А.Бакей:АН-ыг шинэчлэх лидер хэрэгтэй, бодсон хүн бий
УИХ-ын гишүүн асан А.Бакей
2016.08.16

А.Бакей:АН-ыг шинэчлэх лидер хэрэгтэй, бодсон хүн бий

УИХ-ын гишүүн асан А.Бакейг “Ярилцах цаг” булангийн энэ удаагийн зочноор урилаа

-Таны хувьд 2016 оны сонгуулиас хойш хэвлэлд ам нээгээгүй санагдана. Сонгуулийн үр дүнд ямар дүгнэлт хийж байгаа вэ гэдгээс яриагаа эхэлбэл ямар вэ?

-Сонгуулийн дараа анх удаа танай сонинд ярилцлага өгч байна. Энэ хугацаанд сонгуулийн үр дүнд өөрийн хэмжээнд дүн шинжилгээ хийсэн.

Яагаад санаанд оромгүй үр дүн гарав гэдгийг хэдэн талаас нь бодсон. МАН-ын хувьд ч, АН- ын хувьд ч сонгуулийн үр дүн төсөөлж байснаас өөр гарсан.

Ардын нам өөрсдийгөө ийм олон суудал авна гэж бодоогүй. Манайхан ч гэсэн ийм ялагдал хүлээнэ гэж бодож байгаагүй.

Тэгэхээр ялагдсан намын хувьд ч, ялсан намын хувьд ч том сургамж, сорилт болсон. Энэ нь цаашаа шинэчлэл зайлшгүй хийх хэрэгтэйг харуулж байна.

Эрх баригч МАН-ын хувьд том сорилт, давхар хариуцлага дагуулсан сонгууль боллоо гэж товчхондоо дүгнэж байгаа.

АН-ын ялагдлын шалтгааныг үндсэндээ биднээс хамаарахгүй буюу гадаад хүчин зүйлс, биднээс өөрсдөөс хамаарсан дотоод шалтгаантай холбоотой гэж хоёр хувааж үзсэн.

Гадаад шалтгаан нь өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд гадаад улс төр, эдийн засгийн таагүй орчны нөлөөлөл их байлаа.

Зөвхөн Монгол Улс төдийгүй БНХАУ, ОХУ зэрэг манай улсын эдийн засагт онцгой нөлөөтэй хөрш улсуудын эдийн засаг хүндрэлтэй байсан.

Үүний сөрөг нөлөөлөл нь манай эдийн засагт шууд туссан.

Улсын төсвийг бүрдүүлдэг уул уурхайн гол бүтээгдэхүүний үнэ уруудсаар хамгийн доод түвшиндээ хүрлээ.

Энэ нь ард түмний амьжиргааны түвшинд нөлөөлөөд зогсохгүй сонголтонд нь нөлөөлсөн гэж үзэж байна.

Мэдээж өнгөрсөн дөрвөн жилийн хувьд сөрөг хүчний хүчтэй эсэргүүцэл, бүх асуудал зөвхөн АН-аас болж байгаа гэсэн тархи угаалт нэлээд явагдсан.

Энэ бүхэн биднээс хамаарахгүй хүчин зүйл. Харин дотоод хүчин зүйл буюу манай намын дотоодод гарсан засч болох байсан алдаануудад гишүүд бид дүгнэлт хийж ярих ёстой.

Хамгийн гол алдаа нь нам дотроо эв нэгдэлгүй, тулга тойрсон өрсөлдөөн тэмцэл, намын бүх түвшинд арга барилын алдаа гарсан. Мөн эрх барьж байсан Засгийн газрын хувьд ч гэсэн алдаатай шийдвэрүүд гарч байсан.

Сайтар бодож, тунгааж байж гаргах ёстой шийдэрт хөнгөн хуумгай хандсан явдал бий. Үүнд ард түмэн дүнгээ тавьсан байх. Дээр нь сонгууль тулсан үед сонгуулийн системийг өөрчилсөн.

Үндсэн хуулийн цэцэд хориг тавьж, тэрэн дээр нь өөрчлөлт оруулахдаа жижиг мажоритар системийг сонгосон нь хэтэрхий савлагаа үүсгэсэн. Ард түмэн АН- д санал өгөөгүй биш өгсөн.

Бас ч гэж багагүй хувийн санал авсан шүү дээ. Харин сонгуулийн системээсээ хамаараад ард түмний өгсөн тэр санал гээгдсэн.

