Бид нийгэм даяараа санхүүгийн бус боловсролын ядууралд орчихоод байна
“Хобби” сургуулийн захирал Г.Цэлмүүн
2016.10.03

Бид нийгэм даяараа санхүүгийн бус боловсролын ядууралд орчихоод байна

Манай сайтын редакциас "Шинэ Засгийн газарт өгөх санал" онлайн хэлэлцүүлгийг хийж байгаатай холбогдуулан бага, дунд боловсролын салбарын төлөөллийг урьж оролцууллаа. 

Харвардын их сургуулийн үндсэн ангид Монголоос 6 оюутан элсэн орсны 5 нь танай сургуулийн “бүтээгдэхүүн" гэж сонслоо. Энэ нь сургалтын онцлог, багш нарын ур чадвартай шууд холбоотой байх?

Манай сургууль анхны хувийн сургууль бөгөөд байгуулагдаад 23 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байна. Энэ хугацаанд Хобби сургуулийн сурагчид олон бахдам амжилт гаргасан.

...Харвард бол тэдгээрийн нэг л жишээ... Үүнээс гадна Cornell University, University of Washington, NYU, University of British Columbia гэх мэт дэлхийн топ гэж нэрлэгдэх олон их дээд сургуулиудад хүүхдүүд мань хөл тавьж багш нар биднийг баярлуулж байгаа...

Манай сургуулийг төгссөн хүүхдүүд олон улсын хамгийн нэр хүндтэй их, дээд сургуулиудад суралцаж, ажил, амьдралдаа амжилттай явааг харахад бахархах сэтгэл өөрийн эрхгүй төрдөг. Энэ яах аргагүй манай сургуулийн философи, хөтөлбөр, онцлог, багш нарын ур чадвар, мөн хүүхдийн өөрийн авъяас чадвар, хүсэл эрмэлзэл болон хичээл зүтгэлтэй шууд холбоотой гэж боддог.

Анх байгуулагдсан цагаасаа хойш бид ашиг мөнгө хөөх биш, “Жинхэнэ Монгол хүн”, “Оюун санааны жинхэнэ Монгол элит”-ийг хүмүүжүүлэн төлөвшүүлэхийн төлөө ажилласан. 

Анх байгуулагдсан цагаасаа хойш бид ашиг мөнгө хөөх биш, “Жинхэнэ Монгол хүн”, “Оюун санааны жинхэнэ Монгол элит”-ийг хүмүүжүүлэн төлөвшүүлэхийн төлөө ажилласан.  Энэхүү зорилгодоо хүрэхийн тулд чин сэтгэлээсээ зүтгэсэн учраас амжилт олох нь аргагүй биз ээ.

Элит гэдэг үгийг зөв ойлгох хэрэгтэй. Бидний хувьд энэ бол мөнгөтэйг нь биш, харин боловсрол, соёлтой, ёс суртахуун эзэмшсэн оюунлаг хүнийг хэлдэг юм.

Хобби сургууль ”авъяасгүй хүүхэд  байдаггүй, авъяас нь харин өөр, өөр байдаг“ гэдэгт бүрэн итгэдэг. Тийм ч учраас хүүхэд бүрийг нээх, сэтгэл дэх галыг нь бадраахыг олимпиад уралдаанд түрүүлэхээс илүү чухал гэж  үздэг. Энэхүү чин зорилго, МУ-ын боловсролын хөтөлбөр, олон улсын сургалтын арга барилыг хослуулсны үндсэн дээр бид дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн Монгол Улсын Иргэнийг хүмүүжүүлэх үйлээ амжилттай хийж байна гэж хэлж болно.

Монголын боловсролын систем+Олон улсын сургалтын арга барил гэхээр их сонин агуулга харагдаад байна. Энэ талаар тодруулна уу? 

Манай сургууль 23 жилийн түүхтэй. Энэхүү хугацаанд Монголын боловсролын системд хэд хэдэн томоохон өөрчлөлтүүд хийгдсэн боловч өөрчлөлт болгон нь төдийлөн системтэй байж чадаагүй. Тэгэхлээр, бид энэхүү их өөрчлөлтийн үед хүүхдүүддээ яаж тогтвортой сайн боловсрол олгох нь зүйтэй вэ гэдэг дээр их түлхүү ажилласан. Үүний үр дүнд бид МУ-ын боловсролын хөтөлбөрөөс гажаагүй хэрнээ өөрийн сурагчдад илүү тохиромжтой хөтөлбөр боловсруулж чадсан. Багш нар маань их чадварлаг учраас ном сурах бичгийг ч өөрсдөө боловсруулан хэрэгжүүлсэн.

