Онцгой байдлын албан хаагчид
2016.08.02

Онцгой байдлын 28 албан хаагч энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэнэ

Онцгой байдлын албан хаагчид маань даян дэлхийн энх тайвны төлөө дэлхийн орнуудын дайчин эрстэй хамтран энхийг сахиулах үүргээ нэр төртэй биелүүлсээр байгаа билээ.

Бүгд Найрамдах Өмнөд Судан улсад явагдаж буй НҮБ-ын мандаттай Энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэх VI ээлжийн бие бүрэлдэхүүнд Онцгой байдлын 28 албан хаагч үүрэг гүйцэтгэхээр болсон.

Эдгээр албан хаагчдийг үдэн гаргах ёслолын ажиллагаа өнөөдөр боллоо. Ёслолын ажиллагааны үеэр Онцгой байдлын ерөнхий газрын дарга, Бригадын генерал Т.Бадрал үүрэг гүйцэтгэхээр явж байгаа бие бүрэлдэхүүнд амжилт хүсэн “Тэр халуун цэгт үүрэг гүйцэтгэнэ гэдэг хэр баргийн аавын хүүгийн чадах ажил биш.

Онцгой байдлын албан хаагчид хуулиараа зэвсэг барьдаггүй, авран хамгаалах чиг үүрэгтэй. Одоо та бүхэн зэвсэг барьж, тухайн орны ард иргэдийн аюулгүй байдлыг хангах, хамгаалах ёстой. Нэг жилийн хугацаанд та бүхэн ар гэрээсээ хол, үр хүүхдээсээ хол, хүнд газар очиж ажиллана. Хүнээс бүх зүйлийн чадавхи шаардана. Бие бялдрын, сэтгэл санааны өндөр бэлтгэлтэй байх ёстой. Олон аавын хүүтэй мөр зэрэгцэн явахдаа бүгдтэй нь найз нөхөд байж, хүнд үед нь тусалж дэмжиж яваарай.

Та бүхнийг үүргээ сайн гүйцэтгээд хурдан ирээрэй гэж бид бүхэн, эх орон чинь хүлээж байгаа. Та бүхнээр Онцгой байдлын албаныхан бахархаж байгаа. Ар гэрийнхээ асуудлыг ардаа санаа зовох зүйлгүйгээр сайхан зохицуулаад, шийдээд яваарай. Бие бялдартаа сайн анхаарал хандуулаарай. Эрүүл байгаарай. Зовсон зүдэрсэн нэгэндээ тусалж яваарай. Албаа нэр төртэй гүйцэтгээд ирээрэй” хэмээн захиж хэллээ.