Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийг хэлэлцэх цаг үе  нь өнөөдөр биш
2016.04.21

Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийг хэлэлцэх цаг үе нь өнөөдөр биш

УИХ-ын чуулганы эхэнд Үндэсний аюулгүй байдлын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг  дэмжсэнгүй. Тиймээс санал хураалтын дүнг баталгаажуулж, хуулийн төслийг буцаалаа.

Энэ үеэр УИХ-ын гишүүд байр сууриа илэрхийллээ. 

УИХ-ын гишүүн Я.Содбаатар:

-Институтийг байгууллагын шинжтэй болгоод, аймаг орон нутагт салбар зөвлөл байгуулах юм байна. Хэрэв ҮАБ-ын зөвлөлөөс гарсан шийдвэрийг хэрэгжүүлээгүй бол ямар арга хэмжээ авах вэ? Уг хууль дээр зөвлөлөөс гаргасан зөвлөмжийг заавал мөрдөх шаардлагатай гэж оруулсан байна?

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр:

-Би энэ хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг дэмжиж байна. Байнгын хороон дээр олон талаас нь ярилцсан. Эдийн засаг, хүрээлэн буй орчин гэх мэт аюулгүй байдлын олон асуудал тулгарч байна. Үүнийг даван туулах боломж нь ҮАБ-ын зөвлөл юм. Тиймээс энэ хуулийг боловсронгуй болгоод үлдээх хэрэгтэй. Өнөөгийн сул дорой парламентаар бид хол явахгүй. Тиймээс ҮАБ-ын зөвлөлийг бэхжүүлэх нь зөв.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

-ҮХ-д Монгол Улс парламентын засаглалтай байна гээд заачихсан байдаг. Гэтэл хуулиар дамжуулж хэн нэгэн эрх мэдлээ бэхжүүлж авах гээд байгаа санаа юм биш үү? ҮАБ-аас гаргаж байгаа зөвлөмж бол заавал биелүүлэх албатай юм биш. Үйл ажиллагаанд анхаарах зөвлөмж гаргасан гэсэн үг. Эрх мэдэл нэг талд төвлөрчихвөл дарангуйлал бий болно. Тиймээс би хууль хүчний байгууллагуудын хараат бус байдлыг хангасан хууль хэрэгтэй болохоос нэг зөвлөлийн эрх мэдлийг бэхжүүлэх хууль хэрэггүй.  

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва

Дэлхийн нөхцөл байдал, Монгол улсын нөхцөл байдал ямар байгааг эргэн нэг харах хэрэгтэй. Одоо Ардчилсан бус орнууд хүчирхэгжиж байгаа үе. Энэ үед Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийг хэлэлцэж байна. Үндэсний аюулгүй байдлын тухай хуулиа цогцоор нь авч үзэх цаг болсон. Үндэсний аюулгүй байдлын асуудлаа дэлхий нийтийн түвшинд нийцүүлэх хэрэгтэй.

УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ:

 

-ҮАБЗ-ийн хуулийг хэлэлцэх нь зүйтэй. Гэхдээ өнөөдөр хэлэлцэх цаг үе нь биш. Төрийн тусгай чиг үүрэг хэрэгжүүлэгч байгууллагуудын эрх үүргүүд рүү халдсан төсөл байна. Энэ нь өөрөө аюул дагуулна. Бид өнөөдөр дараагийн УИХ, Засгийн газар сийрэг ухаантай хүмүүс нь орж, эв нэгдлийг илэрхийлэгч нь сонгогдсоны дараа цогцоор нь шийдэх ёстой. Төр өөрөө тогтворгүй байгаа, өөрөө асуудалд хутгалдан эв нэгдлийг сарниулаад байгаа. 8 жилийн бүрэн эрхийн хугацаанд энэ зөвлөхүүд юу хийж байсан юм бэ. МАНАН-г удирдаж байгаа, шоу, популизм хийж байгаа Ерөнхийлөгчөөр ҮАБЗ-өө удирдуулмааргүй байна. Өнөөдөр хэн нь хэнтэй эвсэхгүй байхыг энэ хүн зааж байна. Тийм учраас дэмжихгүй. 

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин:

-Энэ хуулийн төслийг хэлэлцэх ёстой. Яагаад гэхээр одоо үйлчилж байгаа хуулийн төслөөс ялгагдах  юм байхгүй. Хуулийн төсөлд шинээр оруулж ирсэн 3-4 заалт байна.    

Бид хэлэлцэх явцдаа ҮАБ-ын зөвлөл чинь зөвлөх механизм юм уу гэдгийг ярилцах ёстой. Одоо бол эрх мэдэл хуваарилах системээ эвдээд явж байгаа. Хууль хүчний, батлан хамгаалах салбарт хоёр цонхоор тушаал очдог болчхоод байна. Тиймээс би дэмжиж байна.