Хобби сургуулийн хөтөлбөр бол Монгол Улсад цорын ганц юм. Хүүхэд бүр чадвар чадамжтай болж өсөх нь маш чухал  асуудал гэдэг үүднээс улбаалаад манай сургууль англи хэл, математик гэх мэт зөвхөн мэдлэг олгох хүрээнд хязгаарлагддагүй. Жишээ нь, суралцахуйн чадвартай болсон хүүхэд төгсөөд их дээд сургуулиудад ороод хүндрэлгүй дасан зохицоод сураад явчихдаг. Мөн түүнчлэн, бусдыг хүндлэх, хайрлах, дасан зохицож амьдрах гэх мэт үнэт зүйлсийг нь хэвшүүлэхийг эрмэлздэг. 

Ажиглаад байхад “Яаж баян болох вэ?”, “Хэрхэн мөнгө дуудах вэ?” зэрэг сургалтууд танхим дүүрэн хүнтэй байна. Гэтэл Уланбаатарт гарсан Пикассогийн бүтээлийн үзэсгэлэн үзсэн хүн тун цөөн. Энэ бол нийгэм даяараа санхүүгийн биш боловсролын ядууралд орсныг илтгэнэ. Тиймээс үндэсний ухамсар, үнэт зүйл алдагдсан энэ үед амьдралыг зоосны нүхээр биш оюун ухаан, сэтгэл ухамсарын хөгжлийн үүднээс харуулах их чухал.

Нөгөөтэйгүүр, Монголоо гэсэн сэтгэл үгүй болоод байх шиг... Энэ бол цэвэр мөнгө олох гэж туйлширснаас үүдсэн үзэгдэл гэж боддог. Бид “Чингис хаан” гэж цээжээ дэлдээд байдаг атлаа ёс заншлаа мэддэггүй, монгол ахуйгаа мэддэгүй. Ялангуяа, олон улсын сургуулиудаас эх хэлээ хүртэл сайн мэдэхгүй нэгэн үе гарч ирж байгаад сэтгэл эмзэглэдэг.

...Монгол хүн байхын учир нь эх хэл, түүх, соёлоо мэддэг, үндэсний өв уламжлал, үнэт зүйлсээ хадгалан, түгээн дэлгэрүүлэх юм. Тиймээс ч манай сургууль Монгол Улсын иргэний эзэмшвэл зохих мэдлэг, ур чадвар олгох хичээлүүдийг хөтөлбөртөө бодлогоор тусгадаг...

Манай төгсөгчид дээл оёх, гэр барих, гэдэс арилгах, сур, шагай харвах гээд монгол хүний хийж чадах бүхий л үйлийг эзэмшээд төгсдөг. Бидний энэ санаачлагыг дэмжин Боловсролын яамнаас сургалтын хөтөлбөрт “Монгол ухаан”, “Хүн амьдрал” зэрэг хичээлийг оруулж ирсэнд манай сургууль маш баяртай хүлээж авсан. “Хоббичууд” дэлхийн боловсролыг эзэмшсэн Монгол хүн гэдгээрээ дэлхийд ялгарна.  

Монголд нэг талаар багшийн үнэлэмж муу, нөгөө талаар бизнесийн удирдлага, эдийн засагч мэргэжлийг л илүүд үзээд байх шиг?

Багшийн цалин бага байна гэж олон нийтийн мэдээллийн хэрэгслээр яриад байдаг. Ингэж ярихаар хэн багш болохыг хүсэх билээ дээ. Ер нь телевиз, сонин, сайтаар болж, бүтэхгүй болгоныг гаргах юм. Гэтэл амьдралд гэрэл гэгээтэй, болж бүтэж буй зүйл түүнээс олон шүү дээ. Тиймээс мэргэжил болгон сайхан болохыг сурталчлан таниулж, багш гэдэг бол маш нэр хүндтэй бөгөөд сайхан мэргэжил гэдгийг хүүхэд, залуучуудад ойлгуулах хэрэгтэй. 

Олон хүн бизнесийн удирдлагаар суралцвал баян чинээлэг болно гэж боддог. Үгүй л байхгүй юу. Бизнесийн удирдлагаар төгссөн хүн бүр бизнес хийдэг үү, амжилтад хүрч байна уу гэдгийг харах хэрэгтэй. Хамгийн гол нь хүн өөрийн дуртай зүйлээ хийх хэрэгтэй.

Дуртай зүйлээ хийж байхад оюун бодлоос байнгын шинэ санаа урган гарч, хоногийн 24 цаг ажилласан ч ядардаггүй.

Дуртай зүйлээ хүн сэтгэл гарган хийдэг, сэтгэл гарган хийсэн үйл бусдаас мэдээж ялгарна. Хүн ингэж байж л амжилтад хүрдэг, цаашлаад амжилт нь хүсээд байгаа мөнгийг ч дагуулна шүү дээ (инээв). Энэ л дэс дарааллыг манай сургууль хүүхдүүддээ таниулахын зэрэгцээ авьяас, сонирхлыг нь нээн илрүүлэх, хөгжүүлэх, урам зориг өгөхийг зорьдог. 