Дээр нь нийслэл, аймгийн сонгуулийг хамт явуулсан нь буруу байсан. Учир нь УИХ-ын сонгуульд явах ёстой туршлагатай менежерүүд хомсдсон.

Нэг хэсэг нь төрийн албанд орчихсон, нөгөө хэсэг нь өөрсдөө нэр дэвшээд явчихсан. Орон нутгийн сонгууль, УИХ- ын сонгууль зэрэг явж байгаа нөхцөлд яг тулаад ирэхэд орон нутгийн сонгуульд нэр дэвшиж байгаа хүмүүс өөрийгөө л боддог юм байна.

Адилхан нэг баг болж нэр дэвшиж байгаа хэдий ч тулаад ирсэн нөхцөлд хүн өөрийгөө л боддог юм байна лээ. Дээр нь өрсөлдөгч намуудын хууль бус үйл ажиллагаанд манай намын зүгээс тавих хяналт сул байсан зэрэг олон шалтгаан байгаа.

Удахгүй болох ҮЗХ- ны хурлаар энэ талаар ярилцах байх. АН-ын дэргэд сонгуулийн үр дүнд үнэлэлт дүгнэлт өгөх ажлын хэсэг байгуулахаар болсон.

Энэ ажлын хэсэг нэлээд ул суурьтай судалгаа, шинжилгээ хийж намын Их хуралд оруулж танилцуулна.

-Эрх барьж байсан АН-ыхан Монголын нийгэм, эдийн засгийг хүнд байдалд оруулсаны гэсэн байр суурийг Ардын нам сонгуулийн өмнө илэрхийлж байсан. Одоо ч хэлж байна ?

-Мэдээж улс орны өнөөгийн байдал, нийгмийн хандлага сонгуулийн дүнд ихээхэн нөлөөлсөн.

Гэхдээ Монголын нийгэм эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал зөвхөн АН-тай хамаатай асуудал биш. Энэ бол өмнө эрх барьж байсан, одоо эрх барьж байгаа намын аль алинд хамаатай.

Ардын нам өмнө нь сансарт байсан юм шиг, газарт бууж ирээд цоо шинэ зүйл олж харсан мэт “Пүү, пай” болж ярих нь утгагүй.

Яагаад гэвэл МАН-ынхан ч гэсэн өмнөх Засгийн газрын үед багагүй хугацаанд буюу долоон сар хамтарч засаг барилцсан.

Одоо ярьж буй алдаа, оноонд МАН, АН хоёрын аль алиных нь оруулсан хувь нэмэр бий. Өнөөдөр сүр бадруулж яриад байгаа асуудлууд нь шинэ зүйл биш.

Үндсэндээ өөрсдөө ч мэдэж байгаа, улстөрчид ч, ард түмэн ч мэдэж байгаа асуудал. Тиймээс гагцхүү одоо байгаа нөхцөл байдлаа шүүмжилж, харлуулж ярихаас илүү эдийн засгийн хүнд байдлаас яаж гарах, цаашид юу хийх вэ гэдэгт толгойгоо ажиллуулах хэрэгтэй.

Өнгөрснийг буцааж байранд нь тавьж болох биш, тиймээс хийх ажлаа ярих нь эрх баригчдын гол ажил байх.

Энэ дашрамд бас нэг зүйлийг хэлэхэд, өмнөх парламентын үед МАН-ын бүлгийнхэн сөрөг хүчин байхдаа маш сайн шүүмжилдэг байсан. Олон зүйлийг хийх хэрэгтэй гэж ярьдаг байсан.

Жишээ нь, зээлийн хүүг бууруулах бололцоо байхад хийхгүй байна гэдэг ч юм уу.

Тэгвэл өнөөдөр тэр сайхан зорилтуудаа ажил хэрэг болгоход хэн ч саад болохооргүй олонхио УИХ-д бүрдүүллээ. Иймд ярьж байсан зүйлүүдээ ажил хэрэг болгох нь зүйтэй.

Манай улсын эдийн засаг өөрөө жижиг бөгөөд маш эмзэг. Ийм улсад улстөрчдийн улс төрийн үүднээс хийж байгаа аливаа мэдэгдэл нь тэр даруйдаа жижиг зах зээлд дохио болж очдог. Эргээд сөрөг үр дагаврыг нөхцөлдүүлдэг онцлогтой. Үүнийг эрх баригч, улс төрчид маань онцгой анхаарах хэрэгтэй юм.

