"Вольф" бенз загварын автомашинуудыг хүлээлгэн өгөх ёслолын ажиллагаа Батлан хамгаалах яаман дээр боллоо
Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын буцалтгүй тусламжаар цэргийн "Вольф" бенз загварын автомашинуудыг хүлээлгэн өгөх ёслолын ажиллагаа Батлан хамгаалах яаман дээр боллоо.
Энэхүү арга хэмжээнд УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ, ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ш.Дуппел, Батлан Хамгаалах Яамны Төрийн нарийн бичгийн дарга, хурандаа Б.Батсайхан, Зэвсэгт Хүчний жанжин штабын орлогч дарга, хошууч генерал Р.Сүхбат болон Батлан хамгаалах яам, ЗХЖШ-ын удирдлага, холбогдох албаны хүмүүс оролцлоо.
Монгол Улс, ХБНГУ нь 1974 оны 01 дүгээр сарын 31-нд дипломат харилцаа тогтоосон бөгөөд хоёр улсын цэргийн харилцаа хамтын ажиллагаа нь 1993 оноос эхтэй билээ. ХБНГУ нь манай зэвсэгт хүчний бүрэлдэхүүнийг өөрийн цэргийн их дээд сургууль, дамжаанд сурган, Монгол Улсын Зэвсэгт хүчний энхийг сахиулах чадамжыг дээшлүүлэх зорилтот ажлын хүрээнд материаллаг тусламжуудыг үзүүлсээр ирсэн.
Монгол Улс, ХБНГУ нь "Иж бүрэн түншлэлийн харилцаатай" улсууд юм. Хоёр орны Зэвсэгт хүчний бүрэлдэхүүн 2009 оноос өнөөг хүртэл Энхийг дэмжих ажиллагааны дадлага сургууль, ажиллагааны өмнөх бэлтгэл, сургалтуудад хамтран оролцож сайн харилцаатай болсон бөгөөд хоёр улсын батлан хамгаалах салбар харилцан өндөр дээд хэмжээний айлчлалуудыг зохион байгуулдаг ба хэдхэн хоногийн өмнө Монгол Улс, ХБНГУ-ын Батлан хамгаалах яамд хоорондын 12 дахь зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулагдсан.
ХБНГУ болон Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн багууд Исламын бүгд найрамдах Афганистан Улсад явагдаж байгаа "Шийдвэртэй дэмжлэг" ажиллагаанд 2009 оноос эхлэн хамтран үүрэг гүйцэтгэж байна. ХБНГУ нь Монгол Улсын Зэвсэгт хүчинд 2006 оноос өнөөг хүртэл нийт 1,3 тэрбум төгрөгийн өртөг бүхий материаллаг тусламжыг үзүүлсэн.
Энэхүү автомашинуудыг Зэвсэгт хүчний бүрэлдэхүүний энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэх чадамжыг дээшлүүлэх, ажиллагааны өмнөх бэлтгэл сургуулилалт, дадлагад ашиглахаар төлөвлөж байна.