Япон улсын парламент дахь Япон-Монголын парламентын бүлгийн дарга Хаяашиг хүлээн авч уулзлаа
УИХ-ын дарга, МАН-ын дарга М.Энхболд Япон улсын парламент дахь Япон-Монголын парламентын бүлгийн дарга Хаяашиг энэ сарын 14-нд хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд Япон улсын парламентын дахь Япон-Монголын парламентын бүлгийн дарга Хаяаши хэлсэн үгийнхээ эхэнд: Монгол улсад болсон УИХ-ын сонгуульд Монгол Ардын Нам ялалт байгууланд хүргэе. Япон Монгол хоёр орны харилцаа нийгэм эдийн засгийн бүхий л салбарт сайн байгаа. Яг энэ цаг мөчид Монгол улсын Ерөнхий сайд Япон улсад айлчилж байгаа бөгөөд Япон Монгол хоёр орны ерөнхий сайд нар өнөөдөр уулзана. Цаашид Япон Монгол хоёр орон, 2 орны парламент хоорондын харилцаа илүү сайн хөгжинө гэдэгт итгэлтэй байна гэдгийг онцлон хэлсэн.
Харин Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболд хэлсэн үгэндээ: Хоёр орны хамтын ажиллагаа нийгмийн бүхий л салбарт сайн хөгжиж ирсэн. Монгол улсын эдийн засгийн хямралтай цаг мөч болгонд Япон улс, Японы ард түмэн байнга тусалж, дэмжиж ирсэнд баяртай байдаг. Өнөөдөр Япон улсын дэмжлэг, туслалцааг аваагүй салбар гэж Монгол улсад байхгүй. Тун удахгүй Монгол улсад Олон улсын шинэ нисэх онгоцны буудал ашиглалтанд орно. 10 жилийн өмнө би Монгол улсын Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Япон улсын Ерөнхий сайд Коземутай уулзаж энэ их бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх гарын үсгийг зурж байсан.
Мөн үүнээс гадна Монгол улсад эдийн засгийн амаргүй байдал үүсээд байна. Гадаад өрийн хэмжээ их, их хэмжээний өрийн төлөлт тун удахгүй эхэлнэ, эдийн засгийн өсөлт дөнгөж 0.6 хувьтай гээд хүндрэлтэй нөхцөлд байна. Энэхүү эдийн засгийн хүндрэлтэй байдалд Япон улсын засгийн газар анхаарал тавих гэж найдаж байгаагаа ч давхар онцоллоо.
Үүний дараагаар Япон-Монголын парламентын бүлгийн дарга ноён Хаяаши “Япон улс Монгол улсын эдийн засгийн байдлыг сайн ойлгож байгаа. Хоёр орны харилцаа олон жил олон шатанд хөгжиж ирсэн. Иймээс Япон улсад очсон хойноо Монгол улсад тулгамдаж байгаа асуудлыг уламжилж хэлнэ” гэдгээ тодотголоо.
Уулзалтын төгсгөлд ноён Хаяаши Монгол, Японы залууст зориулсан төсөл боловсруулж байгаа. Удахгүй үүнийгээ танилцуулна. Өмнө нь Монгол улсын биеийн тамирын чиглэл дээр тодорхой ажлуудыг хийж хэрэгжүүлсэн. Үүний үр дүнд өнөөдөр Монголоос 6 хүн Япон улсад суралцаж байгаа. Цаашид ер нь хоёр улсын ХАА-н салбарын хамтын ажиллагааны чиглэлээр Хокайда мужид залуусыг ажлуулах, мэргэжүүлэх зорилготой байгаагаа дуулгасан юм.