-Эдийн засгийн хүндрэлээс гарах гарцын тухайд Та бодож үзэв үү?

Би түрүүнд хэлсэн, байгаа нөхцөл байдлаа шүүмжилж, харлуулж ярихаас илүү эдийн засгийн хүнд байдлаас яаж гарах, цаашид юу хийх вэ гэдэгт толгойгоо ажиллуулах хэрэгтэй.

Өнгөрснийг буцааж байранд нь тавьж болох биш, тиймээс хийх ажлаа ярих нь эрх баригчдын гол ажил байх.

Энэ дашрамд бас нэг зүйлийг хэлэхэд, өмнөх парламентын үед МАН-ын бүлгийнхэн сөрөг хүчин байхдаа маш сайн шүүмжилдэг байсан. Олон зүйлийг хийх хэрэгт эй гэж ярьдаг байсан.

Жишээ нь, зээлийн хүүг бууруулах бололцоо байхад хийхгүй байна гэдэг ч юм уу. Тэгвэл өнөөдөр тэр сайхан зорилтуудаа ажил хэрэг болгоход хэн ч саад болохооргүй олонхио УИХ-д бүрдүүллээ.

Иймд ярьж байсан зүйлүүдээ ажил хэрэг болгох нь зүйтэй. Манай улсын эдийн засаг өөрөө жижиг бөгөөд маш эмзэг.

Ийм улсад улстөрчдийн улс төрийн үүднээс хийж байгаа аливаа мэдэгдэл нь тэр даруйдаа жижиг зах зээлд дохио болж очдог.

Эргээд сөрөг үр дагаврыг нөхцөлдүүлдэг онцлогтой. Үүнийг эрх баригч, улс төрчид маань онцгой анхаарах хэрэгтэй юм.

-Тухайлбал?

-Үүнд хоёр арга зам байна. Нэгдүгээрт. бусдад найдахгүйгээр өөрсдийнхөө дотоод боломжийг ашиглах юм.Бас ч гэж манайх тартагтаа тулчихаагүй байна.

Зээлийн хүүг бууруулах, баялаг бүтээгчдээ дэмжих, үйлдвэржүүлэх, ажлын байр бий болгох, дотоодын үйлдвэрлэл болон экспортыг дэмжих, үүний зэрэгцээ бүсээ чангалах зарчмыг хэрэгжүүлэх юм. 2016 оны төсөв бол сонгуулийн жилийнх байсан.

Гэхдээ өмнөх УИХ-ын сонгуулийн жилийн төсөвт сонгогчдод таалагдах гэж бараг эх үүсвэргүй шахам, биелэгдэх боломж нь учир дутагдалтай зүйлүүдийг оруулсан.

Мөн урсгал зардлыг  тэлж, төсөв баталдаг байсан. Тэгвэл 2016 оны төсөв бүсээ чангалсан зарчмаар хандсан боломжийн төсөв болсон.

Гэсэн ч одоо төсөвт тодотгол хийх гэж байна. Үр ашиггүй зардлыг танах, Засгийн газрын бүтэц, зохион байгуулалтын хувьд ч цомхон чадварлаг, хэмнэлттэй байдлаар хийх хэрэгтэй.

Хоёрдугаарт, гадаадын дэмжлэгт тулгуурлаж хүндрэлээс гарах арга зам байж болох юм.

Жишээлбэл Стэнд бай хөтөлбөрийг авч хэрэгжүүлэх тухай ярьж эхлэж байх шиг байна. Энэ арга зам байж болох ч үр дагавар ямар байхыг сайн харах хэрэгтэй.

Стэндбай хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд санхүүжүүлэгчийн зүгээс маш хатуу нөхцөл тавина.

Өр төлбөр, зээл авч болно. Хамгийн гол нь юунд зарцуулах нь чухал. Эргэж төлөгдөх ажил явуулахгүй бол элсэнд хийсэн ус шиг ямар ч үр дүнгүй болно.

Дээр нь нэмж хэлэхэд, төрийн бодлого залгамж чанартай байх ёстой. Монгол Улсын төр гэдэг нэг л төр байгаа шүү дээ. АН-ын төр эсвэл МАН-ын төр гэж байхгүй. Өмнөх засгийн үед алдаа, оноо байсныг үгүйсгэхгүй.

Харин өмнөх Засгийн газрынхаа сайн зүйлүүдийг орхихгүйгээр залгамжлан авч гүйцэлдүүлэх ёстой.

