-ийн хүрээнд манай 190 орчим цэргийн алба хаагчид Канадад цэргийн болон хэлний боловсролоо дээшлүүлсэн, энэ цаг үед 8 цэргийн алба хаагч Залуу офицерын сургууль, оперативын дамжаа, англи, франц хэлний сургалтад хамрагдаж байгаа ба энэ нь манай Зэвсэгт хүчний Энхийг сахиулах чадавхийг нэмэгдүүлэхэд оюуны үнэтэй дэмжлэг болж байна" гэж тэмдэглэн хэлэв.
Сайд Б.Бат-Эрдэнэ цааш нь "Канад Улсын Зэвсэгт хүчний бүрэлдэхүүн жил бүр манай оронд зохион байгуулагддаг "Хааны эрэлд" энхийг дэмжих ажиллагааны олон улсын хээрийн сургуульд тогтмол оролцож ирсэн ба 2016 оны сургуульд Канадын Зэвсэгт хүчний 16 цэргийн алба хаагч оролцсон нь хоёр талын хамтын ажиллагааг улам бүр гүнзгийрүүлэхэд чухал арга хэмжээ болсон.
Ази, Номхон далайн бүс нутгийн орнуудын Батлан хамгаалах хүчний штабын дарга нарын уулзалтаар хоёр орны Зэвсэгт хүчний штабын дарга нар хоёр талын уулзалт хийдэг уламжлалын дагуу Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга хошууч генерал Д.Даваа Филиппин Улсад зохион байгуулагдсан Ази-Номхон далайн орнуудын ЗХЖШ-ын дарга нарын бага хуралд оролцох үедээ Канад Улсын Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга генерал Жонатан Ванстай ажлын уулзалтыг хийсэн.
Өнөөдрийн уулзалтад надтай хамт оролцож байгаа яамны ТЗУГ-ын дарга генерал З.Болдбаатар нь БХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа 2015 оны 9 дүгээр сарын 15-16-ны өдрүүдэд Канад Улсад ажлын айлчлал хийсэн. Энэ айлчлал нь хоёр орон батлан хамгаалах салбарт хамтран ажиллаж эхэлснээс хойш манай БХЯ-наас Канад Улсад хийгдсэн анхны бие даасан айлчлал болсон юм гэдгийг дурдаад Канад Улс нь НАТО-гийн гишүүн орнуудыг төлөөлөн харилцагч орны үүргийг 2017 онд хүлээн авч байгаа нь хоёр орны батлан хамгаалах харилцаа хамтын ажиллагааг өргөжүүлэхээс гадна, НАТО-той харилцах харилцааг урагшлуулахад түлхэц өгнө гэж найдаж байна" гэдгийг цохон тэмдэглэв.
Уулзалтын явцад Элчин сайд Эд Жагер "Манай хоёр орны Батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагааг цаашид хөгжүүлэхэд надад нэг санал байна. Канадын хувьд олон сайн хоккейчидтой, Монгол Улсын Зэвсэгт хүчин олон сайн бөхчүүдтэй. Энэ боломж, нөөцийг ашиглан тамирчдын хооронд солилцоо хийж, Канадын хоккейчид Монголд, Монголын бөхчүүд Канадад харилцан туршлага солилцох, соёл, спортын солилцоог хэрэгжүүлбэл үр дүнтэй арга хэмжээ болох болов уу гэж бодож байна" гэж саналаа илэрхийлж байв.
Манай талаас Канадтай харилцах тэргүүлэх чиглэл бол цэргийн сургалт юм. Бид цаашид Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнийг Канадын цэргийн залуу офицерын сургалт, бусад сургалтуудад сургах, гадаад хэлний сургалтуудад хамруулах зорилготой байна. Энхийг дэмжих ажиллагаанд оролцож буй бүрэлдэхүүний хувьд гадаад хэл эзэмших нь ихээхэн хэрэгтэй байна.
Түүнчлэн Канадын хувьд НАТО-гийн харилцагч орны үүргийг хүлээн авсаны хувьд манай зүгээс Афганистанд явагдаж буй Шийдвэртэй дэмжлэг ажиллагаанд оролцож буй оролцооны маань талаар бусад улс орнуудад ойлгуулах талаар анхааран ажиллахыг хүсье.
Бид цэргийн бүрэлдэхүүнээ илгээж үүрэг гүйцэтгүүлж, тэдний бэлтгэл сургуулилт, бусад зардлыг төсвөөс гарган санхүүжүүлж байна. Хэдийгээр өнөөдрийн эдийн засгийн хүндрэлтэй байдал нь бидэнд ачаа болж байгаа ч бидний оролцоог бусад орнууд нааштай хүлээн авч байгаад талархалтай байна" гэж Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ тэмдэглэн хэлж, талууд харилцан талархал илэрхийлснээр албан уулзалт өндөрлөв.