Б.Баттөмөр: Санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийг хэлэлцэж байгаа тул буцааж болохгүй
Улсын Их Хурлын 2020 намрын ээлжит өнөөдрийн \2020.10.02\ чуулганаар “Зарим хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл буцаах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.
Уг тогтоолын төсөлд Улсын Их Хуралд өргөн мэдүүлэгдсэн зарим хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийн хууль санаачлагч нь өөрчлөгдсөн, зарим төслийн талаар шинээр байгуулагдсан Засгийн газраас санал авах шаардлагатай байгаа тул хавсралтад дурдсан хууль, УИХ-ын бусад шидйвэрийн төслүүдийг хууль санаачлагчид нь буцаахаар тусгажээ. Мөн Байнгын хороодоос ирсэн саналыг үндэслэн уг тогтоолын хавсралтад 33 хуулийн төсөл, Улсын Их Хурлын таван тогтоолын төслийг хууль санаачлагчид нь буцаахаар тусгасан байна.
Хуулийн төсөлтэй холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.
УИХ-ын гишүүн Б.Баттөмөр:
"Буцаах жагсаалтын 23-т Санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн төсөл байна. Энэ төсөл байнгын хороо, чуулганаар хэлэлцээд ажлын хэсэг байгуулаад явж байгаа төсөл. Яагаад буцаах гэж байна вэ? Монгол Улсын санхүүгийн зах зээлийг 2025 онд хөгжүүлэх төлөвлөгөөнд санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль батална гэж заасан.
Монголбанк 2018 онд баталсан Монголбанкны тухай хуульд нэмэлт өөрчлөлтөөр санхүүгийн хэрэглэгчийн эрх ашгийг хангуулах тухай асуудал орсон. дэлхийн хэмжээнд 120 гаруй орон санхүүгийн хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах хууль үйлчилдэг. Энэ дагуу өргөн баригдсан. Ингэж хасч, буцаах нь зөв үү? хамгийн гол нь хэрэглэгч, санхүүгийн үйлчилгээ үзүүлэгч хоёрын хооронд тэгш байдлыг хангах эрх зүйн зохицуулалт юм. Тиймээс үүнийг жагсаалтаас хасч үлдээх ёстой."
Түүний асуултанд УИХ-ын гишүүн, ХЗБХ-ны дарга С.Бямбацогт хариуллаа.