Үр шимийг нь ард түмэн хүртэх учраас хаяж болохгүй. “Сайн оюутан”, “Сайн малчин” гэхчлэн ард түмэнд тустай хөтөлбөрүүд бий.

Намар оюутнууд орж ирэхэд ялангуяа хөдөөгийнхний амьжиргаанд хамгийн их сөрөг нөлөө үзүүлж байгаа нь сургалтын төлбөрийн асуудал байгаа.

Эцэг эх нь олсон хэдээ хамж шимээд хүүхдэдээ өгдөг. Тэд нь сурсан болоод төгсдөг, эргээд ажил олддоггүй. Тиймээс “Сайн оюутан” бол хэрэгтэй хөтөлбөр.

Эцэг эхэд нь хариуцлага хүлээлгэх биш оюутан өөрөө хариуцлага хүлээж сургалтын төлбөрийн зээл аваг. Тэр нь бага хүүтэй байх юм. Нэгэнт өөрөө хариуцлага хүлээж зээл авсан юм чинь сайн суралцана.

Төгсөөд ажлын байраа бий болгох нөхцлийг ухамсарлаж суралцах учраас хандлага нь зөв байсан.

“Сайн малчин” хөтөлбөр ч ялгаагүй. Өнөөдөр банкинд өр зээл тавиагүй малчин байхгүй. Бэлэн мөнгө хомс байна.

Энэ нөхцөлд хөнгөлттэй зээл авч, үйлдвэрлэл болоод амьжиргаагаа дэмжсэн зарцуулалт хийхэд ашигтай. Үүнийг төсөвтэй холбохгүйгээр аваад явах бүрэн боломж бий.

-АН дотооддоо хэд хэдэн удаа хуралдлаа. Бас шинэчлэлийн асуудал ярьж, намаа шинэчлэх хөдөлгөөн өрнүүлж эхэлсэн. Нууц биш бол хурлаараа ямар асуудлыг ярьж байгаа вэ?

-Манай намын ҮЗХ саяхан хуралдаж нийтдээ  6-7 асуудал хэлэлцсэн. Түүнээс зөвхөн эхний асуудлаа шийдсэн.

Тэр нь АН-ын Их хурлыг хуралдуулах тов, хэлэлцэх асуудлыг баталсан. Намын Их хурал ирэх арванхоёрдугаар сарын 6-ны өдөр хуралдана.

Хэлэлцэх асуудлын хувьд АН-ын улс төрийн илтгэл, улс төрийн сонгуулийн үр дүн, түүнд хийсэн үнэлэлт дүгнэлтийг сонсох, намын даргыг баталгаажуулах, намын үндсэн дүрмийн шинэчилсэн найруулгыг батлах, мөн намынхаа үзэл баримтлалыг шинэчлэх гэх мэт асуудлуудыг хэлэлцэж шийдвэрлэхээр тогтсон байгаа.

Энэ сарын 25- нд манай намын ҮЗХ хуралдахаар товлосон.

Ямар ч байсан Ардчилсан нам бүх түвшинд ялагдлаа гэж сэтгэл санаагаар унаад зүгээр суух цаг биш сонгогчдын эрх ашгийн үүднээс сөрөг хүчний байр сууриас, сонгогчдын багагүй хувийн саналыг авсан улс төрийн том хүчний хувьд эрх баригчдын алдааг цаг ямагт засаж сайжруулах, улс орныхоо хөгжилд урд нь оруулж байсан хувь нэмрээ улам нэмэгдүүлэхийн төлөө АН зайлшгүй шинэчлэл хийх цаг үе тулчихаад байна.

Энэ шинэчлэлийг АН хамгийн гол нь өөрөөсөө эхлэх хэрэгтэй. Дотоод ардчилал ус агаар шиг хэрэгтэй байна.

Шинэчлэлийн бодлого зарчмаа тодорхойлох нь нэн чухал. Үүнийгээ намын дүрмэндээ тусгаж, хэрэгжүүлэх багаа шинээр бүрдүүлэх хэрэгтэй.

-Шинэ хүмүүс гаргаж ирэх хэрэгтэй гэсэн үг үү?

-1990-ээд онд бүхэл бүтэн нийгмийг шинэчлэх том зорилтыг хэрэгжүүлж байсан АН- ын лидерүүдийн дуу хоолойг одоо дууссан гэж хэлж болохгүй.

