Тусгай сургуульд ажиллах нарийн мэргэжилтнүүд хэрэгтэй гэв
2016.09.14

Тусгай сургуульд ажиллах нарийн мэргэжилтнүүд хэрэгтэй гэв

Улсын Их Хурлын гишүүн Ц.Цогзолмаа, О.Баасанхүү, Л.Болд нар  Хан-Уул дүүргийн 63 дугаар тусгай сургуулийн үйл ажиллагаатай танилцав. 

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн хэрэгжилтийн явц, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сурч боловсрох, нийгмийн халамжийн үйлчилгээнд хамрагдах, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах талаар холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийн байдал, ерөнхий боловсролын тусгай хэрэгцээт сургууль, цэцэрлэгүүдийн үйл ажиллагаатай газар дээр нь танилцаж, цаашид авах арга хэмжээний талаар санал боловсруулан Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын хороонд танилцуулах үүрэг бүхий Ажлын хэсгийн ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн Ц.Цогзолмаа ажиллаж байгаа юм. 

Хан-Уул дүүргийн 63 дугаар тусгай сургуульд 2016-2017 оны хичээлийн жилд 240 гаруй хүүхэд суралцаж байгаа талаараа захирал С.Эрдэнэбаатар танилцуулав.

Тус сургуульд нийслэлийн Хан-Уул дүүргийн хүүхдүүдээс гадна Дундговь, Өвөрхангай, Дорнод, Завхан, Ховд аймгаас ирсэн сурагчид суралцаж байгаа аж.  Тус сургуулийн 40 багш, 20 ажилтан сурагчдад боловсролын үйлчилгээнээс гадна эмнэлэг, халамж, сувилахуйн болон сэтгэлзүйн үйлчилгээг үзүүлдэг байна.

Ажлын хэсгийн гишүүд болон ажлын дэд хэсгийн гишүүд 63 дугаар тусгай сургуулийн үйл ажиллагаатай танилцах үеэр тус сургуулийн мэргэжилтнүүд жилд 2 удаа дүүргийнхээ хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн талаарх суурь судалгааг хийдэг болохыг дуулгав.

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тоо жил бүр нэмэгдэж байгааг захирал С.Эрдэнэбаатар онцлоод “Хамгийн хүндрэлтэй нь хүүхдүүдийн эмгэг хавсарсан байдалтай байгаа. Оюуны бэрхшээлтэй эсвэл аутизмтай хүүхэд ирэхэд хэл ярианы бэрхшээл хавсарсан байх жишээтэй. Энэ хэрээрээ багш, ажилтнуудын ачаалал нэмэгдэн, тусгай мэргэжилтнүүд шаардагдах болсон” гэв.

Тиймээс Засгийн газар хоорондын тэтгэлэгээр Ази, Европын орнуудын их, дээд сургуульд суралцагчдын тоонд жил бүр тусгай сургуульд ажиллах 2 нарийн мэргэжилтнийг багтаах саналыг Улсын Их Хурлын гишүүд болон ажлын дэд хэсгийн гишүүдэд хэллээ. 

Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Ц.Цогзолмаа, тусгай сургалттай сургууль, цэцэрлэгүүдийн үйл ажиллагаатай танилцахад Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам болон Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам хоорондын үйл ажиллагааны уялдаа холбоог хангах, хамтын ажиллагааг сайжруулах шаардлагатай нь харагдаж байгааг тэмдэглэн хэлж байв.

Түүнчлэн тусгай сургалттай сургууль, цэцэрлэгт ажиллаж буй багш, мэргэжилтнүүдийн нийгмийн асуудлыг дэмжих, сургалтын хэрэгслийн хангамжийг нэмэгдүүлэх, орчинг сайжруулах талаар Ажлын хэсэг санал гарган, байнгын хороонд танилцуулах нь зүйтэй гэсэн байр суурийг илэрхийлсэн юм. 

Үргэлжлүүлэн Улсын Их Хурлын гишүүн Ц.Цогзолмаа, О.Баасанхүү, Л.Болд болон ажлын дэд хэсгийн гишүүд анги танхим, сургалтын үйл ажиллагаа болон сургуулийн орчин, нөхцөлтэй танилцлаа. 

Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооноос 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн хэрэгжилтийн явц, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сурч боловсрох, нийгмийн халамж үйлчилгээнд хамрагдах, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах талаар холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийн байдал, тусгай хэрэгцээт  сургууль болон цэцэрлэгийн үйл ажиллагаатай газар дээр нь танилцан санал, дүгнэлт гарган танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан юм. Улсын Их Хурлын гишүүн Л.Цогзолмаа тус ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байгаа бөгөөд бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн М.Билэгт,  О.Баасанхүү, Б.Саранчимэг, Н.Учрал нар ажиллаж байгаа аж.

Тус ажлын хэсэг улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй тусгай сургалттай дунд сургууль, цэцэрлэгүүдэд ажиллан Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн хэрэгжилтийн явцтай танилцаж тайлан, үр дүнг 2016 оны 10 дугаар сарын 14-ний дотор Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанд танилцуулах юм