УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр
2016.09.12

Монголын төр хүрсэн төвшингөөсөө ухарч болохгүй

Цэргийн албан хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийг хэлэлцэх шаардлагагүй хууль санаачлагчид нь буцаах саналыг УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр гаргасан. 

Улстөрийн зорилгоор эвлэлдэн нэгдэх ямар нэгэн эрх байхгүй, дарга захирагч нарын тушаалыг эсэргүүцэх эрх байхгүй, аливаа нэгэн жагсаал цуглаанд оролцох эрх байхгүй, албаас халагдсныхаа дараа 3 жилийн дотор гадаад улсад оршин суух хориотой, эрх зүйн хувьд илүү цагаар ажилладаг, хөдөлмөрийн хууль үйлчилдэггүй, амралтын цаг гэж байхгүй, оршин суух газар нутгийг тушаалаар шийддэг.

Цэргийн албан хаагч алба хаах хугацаандаа 4-5 өөр өөр анги салбарт томилолтоор ажиллах шаардлага хүлээдэг тул тогтсон орон гэр, үл хөдлөх хөрөнгөтэй байх бололцоо байхгүй. 

Би өөрөө аавыгаа ахмад байхад төрсөн хүүхэд, яг энэ зовлон жаргалыг амсаж өссөн.

Монголын төр цэргийн албан хаагчдаа албаа хаагаад дууссаны дараа баярлалаа гэж хэлээд 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор олгодог.

Энэ бол тэтгэвэр, тэтгэмж биш нөхөн олговор гэдгийг сайн ойлгох хэрэгтэй.

Таны олон эрхийг хязгаарласны төлөө, дэлхийн халуун цэгт явж эх орныхоо өмнө үүрэг гүйцэтгэсний төлөө, шаардлагатай үед амь насаа өргөн гэж тангараг өргөснийх нь төлөө Монгол улсын төр хүндэтгэл үзүүлж нөхөн олговор өгдөг.

Энэ хуулийн үйлчлэл зэвсэгт хүчин, хилийн цэрэг, онцгой байдлын байгууллагын албан хаагчид хамрагдаж байна.