Гэхдээ нэг буруу ойлголт байдаг. Тухайлбал, 1990-ээд оны лидерүүд л бүгдийг хийх ёстой юм шиг, аль эсвэл бүх юмыг зөвхөн залуучууд аваад явах ёстой гэж ханддагийн аль аль нь буруу.

Энэ шинэчлэлийг ард түмнээрээ хийх ёстой.

АН-ын дэмжигчид, гишүүд хийх ёстой. Бүгд шинэчлэлд хувь нэмрээ оруулах ёстой.

Хүн болгоны, гишүүн бүрийн дуу хоолой, ухаан үүнд хэрэгтэй. Юуны түрлүүнд АН фракцад хуваагдаж, явцуу эрх ашигт дулдуйддаг байдлаасаа салах цаг болсон.

Фракцууд өнгөрсөн дөрвөн жил эрх барьсан хугацаанд зөвхөн албан тушаал хуваарилах, бялуу хуваах үед идэвжиж гарч ирээд, бусад үед ичээндээ орсон тарвага шиг алга болдог. Бодлого, зарчим ярьдаггүй, ийм л байсан. Одоо болих хэрэгтэй. Фракцийг толгойлж байгаа хүмүүс санаачилга гаргаж тэрийгээ тараах хэрэгтэй.

-З.Энхболд намын дарга байхдаа “Фракцгүй нам боллоо” гэж зарласан байх аа?

-Мэдэгдэл хийж байсан ч тэр нь ажил хэрэг болоогүй. Одоо шинэчлэлийг тэндээс эхлэх хэрэгтэй.

Нарийн хэлэх юм бол, өнгөрсөн дөрвөн жил фракцууд өөр хоорондоо л үзэлцсэнээс сөрөг хүчинтэй, өрсөлдөгч намтай үзээгүй. Энэ нам ялагдсаны хамгийн гол шалтгаан энд байгаа юм. Тиймээс ярих цаг нь болсон.

Дээр нь намын үзэл баримтлалаа эргэж нягтлах учиртай. Түүнийг нэг удаа хийгээд дуусчихдаг зүйл биш.

1990 онд хийсэн шинэчлэл ч замын дунд бүдгэрсэн зүйл зөндөө бий. Хүний эрхийг хамгаалахын төлөө тэмцэх хэрэгтэй байна.

Шударга ёсыг нийгэмд хэвшүүлэхийн төлөө дуу хоолойгоо гаргах ёстой. Нийгмийн баялгийг зөв шударга хуваарилах тал дээр байр сууриа илэрхийлэх учиртай.

Энэ бүхэн бүдгэрчээ. Яагаад гэвэл, АН эрх барих үедээ бүдгэрүүлж, заримыг нь бараг хаячихсан гэж болно.

Үүнийгээ сэргээж, сайжруулахад дотоод ардчилал хэрэгтэй байна. Үүний тулд үзэл баримтлал, бодлогоо шинэчилж, дүрмээ өөрчлөх ёстой.

Дээр нь ахмад, дунд, залуу үеийн залгамжийг хангасан шинэ удирдлагын бүтцийг намын нийт гишүүдийн дунд эрүүл ухаанаар хэлэлцүүлэг явуулж сонгох нь чухал байна.

-Намын даргад 5-6 хүний нэр хэвлэлээр гарч байгаа. Нууц биш бол хэн нь намын дарга болох бол?

-Хэвлэлээр 5-6 хүний нэр явж байна лээ. Тэр болоосой энэ болоосой гэдгийг одоо хэлэхэд эрт байна. Бодож байгаа хүн бий.

Хамгийн гол нь миний ярьж байгаа зарчим хэрэгтэй байна. Миний бодож байгаагаар АН-ын шинэчлэлийг хийх лидерийг тавих шаардлагатай.

-Тэгвэл ямар зарчим, шаардлагыг тавьж байгаа юм бэ?

- АН-ын шинэчлэлийг авч явах чадвартай, лидер хүнийг намын дарга хүн юуны өмнө нэр цэвэр, улс төрийн туршлага, нийгэм олон түмэнд үзүүлэх нөлөөлөл, манлайлах чадвартай, хувийн зан чанарын үзүүлэлтүүд маш чухал.

Өөрөөр хэлбэл, хувийн тоглолт хийх бус шуудайд хийсэн үхрийн эвэр шиг тал тал тийш харсан хүмүүсийг эвдэгч биш эвлэрүүлэгч байх, нэг бодлого, нэг зүгт, нэг зорилгын төлөө манлайлж авч явах тийм л хүнийг АН дарга болгох хэрэгтэй.