Салбарын яамнаас хэр дэмждэг вэ?

Салбар яамнаас сургалтын чанарыг шалгахаас биш дотоод үйл ажиллагаанд оролцдоггүй. Мөн боловсролын яам болон харьяа газрууд хувийн, улсын гэлтгүй харилцан ижил тэгш ханддаг. Яамнаас зохион байгуулж буй аливаа сургалт, семинар, хуралд сургуулиудын багш нарыг жигд хамруулдагт маш их талархдаг.

Салбар яамныхаа үйл ажиллагаанд сэтгэл хангалуун байдаг гэж ойлголоо. Тэгвэл төрийн бусад байгууллагуудын оролцоо, нөлөө хэр байх уу?  

Үйл ажиллагаа явуулж, ашиг олж байгаа л бол тухайн хүн, албан байгууллага, аж ахуйн нэгж татвар төлөх ёстой гэсэн зарчмыг бид баримталдаг. Уг нь Монгол улсад сургуулийн үйл ажиллагаа явуулж байгаа тохиолдолд татвараас чөлөөлөгддөг хэдий ч Хобби сургууль бол ямагт төлж ирсэн, төлөх ч болно. Мөн бид хэнд ч авлига өгөхгүй гэсэн зарчимтай. Манай сургууль татвараа үнэнч шударгаар төлдөг, аливаа ашиг сонирхлын үүднээс хэн нэгэн албан тушаалтанд авлига өгөхгүй байснаараа нийгмийг бага ч гэсэн эрүүлжүүлж, сурагчиддаа үлгэр дууриалал болж, шударга ёсны тухай тэдэндээ зааж сургаж байна гэж боддог. Бид ийм л зарчимтай.

Гэтэл мэргэжлийн хяналт, татварын албанаас жилд удаа дараа байцаагч ирж шалгадаг, торгууль тавьдаг. Татвараа цаг тухайд нь төлдөг хэдхэн байгууллагуудаасаа яаж нэмж авах вэ гэдэг л ажлыг татварын албаныхан хийж байгаа юм шиг сэтгэгдэл төрдөг. Судлаад үзтэл торгууль тавьсныхаа төлөө байцаагч нар урамшуулал авдаг юм байна. Хүнийг юугаар урамшуулна, хүн түүнийг л хийнэ шүү дээ. Уг нь бол шинэ, найдвартай татвар төлөгч олж ирснээр нь урамшуулдаг бол илүү үр өгөөжтэй байхсан гэж санагдах юм. Зарим байцаагч нь хэдэн төгрөг өгчихвөл тавьсан торгуулиа зохицуулж болно шүү ч гэх нь бий.

...Манай сургууль авлигыг өөгшүүлдэггүй болохоор сургуулийн шинэ байр барих газар ч олдохгүй олон жил болж байна...

Хотын дарга шинээр томилогдох болгонд сургуулийн байр барих газар олгооч гэсэн хүсэлт тавьдаг ч хувийн сургуульд газар өгч чадахгүй гэдэг. Газрын наймаа хориотой учраас хуулийн дагуу газартай болох боломжгүй. Ингээд бид гарах гарцгүй болчихдог. Уг нь бол хотын захиргаанаас тодорхой болзол хангасан хувийн сургуулиудад зөвхөн сургууль барих, өөр зориулалтаар ашигласан тохиолдолд хариуцлага тооцох  нөхцөлтэйгээр газар олгож болох, эсвэл худалдаж болдоггүй юм болов уу? Тэгвэл Монгол Улсын их олон үрс шаардлага хангасан зориулалтын байранд боловсрол олох боломж нээгдэх юм. Зориулалтаар бус ашигласан тохиолдолд гэдэг дээр анхаарал хандуулмаар байгаа юм. Засгийн газар, яамдууд маш олон зөв шийдэл гаргадаг ч гэсэн зарим үед хэрэгжилт нь өөр болоод байгаа юм шиг харагдах юм. Нөгөөтэйгүүр, хариуцлага тооцох систем нь хүн хүнд өөр үйлчлээд байх шиг...

Яг энэ тэр гэж хэлэхгүйгээр, зүгээр нэг жишээ дурдъя. Тухайлбал, нэгэн байгууллага сургуулийн  хөлбөмбөгийн талбайг багш нарын орон сууц барина гэж газар эзэмших зөвшөөрөл авчээ. Харин хэрэгжилтийн шатанд оронд нь оффисын барилга барих тохиолдолд ямар нэгэн асуудал үүсдэггүй, хариуцлага тооцогддоггүй байна.

