Улсын Их Хурлын гишүүн Л.Эрдэнэчимэг, Ц.Оюунгэрэл нар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ
Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Л.Эрдэнэчимэг, Улсын Их Хурлын гишүүн Ц.Оюунгэрэл нар өнөөдөр /2016.04.15/ “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөл батлагдсантай холбоотойгоор сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Энэхүү тогтоолыг Улсын Их Хурлын гишүүн Л.Эрдэнэчимэг, Ц.Оюунгэрэл, С.Оюун, М.Батчимэг, Д.Сарангэрэл, С.Одонтуяа, Г.Уянга, Д.Бат-Эрдэнэ, С.Дэмбэрэл нарын 9 гишүүн санаачлан боловсруулж, 2016 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн бөгөөд 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн Улсын Их Хурлын нэгдсэн чуулганаар анхны хэлэлцүүлгээр нь баталсан юм.
Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Л.Эрдэнэчимэг хэлэхдээ, “Улсын Их Хурлын нэр бүхий 9 гишүүний өргөн мэдүүлсэн Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай тогтоолыг анхын хэлэлцүүлгээр нь батлууллаа. “Ирвэс хамгаалах сан” болон Өмнөговь аймгийн Гурвантэс сумын иргэдээс ирүүлсэн хүсэлтийн дагуу энэ тогтоолын төслийг боловсруулсан.
Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг дахь Тост-Тосонбумбын нуруу нь экологийн эмзэг, өвөрмөц орчин болсон газар учраас нутгаа хамгаалах асуудалд нутгийн засаг захиргаа, иргэд онцгой анхаарал тавьж Өмнөговь аймгийн Гурвантэс сумын ИТХТ-ийн 2010 оны хурлаар “Орон нутгийн хамгаалалттай газар” болгосон байсан. Гурвантэс суманд өнөөгийн байдлаар эрчимтэй хөгжиж газар нутгийн 70 гаруй хувийг эзэлсэн бөгөөд үлдсэн 30 хувьд нь цоохор ирвэс, аргал янгир, буга, хар сүүлт зэрэг манай улсад төдийгүй дэлхийд ховордсон ан амьтан төвлөрөн амьдарч байна. Зөвхөн ан амьтан ч төдийгүй Тост-Тосонбумбын нуруу орчмоор сумын иргэдийн амьдрах орчин, булаг шанд, малын бэлчээр зэрэг маш олон зүйлд сөрөг нөлөө үзүүлж байгаа учраас зайлшгүй тусгай хамгаалалтад авах шаардлага үүссэн.
Нутгийн засаг захиргаа, иргэд долоон жилийн турш тусгай хамгаалалтад авахуулах гэж хөөцөлдөөд бүтэхгүй байсан. Тост-Тосонбумбын нуруу орчим нутагт байгаль хамгаалах үйл ажиллагааг оновчтой зохион байгуулж үр дүнтэй хэрэгжүүлснээр байгалийн унаган тогтолцоо, шим ертөнцийн бүрэн бүтэн байдлыг хадгалахад чухал үр нөлөө үзүүлнэ. Улсын Их Хурлын зүгээс байгалийн нөөц газраар авсан нь улсын тусгай хамгаалалтад авах ажлын 50 хувийг хийсэн гэсэн үг. Үлдсэн 50 хувийг Засгийн газар хийх ёстой. Тост, Тосонбумбын нурууг улсын тусгай хамгаалалтад авахад хилийн заагийг Улсын Их Хурал тогтоохгүй Засгийн газар тогтооно. Засгийн газар 60 хоногийн дотор координатын асуудлыг баталгаажуулах ёстой. Бодит байдалд судалгааны ажлыг олон улсын байгууллага буюу шинжлэх ухааны байгууллагаар хийлгэдэг. Эдгээр байгууллагууд орон нутагтай хамтарч ажиллан орон нутгаас гаргасан санал санаачлагыг үндэслэн судалгаа гаргаж өгөх ёстой” гэлээ.
Улсын Их Хурлын гишүүн Ц.Оюунгэрэл, “Бидний зүгээс нийт 896 мянган га талбайг улсын тусгай хамгаалалтад авахыг Засгийн газарт үүрэг болгосон. Засгийн газар хилийн заагийг тогтоохдоо лицензтэй газруудыг үлдээчихвий гэж санаа зовж байгаа. Гэхдээ Засгийн газраас хилийн заагийг тогтоохдоо ажлын хэсэг гаргах ёстой. Тэр ажлын хэсэгт өмнө нь лиценз олгоход байгаль орчны нөлөөллийн үнэлгээг гаргаж байсан хүмүүсийг оруулахгүй байх нь зүйтэй. Өчигдөр Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дараагаар олон улсын судлаач, экспертүүд хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлсэн.
Тиймээс энэ чиглэлээр дотоод, гадаадын мэргэжилтнүүдийг дэмжин ажиллах болно. Одоогийн байдлаар Тост-Тосонбумбын нуруу орчимд 16 орчим лиценз байна. Үүнээс ихэнхийг нь хугацаа дуусч байгаа учраас нөхөн олговор олгохгүй. Тусгай зөвшөөрөл авч байгаа аж ахуйн нэгжүүд анхнаасаа байгаль орчны нөлөөллийн үнэлгээгээ үнэн зөв хийлгэх нь чухал байна. Үүнийг буруу хийж, үл тоосноос болоод эргээд олон сөрөг үр дагаврыг үүсгэж байна. Цаашид бид Гурвантэс сумын Хүрэн ханан хэцийн нуруу гэж байгалийн өвөрмөц сайхан тогтоцтой газрыг тусгай хамгаалалтад авахуулах талаар ажиллах болно” гэв.
Мөн гишүүд энэхүү тогтоол батлагдсан нь Ирвэс судлаач Т.Лхагвасүмбэрэл агсны гэгээн дурсгалд зориулсан, түүний зорьсон үйл хэргийг үргэлжлүүлсэн ажил болсныг онцлоод сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өглөө хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.