Эрх баригчид хууль зөрчиж байна
АН-ын бүлэг мэдээлэл хийлээ. Хэвлэлийн хуралд АН-ын бүлгийн дарга С.Эрдэнэ, бүлгийн дэд дарга Ж.Батзандан, АН-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Эрдэнэбат нар оролцсон юм.
АН-ын бүлгийн дарга С.Эрдэнэ:
-УИХ-ын байнгын хороод бүрэлдэхүүнээ баталсан боловч дарга нар нь томилогдоогүй байгаа. Байнгын хороод хуралдаанаа хийж, даргаа сонгож, чуулганаар баталдаг. Дэгийн тухай хуулиар байнгын хорооны дарга нь хуралдааныг даргалдаг. Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааныг Н.Энхболд гишүүн даргаллаа. Хэн даргал гэсэн нь ойлгомжгүй. Нөхцөл байдлын талаар Ж.Батзандан гишүүн байнгын хорооны хуралдаан дээр асуусан.
Мөн Засгийн газрын бүтцийн асуудлаар хуулийн хугацаа шаардагдахгүй. Тиймээс Ерөнхийлөгчийн байр суурь болон бусад асуудлаар хэлэлцэх шаардлагатай байгаа гэсэн ч хууль зөрчсөн байдлаар хугацаатай завсарлага өгсөн. Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаараа эрх баригчид олонхиороо түрж хэлэлцлээ. Хууль дээдлэх зарчмаар ажиллах Үндсэн хуулийн заалт байдаг. Бид Засгийн газрыг бүрдүүлэхэд саад тээг тавиагүй. Гэхдээ эрх баригчид хууль зөрчиж байна. Засгийн газрын бүтцэд зарим яам, агентлагийг татан буулгаж, үндсэн чиг үүргийн яамыг нэмж байна. Энэ нь “давхар дээл”-тэй гишүүдийн тоог нэмж байна. Мөн төрийн албыг цалгардуулах, мэргэшсэн албан хаагчдыг халж, сэлгэх, төрийн албаны тогтворгүй байдлыг бий болгож байгаа учир Засгийн газрын бүтцийг дэмжихгүй байна.
УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат:
-Болгоомжлох зүйлүүд байгааг сануулмаар байна. Бид эдийн засгийн хүндрэлтэй үед улс орноо яаж авч явах уу гэдгээ өнгөрсөн жилүүдэд тодорхойлсон. Өнөөдөр орж ирж байгаа Засгийн газрын бүтцийг харахад өмнө нь гарсан ололт амжилтийг байхгүй болгож байгаа эмгэнэлтэй зүйл болоод байна. Бид парламентад суудалтай намуудтай хамтарч “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030” гэдэг зүйлийг баталсан. Энэ дээр бидний хамгийн гол зорилго бол олон тулгуртай эдийн засаг байна гэж тодорхойсон.
Гэтэл одоо оруулж ирж байгаа бүтэц нь 2008 оны Үндэсний цогц бодлогод тулгуурласан байдлаар оруулж ирж байна. Өөрөөр хэлбэл, 2008 онд баримталж байсан бодлогоо хэрэгжүүлэхээр оруулж ирснийг бид шүүмжилж байна. 2008-2012 оны Засгийн газрын бүтэц ямар байсан та бүхэн хараарай яг одоогийн оруулж ирсэн байгаа шиг бүтэцтэй байгаа.
УИХ-ын гишүүн Ж.Батзандан:
- МАН-ын мэргэжлийн засгийн газар байгуулна гэдэг амлалт өгч УИХ-д олонхийн суудал авсан. Одоо мэргэшээгүй Засгийн газар байгуулах чиглэл рүүгээ явж эхэллээ. Түүнчлэн “давхар дээл”-ний асуудлыг эсэргүүцэж байсан. Одоо яг эсрэгээрээ болж ирлээ. Бүх яамдыг дэд сайдтай болгож, үндсэн чиглэлийн амны тоог хоёроор нэмэгдүүлэхээр болж байна. Үнэхээр харамсалтай байна. МАН яг хуучин тогтолцоо руугаа явж байгаа.
Олон яамд, агентлагуудыг нэрийг өөрчлөх замаар 100 гаруй мянган төрийн албан хаагчийг ажилгүй болгох гэж байна. 100 мянган төрийн албан хаагчийн амьдрал эрсдэлд орж байна. Монгол төрийг битгий самар. Амлалтаа биелүүл гэж бид МАН-аас шаардаж байна.