Нэгдүгээрт, сургуулийн хүүхэд залуучуудын бие бялдрын хүмүүжлийг хойш тавьсан;

Хоёрдугаарт, багш нарын нийгмийн асуудлыг шийдэх нэрийдэлтэй байсан боловч аль аль зорилтот бүлгийхээ эрх ашгийг уландаа гишгэсэн үйлдлүүд гарсаар байтал хэнд ч хариуцлага тооцохгүй нь хачирхалтай, харамсалтай санагдддаг.

Татварын албанаас байн, байн ирээд торгууль бичээд явдаг талаар та ярилаа. Энэ нь юунаас болдог юм бол?

Жил болгон ирнэ, шалгана, ирэхдээ хаанаас ч юм шинэ зөрчил илрүүлчихнэ. Би ч бүр заримдаа гайхах юм. Жил болгон журам нь өөрчлөгдөөд байдаг юм уу ч гэж боддог. Хобби сургууль татвараас зайлсхийдэггүй, үнэнч, шудрага байхыг эрхэмлэдэг гэж би өмнө дурьдсан. Тийм ч учраас бидэнд тавигдаж байгаа торгууль, илэрч байгаа зөрчил нь мэдлэг дутуу, хууль тогтоомж хоорондоо зөрүүтэй, эсвэл хуулийг ойлгох ойлголт өөр байгаагаатай холбоотой байж болох юм.

Жишээлбэл, бид саяхан 77 сая гаруй төгрөгийн торгууль тавиулчихаад бухимдаад сууж байна. 

Жишээлбэл, бид саяхан 77 сая гаруй төгрөгийн торгууль тавиулчихаад бухимдаад сууж байна. Учир нь, багш нар тайван, аз жаргалтай, сэтгэл хангалуун амьдрах ёстой гэж бид үздэг. Амьдралын энгийн хэрэгцээ хангагдсан багш хичээлийн бэлтгэлд илүү цаг зарцуулж улмаар хичээлээ ч заахдаа илүү тайван, сайн заана. Энэ үүднээс бид  багш нартаа байр олгох, хүүхдүүдийг нь үнэ төлбөргүй сургах гэх мэт нийгмийн асуудлыг нь шийдээд явахыг хичээдэг. Гэтэл татварын байгууллагын хувьд хүүхэд үнэгүй сурах нь орлого олж байгаатай нэгэн ижил тооцогдох юм. Үүнийгээ дагаад багш нар маань орлогын албан татвар төлөөгүй хэрэгт унаж байгаа нь тэр.

Хуулийг нь судалтал, Орлогын албан татварын тухай хуулинд:…” 15.1.4.-ахуйн үйлчлэгч, жолооч, цэцэрлэгчийн болон бусад үйлчилгээ үзүүлсний зардал;”-тай адил төстэй үйлчилгээг ажилтан ажил олгогчоос авсан бол үүнийг шууд бус орлого гэж тооцон ХАОАТ суутган авах ёстой гэж заасан байна. Дээр дурьдсан үйлчилгээний төрлүүд бүгд тансаг хэрэглээний ангилалд багтах болов уу гэдэгтэй та бүхэн санал нийлэх байх. Харин хүүхэд суурь боловсрол авч байгааг үүнтэй адилтгаж болно гэж үү?

Төрийн баталсан хуульд ийм санаа байгаагүй гэдэгт би бүрэн итгэлтэй байна. Яагаад вэ гэвэл, төр боловсролыг дэмждэг, тийм ч учраас их дээд сургуулиудад хүүхдээ сургаж байгаа эцэг эхчүүдэд татварын хөнгөлөлт эдлүүлж байгаа гэж би ойлгодог. Ийнхүү боловсролыг дэмжиж байгаа төр хүүхдээ хувийн сургуульд үнэгүй сургах боломж олдсон эцэг эхчүүдээс татвар авч шийтгэх ёсгүй гэдэгт би бүрэн итгэлтэй байдаг. Гэтэл практик дээрээ хүн, иргэн рүүгээ хандсан, эрх ашгийг нь бодсон шинэ санаа, санаачилгуудыг хориглоод байна шүү дээ.

Байгууллага байнга торгууль төлөөд байж чадахгүй, улмаар ажилтнуудынхаа нийгмийн хангамжийг сайжруулахад анхаарч чадахгүйд хүрэх гээд байгаа нь миний сэтгэлийг эмзэглүүлдэг юм. Тэгэвч Монгол хүний саруул ухаан, улс орон маань хөгжинө гэдэгт би итгэсээр ирсэн, итгэж ч байгаа тул дээрх асуудлууд нааштай шийдэгдэнэ гэж би ойлгож байгаа.

Ярилцсан Б.Уугантуяа